Хэн юу хэлэв...
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хамтран тунхаглал гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Х.Баттулгын Америкийн Нэгдсэн Улсад хийсэн айлчлал болон Ерөнхийлөгч Х.Баттулга, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трамп нарын уулзалтын үр дүнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргав.
Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглал, мөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын 2004, 2005, 2011 болон 2018 оны Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажуулсан үндсэн зарчмууд нь хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болж буйг нотолж;
Монгол Улс ба Америкийн Нэгдсэн Улсын харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж;
2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан Хамтарсан мэдэгдэл болон Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг нотолж;
Эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт болон чөлөөт, шударга, тэгш худалдааг дэмжих замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулахыг зорьж;
Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь бүс нутаг дахь энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө илүү ойр хамтран ажиллах харилцан сонирхолтойг бататгаж;
Хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хамтын зорилтыг баримталж;
Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчимтайг баталж;
Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв. Үүнд:
- Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхэжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
- Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана.
- Бүс нутаг дахь хоёр болон олон талын аюулгүй байдал, шүүх, хууль сахиулахын чиглэлээрх хүч чармайлтуудыг дэмжиж, хамтран ажиллах замаар үндэсний аюулгүй байдлын болон хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх, түүний үр дагаврыг арилгах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
- Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжиж, Монгол, Америкийн Ил тод байдлын гэрээг бүрэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD Act)” хуулиар олгогдож буй шинэ хэрэгслүүдийн хүрээнд үргэлжлүүлэн эрэлхийлнэ.
- Хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хууль бус наймаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн аюулгүй байдал, хяналтыг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол, Америкийн хооронд хууль ёсоор зорчихыг үр дүнтэй зохицуулна.
- Терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, кибер халдлага, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, халдварт өвчин болон бусад уламжлалт бус шинэ аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ.
- Иргэний нийгмийн байгууллагууд, сошиал болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих орчинг үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
- Дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлж, нийтлэг эрх ашиг, харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд төр засгийн бүх түвшинд хоёр талын солилцоог дэмжиж, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.
Вашингтон хот, 2019 оны 7 дугаар сарын 31
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Хэн юу хэлэв...2023/01/11
М.Баяраа: Халиа тошин үүссэн байршилд суваг татан, далан босгож, цас мөсийг цэвэ...
-
Тод зураг2020/09/12
Амны хаалтаар ч "гангарч" болно
-
Тод зураг2020/01/06
Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулна
-
Үйл явдал2026/07/01
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эхэлнэ
