Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтэй энэ сарын 7-ний өдөр утсаар ярьсан ажлууд бодит ажил хэрэг болж байгаад БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа илэрхийлээд, өөрийн орны удирдлагууддаа уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.
Цар тахлын хүндхэн цаг хугацаанд хөрш орны болон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд КОВИД-19 цар тахалтай тэмцэх манай улсын үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлж, вакцин, эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэргийг хандивлахын зэрэгцээ арилжааны шугамаар вакцин нийлүүлэлтийг шуурхай зохион байгуулж буйд Элчин сайд Чай Вэньруйд мөн тусгайлан талархал илэрхийлэв. КОВИД-19-ийн эсрэг вакцины дараагийн нийлүүлэлтийг ойрын хугацаанд зохион байгуулах боломжийн талаар мөн талууд ярилцлаа.
Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг хэвийн явуулах боломжийн талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр ирэх долоо хоногт хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцах тухайгаа хэлсэн юм. Энэ хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр цаашид ч идэвхтэй арга хэмжээ авах талаар талууд ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл