Дэлхий нийтээр..
Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар төрийн айлчлал, албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Өнө эртний түүх, өв соёлын уламжлалт дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны урилгаар үзэсгэлэнт сайхан Турк Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.
Бид бүхнийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж байгаа Ерөнхийлөгч танд болон Туркийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын төрийн тэргүүний Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй энэ айлчлал нь Монгол, Туркийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, хоёр орны харилцааг Стратегийн түншлэлд хүргэсэн онцгой айлчлал болж байна.
Ази-Европыг холбосон газар зүйн өвөрмөц байршилтай Турк Улсыг бид “гуравдагч хөрш”, итгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг билээ.
Энэхүү төрийн айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 55 жилийн ололт, амжилтаа бататгах, улам өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.
Бидний яриа хэлэлцээний дүнд “Стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Хамтарсан тунхаглал”-д хоёр улсын төрийн тэргүүн гарын үсэг зурлаа.
Мөн “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
Турк Улс нь манай улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Тухайлбал, “Шинэ Хархорум” хот, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор зэрэг төслийн хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлд туркийн талтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Монгол Улсын “Алсын хараа 2050”, Турк Улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлогыг харилцан уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтэц, агаарын болон төмөр замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Ойн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Түүнчлэн бүх төрлийн тээвэр, ложистикийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-Туркийн хооронд төмөр замын ачаа тээвэрлэлтийн замнал бий болгох чиглэлээр хамтрах баримт бичиг байгуулж, Турк Улсаас санаачлан хэрэгжүүлж буй Ази-Европыг холбох “Төмөр торгоны зам” буюу дунд коридорын төсөлд Монгол Улс хамрагдах боломжийн талаар ярилцлаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал боддоо солилцлоо.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, зочид төлөөлөгчид өө,
Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд зориулан Туркийн ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг.
Цар тахал, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн бэрхшээлтэй тулгарсан хүнд цаг үед монгол, туркийн ард түмэн хамтдаа байж, хүний эрүүл мэндийг хамгаалах болон хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.
Тиймээс гамшгийн хохирлыг бууруулах, гамшигтай тэмцэх, газар хөдлөлт, ой, хээрийн түймэртэй тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, хавдар судлалын эмчилгээ, оношилгооны үндэсний төвийг байгуулахад хамтран ажиллахаар ярилцаж тохирлоо.
Түүх, соёл, боловсролын харилцаа нь манай хоёр орны ард түмнийг холбох чухал гүүр бөгөөд Орхоны хөндий дэх түрэгийн үеийн түүхэн олдворууд, Туркийн Ван аймагт олдсон Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурь зэрэг бидний түүх, соёлын хосгүй өв, хөшөө дурсгалыг хадгалах, хамгаалах, сурталчлах, мөн эрдэмтэн судлаач, археологийн багийн ажлыг дэмжиж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монголын ард түмний түүх, соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон, Монгол Улсын соёлын элч “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтоор турк анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж буйд баяртай байна.
Мөн айлчлалын хүрээнд Истанбул хотноо зохион байгуулах “Монгол-Туркийн бизнес форум”-д хоёр орны олон аж ахуйн нэгж оролцох болсон нь бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.
Цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжихэд энэхүү бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Монгол Улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого болон Туркийн энэрэнгүй, хүмүүнлэгийн дипломат ажиллагаа даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэхийг хүсэж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад ойрын хугацаанд төрийн айлчлал хийх болсонд талархал илэрхийлье.
Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркийн уламжлалт түүхэн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ РЕЖЕП ТАЙИП ЭРДОАН:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Турк Улсад хүлээн авч байгаадаа баяртай байна.
Монгол Улсаас манай улсад 21 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд айлчлал хийж байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та болон дагалдан яваа нийт төлөөлөгч та бүхнийг манай улсад тавтай морилохыг дахин хүсэж байна.
Энэ удаа хүндэт Ерөнхийлөгчийг УИХ, Засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёл, хэвлэл мэдээлэл зэрэг өргөн бүрэлдэхүүн дагалдаж ирлээ.
Би ойрын ирээдүйд Монгол Улсад хариу айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлье.
Манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Бид харилцаагаа 2004 онд Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байсан. Өнөөдөр эрхэм андын хамт харилцааг улам ахиулах шийдвэр гаргалаа.
Стратегийн түвшин тогтоосон тухай Хамтарсан тунхаглалд бид сая гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь манай хоёр улсад, бидний өвөг дээдсийн өлгий нутагт, Төв Азид, дэлхий дахинд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн боловсрол, байгаль орчин, залуучууд, спорт, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон чухал салбарт хамтран ажиллахаар хоёр улсын яам, байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичиг нь бидний харилцааны үндэс суурийг бэхжүүлж, өнөөгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болно.
Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,
Бид Монгол Улсын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн томоохон мега төслүүдэд тулгуурлан барилга, дэд бүтэц, зам тээвэр, батлан хамгаалах, аж үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт түлхүү анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд харилцан хөрөнгө оруулалт хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг хоёр улсын хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд уриалж байна.
Бид худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх эхний зорилтоо давуулан биелүүллээ. Гэхдээ энэ нь бидний бодит боломжоос доогуур үзүүлэлт гэж үзэж байна.
Өнөөдрийн уулзалтаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Бидний харилцааны үндсэн тулгуурын нэг болох түүх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ нотоллоо.
1992 оноос хойш Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт олон монгол оюутныг хамруулж ирсэн бөгөөд цаашид улам нэмэгдүүлэхээр санал нэгдлээ.
Түүхэн үнэт өвийн олдвор, Орхоны хөндийн чулуун бичээсийг хамтран хамгаалж, Хөшөө цайдамын музейг 2008 онд ашиглалтад оруулсан. Энэ удаа мэргэн Тоньюкукийн бичээсийг хамгаалах чиглэлээр Туркийн Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-тай хамтран хэрэгжүүлж буй музейн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах зорилт тавьж байна.
Өнөөдрийн уулзалтаар бид хоёр талын харилцаанаас гадна Сири, Палестин, Украин зэрэг бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар ярилцлаа. Бид олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, үүнийгээ НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд бэхжүүлэхээр тохиролцлоо.
Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, дагалдан яваа төлөөлөгчид Анкара хотноо манай улсын батлан хамгаалахын аж үйлдвэрлэлтэй танилцлаа. Истанбул хотод ч мөн танилцана.
Айчлалын хүрээнд Монгол Улсаа дэлхий дахинд амжилттай таниулж буй Улсын филармонийн Морин хуурын чуулга Истанбул хотноо тоглолтоо хийх болжээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бас гитар сайн тоглодог.
Ерөнхийлөгч та болон дагалдан яваа төлөөлөгчид Ван аймагт зочилж, 2022 онд Турк, Монголын археологчид илрүүлсэн Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурьтай танилцана.
Бидний авсан, гаргасан шийдвэрүүд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2026/03/25
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын ...
-
Үйл явдал2023/01/03
УИХ: Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болно
-
Хэн юу хэлэв...2021/10/06
Б.Бямбадорж: Сайн дурын ажилтан өдөрт 50 мянган төгрөгийн цалин авна
-
Үйл явдал2022/05/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

