Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Цахим орчинд монгол хэлээрээ алдаагүй, зөв бичиж хэвшихийг уриалж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнөөдөр Олон улсын Эх хэлний өдөр тохиож байна. 1999 онд ЮНЕСКО жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн зарласнаас хойш өдгөө дэлхийн олон улс оронд энэхүү өнгөрүүлдэг болсон.

"Олон улсын эх хэлний өдөр"-ийг улс орнуудын соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлүүдийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. 1952 онд Бангладеш улсын иргэд өөрсдийн эх хэл болох Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлж байсан бөгөөд Бангладеш улсад 2 сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэгээс Олон Улсын эх хэлний өдөр үүссэн түүхтэй. 

Тэгвэл энэ өдрийг Монголын сайтын холбооны зүгээс Цахим орчинд Монгол хэлээрээ алдаагүй, зөв бичиж хэвшихийг уриалж байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Тод индэр

У.Хүрэлсүх: Их эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт  “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.

Шагнал гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт зочид оо.

Та бүхэнд дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, аугаа их цэргийн жанжин, хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Их эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, монгол үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.

Чингис хаан олон монгол овог аймгийг нэгтгэн Их Монгол Улсаа байгуулж, эртний түүхт Монгол төрийн алтан аргамжийг бататган бэхжүүлж, монголчууд бидний түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэж, үеийн үед мөнхжин дуурьсагдах аугаа их алдар гавьяаг байгуулсан билээ.  Чингис хааны түүх бол дан ганц монголчуудын түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.

Эзэн хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г тогтоон, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан.

Их хааны суу билиг, үйл хэрэг дэлхий ертөнцийн хөгжилд онцгой ихээр нөлөөлж, зуун зууныг өртөөлөн хүн төрөлхтний түүхэнд дуурьсагдаж, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ.

Эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн эзэн хаан мөн.

Их эзэн Чингис хаан бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг уламжлан, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо  сэтгэлийг хурааж, итгэлийг тэтгэн, өнгөрснөө санаж, одоогоо мэдэж, ирээдүйгээ таньдаг, ертөнцийн түүхийг бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа хүмүүн билээ.

Тиймээс монголчууд бид Их хааныхаа билиг сургаалыг танин мэдэж, даган мөрдөж, түүний өвлүүлэн үлдээсэн эх түүх, их өвийг сурвалжлан судалж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлж, түүний байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг өнө мөнхөд бадрааж явах журамт үүрэгтэй.

Энэхүү журамт үүргийг биелүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, гадаад орны иргэн, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай.

Энэ жил Эзэн Чингис хаан болон түүний үйл хэрэг, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, дэлхийн олон ард түмэнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулсан Америкийн эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд болон Их хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн эх орныхоо газар нутаг, хөрс шороо, цаг уур, байгаль орчны судлалд жинтэй хувь нэмэр оруулсан академич, Шинжлэх ухааны доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт  Жак Уэтерфорд, Дэчингунгаагийн Доржготов нарт ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Эрхэм нөхөд өө,

Профессор Жак Уэтерфорд бол Америкийн улс төрийн түүх, Монголын түүх, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар томоохон судалгааны ажлууд хийж, олон арван ном бүтээл туурвин,  олон улсад өндрөөр үнэлэгдсэн нэрт эрдэмтэн судлаач юм.

Тэрбээр 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд түүний энэ бүтээл “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 20 гаруй орны хэлээр орчуулагдан хэвлэгдэж дэлхий нийтийн хүртээл болсон юм.

Эрдэмтэн Жак Уэтерфорд нь энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд байдаг зарим нэг ташаа ойлголтыг шинжлэх ухаанчаар тайлбарлан залруулж, Чингис хаан, түүнийг залгамжлагчид эв эеийг эрхэмлэн, хууль цаазын дор амар амгаланг цогцлоож, шашин шүтлэг, тэгш байдлыг тэтгэсэн ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж, худалдаа арилжаа, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарыг хөгжүүлж, элч солилцох ёс, дипломат албаны ойлголтыг анх бий болгон, өнөөгийн дэлхий ертөнцийн үнэт зүйл, үзэл санаа, даяаршлын үндэс суурийг тавьсан Их эзэн хаан гэдгийг дэлхий дахинаа дахин таниулсан юм.

Тэгвэл түүний 2010 онд хэвлүүлсэн “Монголын их хатдын нууц товчоо” хэмээх бүтээл нь монгол хатад эмэгтэйчүүд зуун зууны турш үг хэл, үзэл санаа, үйл хэргээрээ хүн төрөлхтний түүхийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дэлхий нийтэд таниулсан бол 2016 онд хэвлүүлсэн “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” хэмээх бүтээл нь Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг хүн төрөлхтний түүхэнд анхлан таниулж, түүний энэ дэвшилтэт, ардчилсан үзэл санаанаас дэлхийн нэр хүндтэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайл авч ирсэн тухай өгүүлсэн байдаг.

Мөн тэр бээр 1998 оноос хойш манай улсад олон удаа ирж нийт 40 орчим хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг түүхэн газруудаар явж, Монголын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж Чингис хаан судлал болон монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.

Түүнчлэн 2010 онд монголын залуу судлаачдыг дэмжих, түүхийн ташаа ойлголтуудыг засах, монголын түүхийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Жак Уэтерфорд сан” байгуулсан бөгөөд “Жак Уэтерфордын нэрэмжит шагнал” олгож монгол судлалыг дэмжих чиглэлээр олон чухал ажил хийсэн байна.

Эрхэм таны Чингис хаан, түүний залгамжлагчид болон монгол хатдын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг шинжлэх ухаанчаар сурвалжлан судалж, үнэлэн дүгнэсэн бүтээлүүд нь монголчуудын талаарх үнэн бодит ойлголтыг өнөөгийн ертөнцөд дахин таниулж, Чингис хаан болон монгол үндэстний олон улс дахь үнэлэмжийг нэмэгдүүлж, түүх соёлыг сурталчилж, Чингис хаан судлал болон Монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаад гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Жак Уэтерфорд Та бол Монгол Улсын төрийн дээд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа гадаад улсын анхны иргэн болж, Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдлээ.

Таны цаашдын эрдэм номын их үйлсэд өндөр амжилт хүсэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм нөхөд өө,

Манай улсын нэрт эрдэмтэн, академич Дэчингунгаагийн Доржготов бол Их эзэн хааны өвлүүлэн үлдээсэн эх орныхоо газар нутаг, хөрс шороо, цаг уур, байгаль орчны судлалын тэргүүлэх эрдэмтэн бөгөөд Монгол орны хөрсний гарал үүсэл, газар зүй, ангилал, шинж чанар, үржил шим, чанарын үнэлгээний талаарх онолын суурь судалгааг хөгжүүлж, хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан юм.

Тэрбээр хөрсний суурь судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал үүрэгтэй хөрсний зураглалаар дагнан ажиллаж, 1975 онд Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, мөн анх удаа сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, монголын газрын хөрсний хэв шинж, орон зайн бүтэц, тархалтыг дүрслэн харуулсан.

Түүний судалгаа манай орны бүх төрлийн хөрсний нөөцийг тооцон гаргах боломжийг бүрдүүлснээрээ зураг зүйн үнэ цэнтэй ховор бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг билээ.

Түүнчлэн академич Д.Доржготов 1984 оноос хойш Монгол Улсын анхны “Үндэсний атлас” зохиох эрдэмтэн судлаачдын багт оролцож, удирдан зохион байгуулж, 1990 онд орос, монгол хэлээр 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схемийг багтаасан “БНМАУ-ын Үндэсний атлас” хэмээх анхны үндэсний атласыг хэвлүүлж, 2009, 2022 онд “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг шинэчлэн хэвлүүлэх ажлыг удирдсан байна.

