Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Тавдугаар сарын 06-ны өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны тавдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нийт нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говь болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 07-ноос 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 07-нд нутгийн зарим газраар, 08-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 07-нд нутгийн баруун хагаст, 08-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Тавдугаар сарын 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар дулаарна.
Үйл явдал
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Үйл явдал
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.
Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Үйл явдал
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


-
Дэлхий нийтээр..2022/12/20
Үндэсний Статистикийн Хорооноос залруулга гаргав
-
Үйл явдал2026/07/01
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутиз...
-
Дэлхий нийтээр..2024/12/10
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын 30 автомашин хүлээлгэн өглө...
-
Хэн юу хэлэв...2019/06/16
Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна
