Дэлхий нийтээр..
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, тогтоолын төслийг танилцууллаа. Тэрбээр хэлсэн үгэндээ, энэ асуудал хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг цаашид ямар замаар хөтлөх вэ гэдэг салаа замын асуудал болохыг онцлоод, бид 76 гишүүнтэй парламенттай байх үед засаглалын дундаж хугацаа 1.5 орчим жил байсан, цаашид үүнийг хэрхэн өөрчлөх вэ, яаж тогтвортой засаглалыг авч үлдэх вэ гэдэг энэ асуудал бол 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс болж үлдэх түүхэн ач холбогдолтой гэлээ. Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршин тогтнодог парламентын засаглалтай ардчилсан улс бөгөөд парламент цаашид бүрэн эрхт байдал, ардчилсан үнэт зүйлээ хамгаалах гадна, дотнын олон сорилттой нүүр тулах болно гэж Ерөнхий сайд дурдаад, амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангаа өөрөөр тодорхойлох эрх бол Монголын иргэд, ард түмний төлөөлөл болсон парламентын онцгой бүрэн эрх болохыг онцолж, өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэлд тулгуурлан эцсийн шийдвэрээ гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр дэлхий даяар ардчилал аюулд өртөж, сорилтод орж буй энэ цаг үеийг даван туулахын төлөө улс төрийн намууд нэгдэж, парламентын төлөөллийн тоог нэмж, 126 гишүүнтэй цоо шинэ парламентыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлсэн тухай өгүүлж, цар тахал, дайны цаг үе улс орнуудын хилийг хааж, итгэл найдвар бүдгэрч байсан цаг үед бид хамтдаа эдийн засгаа сэргээн тэлж, Монголын улс төрд цоо шинэ салхийг оруулж чадсан гэлээ. Түүнчлэн өөр өөр санаа, үзэл бодолтой хүмүүс зөвшилцөлд хүрэх сонгодог парламентын тогтолцоог бүрдсэн учир гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан бөгөөд өнөөдөр энэ шинэчлэл зөв байсан эсэхийг Монголын ард түмэнд нотлох сонголтын өмнө ирээд байна гэдгийг цохон дурдаж, засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэн, намууд зөвшилцөж чадахгүй парламентын ажил гацвал олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж, улмаар ардчилсан парламентын засаглалыг мөхөлд хүргэх эрсдэлийг дагуулж болзошгүй гэв.
Хамтарсан Засгийн газар ажиллаад 10 сарын буюу жил хүрэхгүй хугацаанд 60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын, 30 гаруй жил яригдсан эрчим хүчний реформ болон үнийн чөлөөлөлтийн, 28 жил гацсан Монгол-Францын хамтарсан ураны, 20 гаруй жил улс төржиж гацсан Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын төслийг эхлүүлсэн тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тоочиж, том эрх ашгаа харж нэгдэж чадвал бидэнд ямар их боломж байгааг харуулсан бодит илэрхийлэл болохыг онцоллоо. Мөн улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсэж болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байх вэ гэдгийг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай гэсэн юм. Засгийн газар огцрох амархан, том төслүүдийг гацаах ч амархан гээд тэрбээр үндэсний баялгийн санг бүрдүүлэх, улс төрийн шийдвэр гаргах, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх үйл явцтай давхцан улс төрд олон үйл явдал өрнөж буй нь сонгуулийн үеийнхээс илүү эрчимжиж байгаа нь ил, далд ямар том хэмжээний эрх ашиг нэгдсэнийг харуулж байна гээд энэ бүхнийг саруул ухаант Монголын ард түмэн харж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна гэсэн юм.
Ил тод байдлын төлөө үзэл бодлоо илэрхийлж буй залуучууддаа, өөр өөр өнцгөөс үзэл бодлоо илэрхийлж буй иргэддээ талархаж байгаагаа Засгийн газрын тэргүүн хэлж, харин үүнийг улс төрийн шалтаг болгож, тогтворгүй байдал үүсгэж буйд харамсаж байна гэв. Цахим засаглал, ил тод байдлын төлөө, авлигын эсрэг, эрх ашгийн бүлэглэлийн эсрэг тууштай зогсож, хатуу тэмцсээр ирсэн тухайгаа тэрбээр дурдан, хэрэв би өөртөө болон өөрийнхөө хөрөнгө орлогын мэдүүлэгт эргэлзэж байсан бол олон галтай сэдвүүдтэй нэгэн зэрэг нүүр тулж, Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй, тайван замаар амьдрах сонголтыг хийж болох байсан гэж мэдэгдэлээ. Тэрбээр том төсөлд хэт их цаг гарган, нийгэм, улс төрийн асуудалд анхаарал бага хандуулсан алдаагаа хүлээж, зарчим дээрээ хатуу зогссоноос болж улс төрийн хүчний харьцааг алдагдуулсан, танхимын зарчмаар ажиллах үнэт зүйл, Үндсэн хуулийн зарчмаасаа Засгийн газар хазайсан асуудал байгааг тэмдэглэн, гэсэн хэдий ч Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, эдийн засаг хоёр дахин тэлсэн, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наядаас 80.0 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4128 ам.доллароос сүүлийн гурван жилд тогтмол өсөж 6898 ам.долларт хүрсэн, зээлжих зэрэглэл нэг шат ахиж, олон улсын санхүүгийн байгууллагын өмнө Засгийн газрын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож эхэлсэн зэрэг суурь үзүүлэлтүүдийг сануулсан юм.
Дараа нь “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, анх удаа итгэл үзүүлэх тогтоол гарч байгаа нь улс төрийн соёлын нэг илрэл гэж үзэж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр улс төрчийн хувь заяанаас илүү төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдал чухал талаар, мөн Улсын Их Хурлын гишүүд ямар нэгэн айдас, барьцаанд биш, итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргах нь парламентын ардчиллыг хамгаалж, шударга, ил тод процесс явуулах нь иргэдийн итгэлийг хадгалах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Засгийн газрын сайд нар Улсын Их Хурлын гишүүний ажлаа муу хийсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, сайд нар хуралдаанд идэвхтэй оролцох ёстой, төрийн ажилд хариуцлагатай хандах, мөн Ардчилсан нам Засгийн газраас гарах нь төрийн хяналтыг сайжруулах, парламентын тогтолцоог эрүүлжүүлэх алхам болох талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар сөрөг хүчин байх нь парламентын тэнцвэрт тогтолцооны суурь боловч өнөөгийн байдлаар хамтарсан Засгийн газар, цөөнхийн үүрэг бүдгэрсэн байдал нь асуудал дагуулж байгаа, мөн өнөөгийн улс төрийн хямрал нь бодлогоос бус улс төрийн тохироо, шийдвэрээс шалтгаалж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан тодорхой бодлогын асуудал гэдэг нь тодорхойгүй байгаа, мөн сөрөг хүчин байх нь парламентын тэнцвэрт тогтолцооны суурь боловч өнөөгийн байдлаар хамтарсан Засгийн газар, цөөнхийн үүрэг бүдгэрсэн нь асуудал дагуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2016 оноос хойш төр барих хугацаандаа үр дүнтэй бүтээн байгуулалт хийсэнгүй, Ардчилсан нам Засгийн газраас гарч сөрөг хүчин болох нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал тогтворгүй Засгийн газар, том төслүүд урагшилдаггүй байдал нь өмнөх алдаануудыг давтах эрсдэлтэй, мөн байгалийн баялгийн шударга хуваарилалт, том төслүүдийн хэрэгжилт, Үндэсний баялгийн сан зэрэг асуудлаар бодит шийдвэр гаргах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг улс төржилтөөс болж том төслүүд зогсож, Монгол Улсын нийтлэг эрх ашиг хохирч байгаа бөгөөд шийдвэрүүдийг ил тод, парламентын зарчимд нийцүүлэн гаргах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төр тогтвортой байх нь хамгийн чухал асуудал гэдгийг онцолж, намууд хоорондоо ойлголцож, хамтран ажиллах, мөн гишүүд зарчмаа баримтлан, нээлттэй байдлаар шийдвэр гаргах нь зүйтэй гэж тус тус үг хэлсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу санал хураалтыг нууцаар явуулах, ингэхдээ хуудсаар санал хураах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн дагуу Байнгын хороо тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Батбаатар, Ж.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тус комисс нууц санал хураалтыг зохион байгуулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 73.9 хувь нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө итгэл үзүүлэх, эсэх асуудлыг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлэг 92.9 хувийн ирцтэйгээр хэлэлцэж, нийт гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцохгүй гэж шийдвэрлэснийг албан ёсоор мэдэгдэв. Санал хураалтад оролцохгүй байх нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэсэн улс төрийн шийдвэр гэдгийг тэрбээр тайлбарлаж, нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө болон хамаарал бүхий этгээдүүдийн хэрэглээ, хууль ёсны орлогоо нотлохыг шаардсан иргэдийн шаардлагад хариулахын оронд өөрт итгэл үзүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хуралд оруулж байгаа нь ард иргэдийг төөрөгдүүлж буй зарчимгүй үйлдэл, хоёрдугаарт, Монгол Ардын Намын бага хурлаас Ардчилсан намыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан нь Хамтарсан Засгийн газар байгуулах улс төрийн намуудын төлөөллийн байгууллагуудын гаргасан шийдвэр, хамтран ажиллах гэрээг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг үзсэнийг танилцууллаа. Тус бүлэг Хамтарсан Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн бодлого, мега төслүүд, түүний дотор Гашуун сухайтын хил холболтын төмөр зам, Баялгийн сан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт, говийг усжуулах гэх мэт томоохон бодлого, төслүүдийг дэмжсэн шийдвэр гаргаж байсныг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл сануулж, иймд тус бүлэг Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх асуудлаарх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцохгүй байх шийдвэр гаргасныг дурдаад, харин цаашид Ардчилсан Нам иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, хариуцлагатай төр засаг байгуулж, тогтвортой ажиллах чиглэлээр хууль дээдлэх ёс, Үндсэн хуулийн зарчмын хүрээнд идэвхтэй ажиллана гэлээ.
Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Эрдэнэболд, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, Б.Баярбаатар, А.Ариунзаяа М.Нарантуяа-Нара, Л.Энхнасан, Ц.Идэрбат, Б.Уянга, С.Бямбацогт, Б.Найдалаа, М.Ганхүлэг, Х.Баасанжаргал, Ө.Шижир, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Мөнхбаясгалан, Ч.Анар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, С.Эрдэнэбат, П.Наранбаяр, О.Батнайрамдал, Д.Батлут, Ч.Номин, П.Ганзориг, С.Цэнгүүн, О.Номинчимэг, Д.Ганмаа, С.Ганбаатар, Э.Болормаа, Б.Бейсен, Ж.Баясгалан, Ш.Бямбасүрэн, Р.Батболд, Г.Дамдинням, Б.Батбаатар, Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн, Ч.Лодойсамбуу нар асуулт, асууж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хариулт, тайлбар авлаа. Улсын Их Хурлын гишүүд бий болсон улс төрийн нөхцөл байдлыг тодруулан асууж, Засгийн газрын өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаа, гарсан үр дүнгийн тухай, мөн үр дүн гараагүй тухай, Ерөнхий сайдын хүүгийн болон өөрийнх нь орлого, түүнийг нотлох асуудал, Ардчилсан намыг Засгийн газраас гаргасан МАН-ын Бага хурлын шийдвэр, уг шийдвэрийг юуны учир хэрэгжүүлэхгүй байгаа тухай болон Засгийн газрын тэргүүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буйн цаад учир шалтгаан, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг нээчихээд ирэхэд шинэ Засгийн газрын бүтэц зурагдчихсан байсан тухай түүний мэдээлэл, засаглалын институци хоорондын зөрчил, улмаар парламентын хямралт байдалд хүргэж болзошгүй үр дагавар зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан юм. Эрх мэдэл, эрх ашиг, эд баялгийн төлөөх зөрчилдөөн болж буйг Улсын Их Хурлын гишүүд дүгнэж, засаглалын тогтвортой байдалд тулгарч буй бодит аюул занал, үүнд ямар дүгнэлт өгч буй болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, олон улсын байдал, сорилт, туршлага, Засгийн газарт үзүүлэх бодлогын дэмжлэг зайлшгүй агаад гарцаагүй эсэх, Үндэсний эрх ашгийг эрхэмлэх эрэмбэ дараалал, жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусаа, иргэдээ сонсож, тэднийг ойлгох, ойлголцох, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, ёс зүйн, хууль зүйн болон улс төрийн хариуцлагыг ялгаж, дэс дараалалтай хандах, сайн засаглалыг эрхэмлэж түргэн хугацаанд бодитой үр дүн гаргах, улс төр, эдийн засгийг зааглах, том төслүүдийг урагшлуулж, ач холбогдлоор нь эрэмбэлж, улсын төсөв, эдийн засгийн хүчин чадалтаа тохируулж ажиллах, байгалийн баялгийг бартердахгүй байх зэрэг асуудлаар тодруулга авлаа.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2026/04/27
COP17 зохион байгуулах талбай дээр холбогдох салбарын төлөөллүүд ажиллалаа
-
Дэлхий нийтээр..2025/02/05
Монгол Улсын Их Сургуулийн нэрийн маргааныг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэжээ
-
Дэлхий нийтээр..2020/11/05
МИАТ компанийн дөрвөн төлөөлөгч "COVID-19"-ийн халдвар авчээ
-
Үйл явдал2021/12/21
Байнгын болон түр хороо хуралдана