“Монгол Улсын Үндэсний Атлас” нь манай улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны бүтэц, байгаль-газарзүйн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, аж ахуй, нийгэм, эдийн засгийн олон талт цогц мэдээллийг багтаасан байдаг тул  эрдэм шинжилгээ, танин мэдэхүй, онол практикийн үнэлж баршгүй ач холбогдолтой, иж бүрэн зураг зүйн  суурь бүтээл болсныг олон улсын эрдэмтэн судлаачид өндрөөр үнэлдэг билээ.

Түүнчлэн 1995, 2005 онд “Монгол орны экосистемийн зураг, атлас”, 2015 онд “Байгал нуурын сав газрын экологийн атлас”, 2019 онд “Монгол орны экосистемийн атлас” зэрэг томоохон бүтээл хэвлүүлсэн нь экологи, эко-геохими, экосистем, байгаль орчны шинжлэх ухааны хөгжил, судалгаа-хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд шинэлэг дорвитой алхам болсон юм.

Академич Д.Доржготовын удирдсан судалгааны баг өнөөгийн дэлхий дахинд тулгамдаад байгаа байгаль орчны бохирдол, доройтол, уур амьсгал, экосистемийн өөрчлөлт, экологи-геохимийн төлөв байдлын асуудлыг дагнан судалж, 1999 онд “Улаанбаатар хотын байгаль орчны, бохирдлын тойм зураглал”, 2004 онд “Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрүүдийн орчмын хөрсний бохирдлын судалгаа”, 2009 онд “Дархан хот орчмын геоэкологийн судалгаа”, 2010 онд “Улаанбаатар хот орчмын хөрсний бохирдлын судалгаа”, 2015 онд “Сэлэнгийн сав нутаг дахь уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төвүүдийн байгаль орчин, экогеохимийн судалгаа” зэрэг олон чухал ажлыг гүйцэтгэн, технологийн шийдлийн санал зөвлөмж боловсруулсан бөгөөд 2008 онд “Хөрс бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээний улсын стандарт” боловсруулжээ.

Академич Д.Доржготов нь ахисан түвшний нарийн мэргэжлийн судлаач эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, оюутан залуусыг сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт хичээнгүйлэн зүтгэж, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр олон жил ажиллахдаа 20 доктор, шинжлэх ухааны дөрвөн докторын эрдмийн ажлыг удирдан хамгаалуулсан байна.

Академич Д.Доржготов Таныг Монгол Улсын хөрс судлал, газар зүй, зураг зүй, байгаль орчны судлалд нэгэн жарны амьдралаа зориулж, Монгол Улсын шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн төрийн дээд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж, түмэн олноо алдаршуулж байна.

Таны цаашдын эрдэм номын их үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, танд болон таны гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид түүчээлэн ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр төрийн албан хаагчидтай уулзаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж, бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгарч байгаа сорилтын талаар болон төрийн албан хаагчдын үүрэг оролцоо, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцлоо. Уулзалтад яамд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын төлөөлөл 1200 гаруй ажилтан, албан хаагч оролцов.  

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, тэр дундаа Төрийн бүтээмжийн сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход төрийн албан хаагчдын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 улсаас 110 дугаарт эрэмбэлэгдсэн. Улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг нь төр болоод байна. Иймд Засгийн газраас төрийн албаны авлига, хүнд суртлыг бууруулж, нээлттэй, цомхон, чадварлаг, хариуцлагатай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулж, төрийн албан хаагчид нэгдэж, түүчээлэн ажиллах хэрэгтэй” гэлээ.


Төрийн албан хаагчид төрийн бодлого, шийдвэр, мэдээллийг ард иргэдэд хүргэх гүүр болж, улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож хамтран ажиллах ёстойг онцлов. Эрхэлж буй ажилдаа эзэн болсон, чадварлаг мэргэжилтнүүд төрд ажиллах учиртай гэв.  

Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд энэ оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг, ирэх онд төр өөрийн зардлаа нэг их наяд гаруй төгрөгөөр хэмнэх тооцоо гарчээ. Мөн Төрийн бүтээмжийн сэргэлт, цахим шилжилтийн хүрээнд “И-Монголиа” системд төрийн 67 байгууллагын 742 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулаад байна.

Уулзалтад оролцогчид “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг  хөгжлийн бодлогуудаа тууштай хэрэгжүүлж үр дүнд хүргэхийг Ерөнхий сайдаас хүслээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Ерөнхий сайд Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулав

Огноо:

,

Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдсан Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.

Мөн цар тахлын үеийн болон дараах Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Орос-Украины дайны хор уршгаас үүдэлтэй гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөө, өнөөгийн бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгосон. Эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, онцгойлон анхаарч, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эрх зүйн шинэ орчин бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарынхантай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Үр дүнд нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барихаар болоод байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Хуулийн төсөлд хэд хэдэн онцлог зохицуулалтыг багтаажээ. Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгох, цахим виз нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, нэгдсэн стандарт тогтоох, бүсчилсэн брэнд бүтээгдэхүүн бий болгох, хил орчмын аялал жуулчлалыг тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх, жуулчдын худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцааж олгох, аялал жуулчлалын сан байгуулах зэргийг тусгажээ.

“Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг чухалчилж байна. Эрх зүйн орчин тодорхой болмогц төр, хувийн хэвшил хамтраад нэгдсэн бодлогоор урагшлах нь чухал. Боомтын сэргэлтийн хүрээнд Бичигт, Хавирга, Ульхан боомтын дэд бүтцийг сайжруулснаар жуулчин татах боломж бүрдэнэ. Зүүн гурван аймагт аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Төр, хувийн хэвшлийнхэн одооноос төвлөрч ажиллах шаардлагатай”-г Ерөнхий сайд хэллээ. Мөн хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг Засгийн газар бодлогоор дэмжинэ. Улаанбаатар хотоос иргэдийг татах, сэдэлжүүлэхэд орон нутгийн төрийн байгууллага илүү санаачилга гаргах учиртайг тэмдэглэв.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан, үе шаттай хэрэгжүүлнэ. Зүүн бүсэд төр-хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, олон бүтээн байгуулалт өрнөнө. Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудыг авто замаар холбоно. Чингис хааны аялал жуулчлалын цогцолборын нээлт ирэх оны дөрөвдүгээр сард Хэнтий аймагт болно гэлээ.

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн онцлог байдалд түшиглэсэн аялал жуулчлалын цогц үйл ажиллагаа явуулах боломжийг бодит ажил болгох, брэнд бий болгож гадаад, дотоодод сурталчлахад төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа гарц, шийдэлд хүрэх нь энэ удаагийн зөвлөгөөний гол зорилго ажээ. Тухайлбал, Талын түмэн адуу, Ганга нуурын чуулган, Сэцэн хааны ордон музей, Чингис хааны үеийн холбогдолтой түүхэн газруудад түшиглэсэн цогцолборуудад аялагчдыг татах бүрэн боломжтой гэдгийг зөвлөгөөнийг зохион байгуулж буй БОАЖЯ, Соёлын яамныхан тэмдэглэж байлаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2022/11/25

АНХААР! Даваа гарагт бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэ...

Тод мэдээ2022/11/25

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, 40 хэм хүрч хүйтэрнэ

Тод мэдээ2022/11/25

Хилийн боомтууд дээр гаалийн салбар лабораторийг байгууллаа

Тод мэдээ2022/11/25

Ослоос зайлсхийхийн тулд өмнөө яваа тээврийн хэрэгслээс 4 секундийн ...

Тод зураг2022/11/25

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Тод индэр2022/11/25

У.Хүрэлсүх: Их эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол...

Тод мэдээ2022/11/25

Иргэд, тээвэрчдийн анхааралд!

Тод мэдээ2022/11/25

“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгү...

Тод мэдээ2022/11/25

АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис ...

Өнөөдөр2022/11/25

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлууд

Өнөөдөр2022/11/25

УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр2022/11/25

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох