Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэж, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм.

Нэгдсэн хуралдаанаар дараа нь “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Ганболд танилцууллаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг “КОВИД-19 цар тахлын үеийн хөтөлбөр” гэж хэлж болно. Тийм ч учраас боловсруулахдаа халдварт цар тахлаас хүн амаа хамгаалж, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулахад илүүтэй анхаарал хандуулсан гэв. Тус хөтөлбөр нь 6 бүлэг, 23 тэргүүлэх зорилт, 213 дэд зорилттой гэлээ.

  1. Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахын тулд иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээг үргэлжлүүлнэ.

Жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, худалдаа, борлуулалтыг дэмжих тээвэр, логистикийн дэд бүтцийг бий болгон бизнес эрхлэх нэн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор байнгын ажиллагаатай бүтцийг бий болгож байна.

Экспортод гаргах бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлж, худалдааны түнш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, төсвийн орлого бүрдүүлэхэд анхаарч ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Түүнчлэн гадаадад буй иргэдээ татан авчрах асуудлыг үе шаттай зохион байгуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангана.

Нөгөө талаар Засгийн газрын энэхүү үйл ажиллагааны хөтөлбөр бүхэлдээ КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг богино хугацаанд сэргээх, нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд чиглэж байна.

  1. Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргаа тэлэх хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ.

Засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүл байж, хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр, орон сууцны асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, нийгмийн хамгааллын үйлчилгээ, хөдөлмөрийн дотоод зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн удирдлага зохион байгуулалтыг оновчтой болгон халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү гэсэн ерөнхий зарчмыг баримтал ажиллах болно.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн хүн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулна.

Яслийн үндэсний тогтолцоог сэргээж, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэж, боловсролын бүх шатанд сургалтын чанарыг дээшлүүлж, суралцагчдад ээлтэй сургалтын орчин бүрдүүлж, тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт сурах,боломжийг нэмэгдүүлнэ.

Хөгжлийн тэрүүлэх салбараар гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийг эрчимжүүлнэ. Боловсролын салбарын үнэлгээг олон улсын жишгээр үнэлдэг болох тогтолцооны шинэчлэлийг эхлүүлнэ.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нийгэм, эдийн засгийн хөгжилд өгч буй үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлж, нэгдсэн, төрөлжсөн, нээлттэй лабораторийг байгуулан салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

Бүтээн байгуулалтын томоохон мега төслүүд, Налайх, Багануур, Багахангайн үйлдвэр, технологийн парк, Атрын IV аяны хүрээнд шууд 73,000 ажлын байр шинээр бий болгох тооцоолол хийгдсэн ба төслийн үр дүнд үүсэх дам ажлын байр болон хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар нийт 150,000 ажлын байр шинээр бий болгоно.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар өргөжүүлж, хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

  1. Импортлогч улсаас экспортлогч улс болж, эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлого хэрэгжүүлнэ. 

Эдийн засгаа тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр, Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулах, Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Цагаансуваргын зэс молибденийн ордыг ашиглалтад оруулах, Тавантолгой цахилгаан станц, боловсруулах үйлдвэрүүд байгуулах, Зүүнцагаан дэлийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулах, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, зүүн бүсийн босоо, хэвтээ чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэн, үндэсний болон олон улс, бүс нутгийн сүлжээнд холбогдсон зам, тээврийн дэд бүтцийг өргөжүүлж, томоохон ордуудыг ашиглалтад оруулж, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх байдлаар төслүүдийг эрэмбэ дараатай хэрэгжүүлэх болно.

Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлж, Тавантолгойн цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барьж, эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Малын түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингээх зорилгоор Дархан, Ховдод арьс ширний боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна.

Эдийн засгийн өрөөсгөл бүтэц, тогтворгүй өсөлтийг шийдвэрлэхийн тулд нэмүү өртөг шингээсэн уул уурхай, түүнийг холбосон дэд бүтцийн мега төслүүд, Боловсруулах аж үйлдвэрийн салбар (хүнд, хөнгөн, хүнс гэсэн гурван төрөлжилттэйгээр хөдөө аж ахуйн салбарыг багтаасан), Эрчим хүчний салбар, Тээвэр, логистикийн салбар, Төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, Мэдлэгжсэн, бүтээлч эдийн засгийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбараар зарлаж, төрөөс бодлогоор онцгойлон дэмжих болно.  

  1. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэн, “Цахим Монгол” хөтөлбөрийг бүх салбарт хэрэгжүүлнэ.

Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулан.

“Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бүрэлдүүлэн төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын ажил үүрэг давхцалгүй болж, нэн шаардлагагүй орон тоо шат дараалан буурах, төр засгийн үйлчилгээ хувь хүнээс хараат бус болох томоохон зорилт хангагдна гэж үзэж байна. Энэ жилдээ багтаж, Монгол Улсын төр засгийн дийлэнх үйлчилгээ Цахим Монгол буюу “Е-Mongolia” цонхонд нэгдэж, цаашид энэ үйлчилгээнд аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулна. 

Хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэн шударгаар ажиллаж буй төрийн мэргэшсэн албан хаагчдаа бүх талаар дэмжинэ. 

Олон улсын хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг сайжруулж, нэг цонхоор хүнд сурталгүй төрийн үйлчилгээ үзүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих бүтцийг тодорхой болгоно.

  1. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлыг үе шаттай бууруулах асуудлыг шийдвэрлэнэ. 

Хөвсгөл нуурын эко системийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг татаж гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна. 

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээнэ. 

  1. Хот, хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангаж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах нэгдсэн тогтолцоонд шилжүүлнэ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан шийдвэрлэнэ.

Төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж, нийслэлийн дагуул хотууд байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын таатай бодлогыг хэрэгжүүлнэ. 

Хот, хөдөөгийн зохист тэнцвэрийг тусгасан, эдийн засгийн жам ёсны хөгжлийн явцтай уялдуулах байдлаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулна.

Сумын төвийн шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжүүлэн “Нутгийн зам” төслийг хэрэгжүүлнэ.

Малчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, худалдан борлуулах сүлжээг хөгжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоог нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжийг судалж, үе шаттай хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр хэрэгжих явцад дэлхийн нийтэд тархсан цар тахлын нөлөөлөл, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Чингис бондын 1 тэрбум ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Хуралдай бондын 600 сая ам.долларын өрийг төлөх зэрэг сорилтууд тулгарах юм. Энэ бүх эрсдэлийг тооцож, эрсдлийн менежмент хийсэн гэдгийг тэрбээр танилцуулгын үеэр онцолсон.

Засгийн газраас 2020-2024 онд эдийн засгийн дундаж өсөлтийг урт хугацааны тэнцвэрт өсөлтийн түвшинд буюу 6.0 орчим хувьд барихаар тооцоолжээ. Тус хөтөлбөрт тусгагдсан стратегийн томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг дэмжнэ хэмээн тооцсон байна. Үр дүнд нь 2024 онд ДНБ-ий хэмжээ 55 их наяд төгрөг, экспортын орлого 12 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 5,200 ам.долларт хүрэх, инфляц 6 хувиас ихгүй байх зорилтыг дэвшүүлсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

УИХ-ын тогтоолын төслийн танилцуулга, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх, хүүг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуултад хариулахдаа, Сангийн яам болон Барилга хот байгуулалтын хамтран хоёр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа гэлээ. Ажлын хэсгүүд Монголбанк, МИК-тэй хамтран ипотекийн зээлийн хүүг бууруулан 6 хувь болгох боломжийн талаар судалгаа хийж байгаа гэлээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгаж оруулж ирсэн нь сайшаалтай гэдгийг Ё.Баатарбилэг гишүүн тэмдэглээд хэдэн заалтыг онцолж байсан юм. Соёлын өвийг хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний талаар Г.Мөнхцэцэг гишүүн тодруулахад С.Чулуун сайд “Ирэх дөрвөн жилд бүх өвийг бүртгэлжүүлэх, соёлын өвтэй холбоотой хууль бус үйл ажиллагааг бүрэн таслан зогсоох чиглэлээр зорилт, арга хэмжээг тусгасан байгаа” гэв. Түүнчлэн үндэсний соёлын өвийг олон улсад бүртгүүлэх, соёлын салбарын барилгын сэргээн засварлалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. УИХ-ын гишүүн С.Батболд орон нутгийн хөгжлийн тэгш байдлыг хангах, аймаг бүрд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг жигд гүйцэтгэх, хөрөнгө оруулалтыг жигд хуваарилах асуудлыг хөндөж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах санал хэлсэн. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, хөтөлбөрийн төсөл дэх 213 дэд зорилтын 161 буюу 76 хувь нь ерөнхий томъёлолтой байна гэж шүүмжлээд “Эдийн засгийн бодлого” гэсэн III бүлэгт чөлөөт бүсүүдийн дэд бүцтийн бүтээн байгуулалтын талаарх дэд зорилтыг цохож тодруулга хийв. Түүний асуултад Засийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар хариулахдаа “Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг идэхжүүлэх, БНХАУ-тай хил дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээр явагдсан. Улсын Их Хурлаар шийдвэрлэхээр хэлэлцэж байна. Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын төсөл энэ онд багтаан Замын-Үүдийн чөлөөт бүсэд хэрэгжих юм. Алтанбулагийн чөлөөт бүсийн эрчим хүчний хангамжийг өргөтгөх болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийх ёстой. Цагааннуурын чөлөөт бүс дээр ч тодорхой ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ энэ хоёр бүс дээр хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийн дорвитой шийдлийг бүтээн байгуулах ажлууд хийгдэнэ. Цахим чөлөөт бүсийн асуудлаар судалгаа явуулж байна” гэлээ. Түүнчлэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлийн ажлууд ч багтсан байгааг хэлж байв.

Малчдыг дэмжих төрийн бодлогыг тодорхойлж, ирэх жилүүдэд тодорхой арга хэмжээ авч ажиллах шаардлагын талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Анандбазар нар байр сууриа илэрхийлж, малын хулгайтай тэмцэх тусгай бүтэц цагдаагийн байгууллагын бүтцэд бий болгох зорилтыг төсөлд тусгах санал гаргаж байлаа. УИХ-ын гишүүн П.Анужин эрүүл, органик хүнсээр хүн амаа хангаж, үүгээр дамжуулан эрүүл мэндийг хамгаалах бодлогын талаар төсөл дэх зохицуулалтуудыг тодруулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Эрүүл мэндийн сайд нараас хариулт авсан. Т.Доржханд гишүүн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийн төсөл болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлд дэх зорилтыг харьцуулан, тайлбар шаардсан юм. Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд УИХ-ын гишүүдтэй хамтарч ажиллаж болно. Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хамгийн тодорхой зорилттой, цаашдаа жишиг болж тогтох ёстой гэдэг агуулгаар бодож, судалж, боловсруулсан” хэмээн тайлбарласан. Ийнхүү гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” болон “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцүүлэгт гишүүд нухацтай хандаж байгаад талархал илэрхийлсэн. Д.Өнөрболор гишүүн, цар тахлын нөлөөлөл хүнсий хангамж, хүртээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэл байгааг хэлээд дотоодын хүнсний хэрэгцээг хангах бүс нутгуудын дэд бүтцийн асуудлыг хөндөж, холбогдох талууд анхаарал хандуулахыг хүссэн юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажлын хэсэгт хандан хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс гаргасан санал, санаачилгыг харгалзан үзэж, төсөлд тусгах чиглэлд ажиллах нь зүйтэй гэв. Түүнчлэн зорилт бүрийг хэрэгжүүлэхдээ төсөв, эдийн засгийн бололцоогоо тооцох ёстой. Үүний тулд Улсын Их Хурал, Засгийн газар санаачлан санхүүжилт, хөрөнгө мөнгийг босгох шийдвэр гаргах талаар саналаа хэлж байсан юм.

Ийнхүү гишүүд “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана

Огноо:

,

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.

Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.

Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.

Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.

Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Хэн юу хэлэв...2026/09/30

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Үйл явдал2026/09/30

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Үйл явдал2026/09/30

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Үйл явдал2026/09/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичит...

Үйл явдал2026/09/28

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төсли...

Үйл явдал2026/09/28

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

Үйл явдал2026/09/28

Захиргааны хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийх судалгааны ажлыг г...

Үйл явдал2026/09/28

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Үйл явдал2026/09/28

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Үйл явдал2026/09/28

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

Үйл явдал2026/09/25

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Үйл явдал2026/09/25

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Үйл явдал2026/09/24

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн ...

Хэн юу хэлэв...2026/09/24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзла...

Үйл явдал2026/09/22

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд ...

Үйл явдал2026/09/22

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн ш...

Үйл явдал2026/09/22

"Үер, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөл...

Үйл явдал2026/09/22

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Үйл явдал2026/09/22

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Үйл явдал2026/09/21

С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Дэлхий нийтээр..2026/09/21

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Үйл явдал2026/09/21

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Үйл явдал2026/09/21

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Үйл явдал2026/09/21

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/09/17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдл...

Санал болгох