Дэлхий нийтээр..
Г.Занданшатар: Цаашид зээл, тусламж гэхээсээ илүү хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд харилцаагаа түлхүү хөгжүүлэх ёстой
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв.
Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онуудад нийт 332.4 тэрбум иен буюу 3.0 тэрбум гаруй ам.долларын зээл тусламжийг манай улсад үзүүлсний дотор КОВИД-19 цар тахлыг даван туулах арга хэмжээний хүрээнд эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, вакцин зэргийг нийлүүлэхэд зориулан хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож байгааг тэрбээр онцлоод, хүндрэл бэрхшээл үүссэн цаг үе болгонд монголчуудад тусламж, дэмжлэг үзүүлдэг Япон Улсын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв.
Элчин сайд Х.Кобаяши Монгол Улс бол Японы хувьд чухал түнш орон. Тиймээс Монгол Улсын хөгжил дэвшилд бид хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг. УИХ-ын дарга Г.Занданшатар та саяхан болсон Монгол Ардын Намын 100 жилийн ойн баярын мэндчилгээндээ “Япон лугаа адил хөгжье” гэсэн уриалга дэвшүүлсэн нь бидэнд сайхан санагдсан гэв.

Энэ сэдвээр УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Х.Кобаяши нар санал солилцсон бөгөөд “Экспортын чиг баримжаатай эдийн засгийн тогтолцоо бүрдүүлж, амжилтад хүрсэн Япон Улсын хөгжлийн хэв загварыг судлан, ололт амжилтаас суралцах нь зөв гэж бид үзэж байгаа. Тухайлбал Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан бие даасан яам байгуулж, цогц бодлогыг залгамж чанартайгаар тууштай хэрэгжүүлсэн, улс төрийн түвшний ойлголцол зөвшилцлийг бүрэн хангасан зэрэг туршлага бидэнд үнэ цэнэтэй юм.
Монгол Улсын экспортод уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа 90 хувийг эзэлж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 6.0, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 4.0 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл уул уурхайгаас хэт хамааралтай улс болсон байна. Тиймээс энэ өрөөсгөл бүтцийг өргөжүүлж, үйлдвэрлэгч орон болох нь зайлшгүй шаардлага боллоо. Энэ талаар сайн жишиг, туршлага хуримтлуулсан орон бол Япон.
Өнгөрсөн 30-аад жилийг эргэн харахад бидний хэрэгжүүлсэн барууны неолиберал бодлого төдийлэн тохиромжтой бус байсан нь тодорхой болж байна. Монгол, Япон хоёр бол Дорно дахины, Зүүн Азийн бүс нутагт багтдаг улсууд. Ахуй, соёл, зан заншил, уламжлалын хувьд бидэнд төстэй зүйл их бий. Тиймээс Японы хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загварыг судлах, зөвлөх үйлчилгээ авах, техникийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг бид сонирхож байна. Ер нь цаашид зээл тусламж гэхээсээ илүү хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд харилцаагаа түлхүү хөгжүүлэх ёстой гэж бид үзэж байгаа.

Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг зэрэг хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц төслүүд хэрэгжсэнд баяртай байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.
Элчин сайд Х.Кобаяши Япон Улсын хувьд Монгол Улсын олон салбарт хөгжлийн албан ёсны дэмжлэг, зээл, тусламж олгож байгаа. Тэдгээрийн дотроос хөгжлийн бодлогын туслалцаа дэмжлэг үзүүлэх нь бидний хувьд хамгийн чухал, завшаантай хэрэг юм. Тиймээс бид энэ чиглэлээр хамтран ажиллаж, туршлага сургамжаасаа хуваалцахад баяртай байх болно гэлээ.
Уулзалтын үеэр Монгол, Японы парламент хоорондын хамтын ажиллагаа, ирэх жил болох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, Японы хөгжлийн шилдэг загвар, туршлагыг Монголд сурталчлах зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул оронд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тус бүлгийн дарга болсныг уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/10/06
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 5 жилийн төлөвлөгөөг танилцуулав
-
Дэлхий нийтээр..2023/01/30
Эрчим хүчээ хэмнэцгээе!
-
Тод зураг2019/12/04
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
-
Дэлхий нийтээр..2023/04/04
МХБ: Нийт 77 компанийн хувьцаа арилжаалжээ
