Дэлхий нийтээр..
Монгол, Германы парламентын гишүүд хяналт шалгалтын чиглэлээр хэлэлцүүлэг хийлээ
УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Фридрих Эбертийн сантай хамтран “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Цахим уулзалтыг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн. Мөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хяналт-тэнцлийг хангах чухал зохицуулалтууд орсон. Иймээс УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасан. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталснаар парламентын хяналтын үр нөлөөг сайжруулах, хянан шалгах үйл явцыг зохицуулах, хүний эрхийг хангах, хамгаалах асуудлуудыг тодорхой болгох ач холбогдолтой” хэмээн онцлоод хоёр талт найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн ХБНГУ-ын Бундестаг болон парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд хамтран ажилладаг Фридрих Эбертийн сангийнханд талархлаа илэрхийллээ.
“Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Цогтбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа, Ж.Эрдэнэбат, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Б.Эрдэнэбилэгт, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа болон Тамгын газрын ажилтнууд, хуулийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бундестагийн гишүүн, доктор Фритц Фелгэнтрой, Бундестагийн гишүүн, Бундестагийн Дижитал хөтөлбөр хорооны дарга, “Wirecard”-ын санхүүгийн луйврын хэргийг мөрдөн шалгах түр хорооны гишүүн Йэнс Циммерманн, ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан, хууль зүйн доктор, профессор Херта Дойблер-Гмелин, ХБНГУ-ын Парламент судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Данни Шиндлэр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар оролцож, хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгслүүд болон мөрдөн шалгах түр хорооны зохицуулалтын талаарх өөрийн орны туршлагаас хуваалцав.
Бундестаг Засгийн газрын үйл ажиллагаанд олон арга хэлбэрээр хяналт тавьдаг. Үүний нэг хэлбэр нь Хяналтын хороо байгуулах юм. Хяналтын хорооны гишүүд асуулга асуух, бичиг баримттай танилцах, нотлох баримтуудыг судлах, гэрч дуудах гэх мэт арга хэмжээг авч ажилладаг байна. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Хяналтын хороог байгуулдаг бөгөөд Бундестагийн гишүүдийн дөрөвний нэгийн саналаар буюу Бундестагийн 630 гишүүний 158 нь дэмжсэн тохиолдолд Хянан шалгах хороог байгуулдаг байна.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах”-д УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглээд, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаад ХБНГУ-ын Элчин сайдын яам, Фридрих Эбертийн сан болон хэлэлцүүлэгт оролцож туршлагаа солилцсон ХБНГУ-ын Бундестагийн гишүүд, эрдэмтэн судлаачдад талархлаа илэрхийлэв.
Фридрих-Эбертийн сан нь дэлхийн 100 гаруй оронд суурин төлөөлөгчийн газартай бөгөөд хүний эрхийн төлөөх бодлогыг дэмжих, иргэдэд улс төрийн боловсрол олгох, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн ардчиллын үнэт зүйлд хувь нэмрээ оруулахыг зорьдог байгууллага юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2019/10/21
Япон Улсад зорчих иргэдийн анхааралд!
-
Хэн юу хэлэв...2022/06/10
“Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд түр хугацаанд х...
-
Дэлхий нийтээр..2023/02/03
ЗТХЯ: Хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо
-
Үйл явдал2024/09/04
Хөдөлгөөн ихтэй 20 уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секу...
