Чөлөөт бүс
“MNB Гэр бүл” суваг нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж эхэллээ
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хүүхэд, гэр бүлд чиглэсэн нэвтрүүлгийн бодлоготой, үндэсний хэмжээнд соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг телевизийн сувагтай болох том төслийг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн.
Тэгвэл хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, тэдэнд нэн шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, танин мэдэхүй, түүх уламжлал, соёл ёс заншил, хууль эрх зүй зэрэг бүхий л мэдээллээр дагнасан “MNB Гэр бүл” суваг өнөөдөр нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж эхэллээ. МҮОНРТ-ийн уг отгон суваг зөвхөн хүүхэд, залуучууд гэлтгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүх бүлгийн хэрэгцээнд нийцсэн, амьдралд нь хэрэг болохуйц мэдлэг мэдээлэл өгөх нэвтрүүлэг, контентыг дагнан хүргэнэ.
МҮОНРТ-ийн уран бүтээлчид нас насны уран үзэгчдийн сонирхолд нийцсэн контентыг бүтээж, хүргэнэ
“MNB Гэр бүл” сувгийн нээлтэд уригдсан зочид, уран бүтээлчдээс гэр бүлийн телевизийн сувгийн ач холбогдлын талаар хариулт авлаа.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: ““MNB Гэр бүл” суваг эх орны ирээдүй болсон хүүхэд залуусыг хөгжих, төлөвших, эх орон, байгаль дэлхий, үндэсний уламжлал, түүх, хэл бичиг, өв соёл, урлаг, ахмад үеэ хайрлах үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, олон талын өргөн мэдээлэл өгөх танин мэдэхүйн үр дүнтэй нэвтрүүлэг, контент бүтээж хүргэнэ. Гэр бүлийн телевизийн суваг хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээс гадна боловсрол, эрүүл мэнд, хууль эрх зүй, өрхийн төсөв зэрэг сэдвээс гадна байгаль эх дэлхийгээ, эх орноо хайрлах болоод иргэний эрх, үүргийг сануулах цэнхэр дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэдэг. МҮОНРТ-ийн уран бүтээлчид нас насны уран үзэгчдийн сонирхолд нийцсэн контентыг бүтээж, хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага, олон улсын жишгийн дагуу тав дахь сувгаа нээх зорилтыг дэвшүүлсэн
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах: ““MNB Гэр бүл” шинэ суваг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөгжлийн бодлогын баримт бичгийн дагуу нээгдэж байгааг нэн түрүүнд хэлмээр байна. Бид 2014 оноос эхлэн МҮОНРТ-ийн стратегийг дөрвөн жилээр баталж ирсэн. 2014-2018 оны дөрвөн жилийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, олон нийтийн телевизийн дөрөв, радиогийн гурван сувагтай өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж өргөжсөн. Дараагийн шатны стратеги буюу 2019-2023 оны дөрвөн жилийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд телевизийн нэвтрүүлгийн төрлийг дахин нэмэгдүүлэх, олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага, олон улсын жишгийн дагуу тав дахь сувгаа нээх зорилтыг дэвшүүлсэн. Тэгвэл энэ зорилгын дагуу “MNB Гэр бүл” сувгийн туршилтын эфирийг өнөөдөр амжилттай эхлүүллээ. Ирэх есдүгээр сараас сувгаа албан ёсоор нээж, байнгын үйл ажиллагаанд шилжүүлнэ.
МҮОНРТ-ийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам(ХНХЯ)-наас бодитой тусламж үзүүлж “MNB Гэр бүл” суваг нээгдэж байгаа” хэмээв.
Монголын хүүхэд, залууст зориулсан хамгийн чанартай, үзүүштэй нэвтрүүлэг, контентыг бэлтгэн хүргэх болно
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц: “Өнөөдөр MNB Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ-ны дэмжлэгтэй тав дахь сувгаа нээж байна. Энэ сувгийг үүсгэн байгуулах болоод бүх л бэлтгэл ажлыг хангаж ажилласан МҮОНРТ-ийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууддаа юун түрүүнд чин сэтгэлээсээ баярлаж байгаа илэрхийлье. Телевизийн урлаг бол хамтын бүтээл. Манай хамт олон “MNB Гэр бүл” сувгаар Монголын хүүхэд, залууст зориулсан хамгийн чанартай, үзүүштэй нэвтрүүлэг, контентыг бэлтгэж хүргэх болно” гэж хэллээ.
Нийгмийн гол тулгуур гэр бүл
MNB-Гэр бүл” суваг төслийн зохицуулагч, найруулагч Н.Байгал: “МҮОНРТ-ийн “МNB-гэр бүл” суваг гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан жендерийн тэгш байдлыг хангасан үндэсний контент бэлтгэнэ. Программын бодлогын хувьд залуучуудын, хүүхдийн, гэр бүлийн, бодлогын нэвтрүүлгийн гэсэн үндсэн дөрвөн редакцтай нэвтрүүлэг, контент “үйлдвэрлэж” хоногт 17 цагийн эфирээр үзэгчдэд хүргэнэ.
МҮОНТ буюу нэгдүгээр сувгаар дээрх бүх агуулгыг нэг дор багтаан үзэгчдэд хүргэх гэхээр нэвтрүүлгийн цаг хугацаанд баригддаг, эфирийн цагийн хязгаартай байсан бол “МNB Гэр бүл” суваг нээгдсэнээр гэр бүлийн гишүүн бүрт зориулсан болон гэр бүлийн бүх гишүүн хамтдаа суугаад үздэг телевизийн контентуудыг бэлтгэн нэвтрүүлнэ. Нийгмийн гол тулгуур гэр бүл учир тэдэнд зориулагдсан нэвтрүүлэг, контент, телевизийн суваг сайн үр, нөлөө авчирна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Монголд гэр бүлийн суваг зайлшгүй шаардлагатай
“MNB Гэр бүл” сувгийн эфирийн найруулагч Н.Эрдэнэдэлгэр: “Нийгмийн захиалга гэдэг шиг Монголд гэр бүлийн суваг зайлшгүй шаардлагатай гэж боддог. Монголын айл өрх, гэр бүл бүрт бий болдог, тулгамддаг том жижиг аливаа асуудлыг шийдэхэд “MNB Гэр бүл” сувгийн уран бүтээл, нэвтрүүлгүүд том тус болно гэж найдаж байна. Би Монголын үндэсний олон нийтийн телевизэд эвлүүлэгчээс ажлын гараагаа эхэлж 20-иод жил ажилласан. Өнөөдөр том ажлын ард гарч, МҮОНРТ-ийн отгон суваг болох “MNB Гэр бүл” бие даасан сувгийн туршилтын анхны эфирийг нээж, үзэгч олонд хүргэж байгаадаа маш их баяртай байна” гэлээ.
Нэг телевиз, суваг үүсгэнэ гэдэг асар том ажил
МҮОНРТ-ийн Техникийн төвийн Телевизийн техникийн албаны ерөнхий инженер Б.Насанжаргал: “Манай төв “MNB Гэр бүл” сувгийн студийн тоног төхөөрөмж, техникийн бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Туршилтын эфир Зуны тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр 10:00 цагаас үзэгчдэд хүрлээ. Дуу дүрс чанарын өндөр түвшинд буюу HD форматаар цацагдаж байгаа. Манай MNB-ийн хамт олон 2018 оны гуравдугаар сард “MNB Спорт” сувгаа албан ёсоор нээж, тухайн оныхоо арванхоёрдугаар сард “MNB World” сувгаа нээж байсан бол үүнээс хоёр жилийн дараа тав дахь сувгаа нээж, туршилтын эфирээ цацаж эхэллээ. Нэг телевиз, суваг үүсгэнэ гэдэг асар том ажил байдаг. Энэ том ажлын ард гарч, үзэгч олондоо нэн шаардлагатай гэр бүлд, хүүхэд залууст зориулагдсан шинэ сувгийг танилцуулж, эфирээ хүргэж эхэлсэн дарга удирдлага, хамт олондоо баяр хүргэе” гэсэн юм.






Чөлөөт бүс
Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...
Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.
Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.
Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.
Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.
Чөлөөт бүс
Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?
Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.
Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.
Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.
Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.
Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.
Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.
Чөлөөт бүс
Халимны сүү ууж болох уу?
“Амьтны сүү юм чинь ууж л таараа биз дээ?” гэж бодогдож байна уу? Тэгвэл жаахан сонирхоод үзье. Юуны өмнө, халимны сүү гэдэг чинь энгийн сүү биш аж. Үхрийн сүүтэй харьцуулахад хэд дахин илүү тослогтой, бараг л цөцгий, масло хоёрын дунд юм шиг өтгөн. Тэр бүү хэл усанд уусахгүй, харин шахагдаж гардаг гэвэл итгэх үү? Зулзагандаа зориулсан жинхэнэ “energy drink” гэсэн үг.
Гэхдээ эндээс л сонирхолтой хэсэг эхэлнэ.
“За тэгээд нэг амсаад үзчихье” гэвэл тийм амар биш.
Халим бол зэрлэг, асар том амьтан. Далайд амьдардаг, барихад ч бэрх. Дээрээс нь дэлхий даяар хамгаалагдсан амьтны нэг тул International Whaling Commission зэрэг байгууллагууд агнах, барихыг хатуу хянадаг. Өөрөөр хэлбэл, сүүг нь авах гэж оролдох нь өөрөө асуудал дагуулна.
Тэгээд ч бодоод үз дээ… усан дотор халим “саана” гэдэг кинонд л гардаг ажил шүү дээ. Бодит амьдрал дээр ийм технологи ч, арга ч байхгүй.
Тэгэхээр дүгнэлт?
- ✔️ Онолын хувьд: амьтны сүү тул ууж болох мэт
- ❌ Бодит байдалд: боломжгүй шахуу
- 😂 Туршиж үзэх: бараг “mission impossible”
Халимны сүү тийм өтгөн байдаг нь зулзагыг усанд дулаацаж, хурдан өсөхөд нь туслах зориулалттай гэнэ. Байгаль хүртэл “premium nutrition” хийчихжээ
-
Дэлхий нийтээр..2024/01/15
НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ноос хойш олгоно
-
Дэлхий нийтээр..2026/06/03
Трамп хиймэл оюуны шинэ загваруудыг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө Засгийн газра...
-
Дэлхий нийтээр..2024/11/04
Хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах “Хоосон таваг” аян ...
-
Дэлхий нийтээр..2023/04/18
Нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болг...
