Дэлхий нийтээр..
АНУ: Ираны эсрэг дайн 25 тэрбум ам.долларын өртөгтэй болсон...
Мөн өдөр Батлан хамгаалахын сайд Петер Брайан Хегсет дайн эхэлснээс хойш анх удаа конгрессын асуултад хариулж, Ардчилсан намын хууль тогтоогчид түүнийг илээр шүүмжилсэн байна. Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооноос Пентагоны төсвийн төслийн талаар хийсэн сонсгол дээр АНУ-ын Батлан хамгаалахын санхүүгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Жюль Херст хэлэхдээ, 25 тэрбум ам.долларын зардлын дийлэнх нь сумны хэрэглээнд зориулагдсан бөгөөд байлдааны ажиллагааны зардал болон тоног төхөөрөмжийн нөхөн сэргээлтийн зардлыг бас багтаасан гэжээ.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар мэдээлэхдээ, Пентагон 25 тэрбум ам.доллар гэсэн тоо хэмжээг хэрхэн бодож гаргасан нь одоогоор "тодорхойгүй" байгаа. Гэвч өмнөх мэдээллээр Ираны эсрэг АНУ-ын томоохон хэмжээний цэргийн ажиллагааны эхний зургаан өдөрт АНУ-ын цэргийнхэн 11.3 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан гэж АНУ-ын Батлан хамгаалахын яамны албан тушаалтан 3-р сарын 11-нд Конгрессын хаалттай хуралдаан дээр мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
ОХУ Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгалаа
ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах алба (ФСБ) Telegram платформыг үүсгэн байгуулагч Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгаж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
ФСБ-ын мэдээлснээр, Telegram-д байршуулсан зарим суваг, чатботыг устгаагүйгээс Украины тусгай алба болон террорист, хэт даврагч бүлэглэлүүд ОХУ-ын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлага, цахим залилан зохион байгуулахад ашигласан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн ийм үйл ажиллагааны улмаас хүний амь эрсэдсэн гэж мөрдөн шалгах байгууллага буруутгажээ.
ФСБ мөн Telegram дахь танилцах үйлчилгээний чатботоор дамжуулан иргэдийг террорист үйл ажиллагаанд элсүүлсэн хэрэг илэрсэн бөгөөд 2025 оны долоодугаар сараас хойш ийм хэрэгт холбогдуулан 46 хүнийг саатуулсан гэж мэдэгдсэн байна.
Павел Дуров ОХУ-д төрсөн ч 2014 онд тус улсыг орхиж, одоо Дубайд амьдардаг. Тэрээр Франц, АНЭУ-ын иргэншилтэй бөгөөд Оросын эрх баригчид хувийн нууц, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах зорилгоор зохиомол хэрэг үүсгэсэн гэж мэдэгдээд байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол түүнд бүх насаар нь хорих ял оноох боломжтой юм.
Энэ нь ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш цахим орчинд тавих хяналтаа эрчимжүүлж буй бодлогын хүрээнд авсан ээлжит арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна. Үүний зэрэгцээ ОХУ төрийн дэмжлэгтэй MAX мессенжерийг өргөн нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа ч төрийн байгууллагууд Telegram-ийг идэвхтэй ашигласаар байгаа юм.
Дэлхий нийтээр..
Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа үргэлжилж байна
Японы өмнөд хэсгийн Күмамото мужид болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-д хүрээд байна. Олон хүн сураггүй хэвээр байгаа тул аврагчид худалдааны төв, орон сууц болон үйлдвэрийн барилгуудад эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Газар хөдлөлтийн улмаас Кашима хот дахь "Aeon Mall" худалдааны төвийн хоёрдугаар давхар нурж, олон хүн барилгын нурангид дарагдсан байна. Мөн цаасны үйлдвэрийн байгууламжид хүмүүс гацсан тул Японы Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид, гал сөнөөгчид, онцгой байдлын албаныхан аврах ажиллагааг цаг нартай уралдан явуулж байна.
Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи аврагдахыг хүлээж буй хүмүүс байгаа учраас бүх боломжит хүчийг дайчлан ажиллаж байгааг онцолжээ.
Газар хөдлөлтийн дараа Кюшүгийн хурдны галт тэрэгний хөдөлгөөн болон зарим нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн 36,900 орчим өрх цахилгаангүй, 9,500 өрх хийн хангамжгүй болж, 9,000 гаруй хүн түр байрлах төвүүдэд нүүлгэн шилжүүлэгдээд байна.
Эрх баригчид хүчтэй дараах чичиргээ, хөрсний гулгалтын эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулж, иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг уриалжээ.
Дэлхий нийтээр..
xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани АНУ-ын Миннесота мужийн хиймэл оюунаар бодит хүмүүсийн хуурамч нүцгэн зураг бүтээх технологийг хориглосон шинэ хуулийг эсэргүүцэн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Миннесота мужийн хууль энэ оны тавдугаар сард батлагдсан бөгөөд наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр товлогдсон байна. Уг хууль нь хиймэл оюуны тусламжтайгаар бодит хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг, дүрс бичлэг бүтээх боломж олгодог технологийг хязгаарлах зорилготой бөгөөд АНУ-д ийм төрлийн анхны зохицуулалтад тооцогдож байна.
Харин xAI компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зөвшөөрөлгүйгээр ийм төрлийн дүрс бүтээж түгээхийг хориглохыг эсэргүүцэхгүй ч шинэ хууль нь үүнээс хэтэрч, хууль ёсны болон зөвшөөрөлтэй контент хүртэл хамарч, хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчдэд нэг зөрчил тутамд 500 мянган ам.долларын торгууль ногдуулах боломжтой гэж үзжээ. Мөн үйлчилгээ үзүүлэгчид хууль зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд чин шударгаар ажилласан тохиолдолд хамгаалах зохицуулалт байхгүй гэж мэдэгдсэн байна.
Миннесота мужийн Ерөнхий прокурор Кит Эллисон уг хуулийг хамгаалж, хиймэл оюунаар хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг бүтээх нь хүний нэр төр, сэтгэл зүй болон хувийн амьдралд ноцтой хохирол учруулдаг гэж мэдэгджээ.
xAI компани Грок хиймэл оюуны үйлчилгээнийхээ ашиглалтын нөхцөлд хүний хувийн нууцыг зөрчих, зөвшөөрөлгүйгээр хүний дүр төрхийг өөрчилж бэлгийн шинжтэй зураг бүтээхийг хориглодог бөгөөд ийм төрлийн зөрчил илэрвэл хэрэглэгчийн эрхийг хаах зэрэг арга хэмжээ авдаг гэж шүүхийн баримтдаа дурдсан байна.
-
Дэлхий нийтээр..2020/09/15
Тусгаарлах байртай холбоотой асуудлаар санал солилцож, үүрэг чиглэл өгөв
-
Дэлхий нийтээр..2025/04/14
Улаанбаатар хотод 168 мянган сурагч, 7.844 багш дүүрэг хооронд зорчдог
-
Үйл явдал2022/10/27
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Үйл явдал2023/04/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирн
