Дэлхий нийтээр..
Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо
Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы энэ сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган, ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нараас дараах найруулгын засваруудыг хийж, саналын томьёоллыг бэлтгэсэн гэдгийг онцлов.


Хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Лхамжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нарын Ажлын хэсгийн гишүүд оролцов.
Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, А.Сүхбат нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно гэснийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ саналын томьёоллын цаана эдийн засгаа боомилох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх, тэдний үйл ажиллагаанд хязгаар тавьсан асуудал үүсэх эсэх, дийлэнх гэдгийг хэдэн хувь гэж ойлгохыг илүүтэй тодруулж байлаа. Мөн стратегийн ач холбогдол гэдгийг эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий орд газар, эсвэл эрдсийн нөөц орд гэж өөрчлөх, улмаар Үндсэн хуульд гадаад үг оруулахгүй байхад анхаарах гэсэн саналуудыг хэлж байв.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт хариултдаа, Одоо үйлчилж байгаа Үндсэн хуульд байгалийн баялаг төрийн өмч гэж байгаа. УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд байгалийн баялгаа ашиглахдаа өнгөрсөн 20 гаруй жилийн турш гаргасан алдаагаа засахын тулд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.” гэж тусгасан. Үүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын зарим гишүүдийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа төрийн өмчийн оролцоо 50-иас доошгүй хувь байх ёстой гэсэн санал гаргасан. УИХ-ын дарга төслийг Байнгын хороонд шилжүүлэхдээ эдгээр саналуудыг дараагийн хэлэлцүүлэгт анхаарч, ажиллах чиглэл өгсөн гэдгийг онцолж байлаа.
Мөн тэрбээр, байгалийн баялгийг ашиглахдаа гадаад, дотоодын бизнес эрхлэгчид, баялаг бүтээж байгаа иргэддээ халтай биш боломж бололцоог нээж өгсөн хувилбар болсон. Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээхэд түлхүү анхаарах агуулгыг бодож “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж ажлын хэсэг томьёолол оруулсныг санал гаргасан 20 гишүүн дэмжсэн. Байгалийн баялгийн үр өгөөж гэдгийг олон талаас нь ярилцсаны дүнд татвар, төлбөр, хураамж, татварын дараах ашиг энэ бүхэн хамаарна. Үр өгөөжийн дийлэнх гэдгийг 50+1-ээс дээш гэсэн утгаар ойлгоно шүү гэдэг дээр ойлголцсон гэж байлаа.
Гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган, ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд оруулах, найруулгын засвар хийсэн саналуудын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн есөн саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана ” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн 4 дэх өгүүлбэр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тус тус дэмжлээ.
Түүнчлэн төслийн 3 дугаар зүлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайлан” гэж өөрчлөх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр найруулан өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 93,3 хувь нь тус тус дэмжив.
Ингээд Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжснээр чуулганы хуралдаан 15 минут түр завсарлав.
Энэ үеэр тус Байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төслийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.6.1.-т заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа онцолсон.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлая” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 58 нь дэмжив.

Үргэлжлүүлэн “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 11-ни өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн тусгажээ. Түүнчлэн Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.
Ингээд тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 98,3 хувь нь дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ард нийтийн санал асуулгын зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг гишүүдэд анхаарууллаа.
Дэлхий нийтээр..
Башар Ассад болон түүний дүүд цаазаар авах ял оноожээ
Сирийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Башар Ассад болон түүний дүү Махер Ассадад хүн амины хэрэг, эрүүдэн шүүх, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутган эзгүйд нь цаазаар авах ял оноожээ. Энэ нь Ассадын гэр бүл таван арваны турш Сирид эрх барьсан үе дууссанаас хойш Башар Ассад болон түүний ойрын хүрээнийхэнд оноосон анхны шүүхийн шийдвэрүүдийн нэг болж байна.
Башар Ассад болон Махер Ассад нар 2024 оны арванхоёрдугаар сард Сирийн засгийн газар нуран унасны дараа ОХУ руу дүрвэж, орогнол авсан тул шүүхийн шийдвэрийг одоогоор хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байна. Мөн Ассадын үеийн өөр зургаан албан тушаалтанд эзгүйд нь цаазаар авах ял оноожээ.
Шүүхээс Ассад болон бусад шүүгдэгчдийг урьдчилан төлөвлөсөн аллага, хүүхдүүдийн амь насыг хөнөөсөн хэрэг, эрүүдэн шүүх болон бусад ноцтой хүчирхийлэлд буруутай гэж үзсэн байна. Сирийн шүүгч Фахреддин аль-Ариан Ассад төрийн байгууллагуудыг ашиглан дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгджээ.
Шүүхээс цаазаар авах ял сонссон хүмүүсийн дунд Ассадын үеийн улс төрийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Атеф Нажиб багтжээ. Тэрээр 2011 онд Дараа хотод Засгийн газрын эсрэг уриа бичсэн өсвөр насныхныг баривчилж, эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой. Энэ явдал Сирийн Засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцэл дэгдэх нэг шалтгаан болж, улмаар 14 жил үргэлжилсэн иргэний дайнд хүрсэн юм.
Харин хүний эрхийн зарим байгууллага шүүх ажиллагаа хэт яаравчлагдсан, шударга шүүхийн зарчим хангалттай мөрдөгдөөгүй байж болзошгүй гэж болгоомжилж байна.
Хүний эрхийн ажиглагчид цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцсэн байр сууриа дахин илэрхийлсэн бол Сирийн Шударга ёс, хариуцлагын төв энэ шийдвэрийг шилжилтийн үеийн түүхэн алхам гэж үнэлэхийн зэрэгцээ шүүхийн тогтолцооны сул талыг анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
Далайн гадаргын температур долдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрчээ
2026 оны долдугаар сард дэлхийн агаарын дундаж температур түүхэн бүртгэл дэх хоёр дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн бол далайн гадаргын дундаж температур тухайн сарын хувьд түүхэн дээд үзүүлэлт тогтоосон талаар Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлжээ.
Мөн Баруун Европт зургаадугаар сараас долдугаар сарын хооронд урьд өмнө бүртгэгдээгүй халуун үе үргэлжилсэн байна. Европ төдийгүй Ази, Латин Америкийн зарим бүс нутагт хэт халалт ажиглагдаж, Япон, БНСУ-д агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар дэлхийн далайн ойролцоогоор 82 хувьд тодорхой хугацаанд хэвийн хэмжээнээс хэт халсан үзэгдэл ажиглагдсан байна. Далайн ус удаан хугацаагаар хэт халах нь далайн экосистемд сөргөөр нөлөөлөхөөс гадна цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрчим, давтамжид нөлөөлөх эрсдэлтэй юм.
Дэлхийн зарим хэсэг хэт халалттай нүүр тулж байгаа бол өөр бүс нутагт аадар бороо, үерийн гамшиг нэмэгджээ. Тухайлбал, Баруун Африкийн зарим нутгаар муссоны хүчтэй бороо орж, үер буусан байна.
Хэт халалт, хуурайшилт, ган гачиг ойн түймрийн эрсдэлийг мөн нэмэгдүүлжээ. Долдугаар сард Баруун Европт ойн түймрийн идэвхжил эрс нэмэгдсэн бөгөөд Францад энэ жил сүүлийн 24 жилийн хамгийн хүнд ойн түймрийн улирлуудын нэг тохиож болзошгүй байна. Испанид ч түймрийн идэвхжил өмнөх жилүүдийн мөн үеийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байгаа аж.
Үүний зэрэгцээ АНУ-ын баруун хэсэг болон Канадын зарим бүс нутагт томоохон ойн түймэр гарч, халуун, хуурай цаг агаар түймэр тархах нөхцөлийг улам нэмэгдүүлсэн байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын Уур амьсгалын мэдээллийн газрын дарга Жон Кеннеди дэлхийн дулаарал үргэлжлэхийн хэрээр хэт халалт илүү олон давтагдаж, эрчимжихийн зэрэгцээ удаан үргэлжилж, хамрах газар нутаг нь тэлж байгааг онцолжээ.
Баруун Европт энэ зун үргэлжилсэн хэт халалтыг Эль-Ниньо үзэгдэлтэй шууд холбох тодорхой нотолгоо одоогоор байхгүй байна. Гэсэн хэдий ч Номхон далайд Эль-Ниньо эрчимжвэл дэлхийн агаарын дундаж температур цаашид нэмэгдэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
Токиод Японы цэрэгжилтийн бодлогыг эсэргүүцсэн иргэд жагсжээ
Японы Нагасаки хотод атомын бөмбөг хаясны 81 жилийн ой наймдугаар сарын 9-нд тохиолоо. Энэ өдөр Токио хотод иргэд цуглаан зохион байгуулж, Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газрын батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах чиглэлээр явуулж буй бодлогыг эсэргүүцжээ.
Цуглаанд оролцогчид Япон улс өнгөрсөн үеийн дайны түүхээс сургамж авч, энх тайванч хөгжлийн замыг тууштай баримтлах ёстой гэж уриалсан байна.
Тэдний хэлснээр, Япон улс Дэлхийн II дайны дараа энх тайвны Үндсэн хуулиа баталж, дайнаас татгалзах зарчмыг хуульчилсан. Гэвч сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа нь түгшүүр төрүүлж байгааг жагсагчид онцолжээ.
Японы Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд олон улсын маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл болгон дайнаас татгалзах зарчмыг тусгасан байдаг. Цуглаанд оролцогчид уг зарчмыг хэвээр хадгалж, хойч үедээ энх тайван нийгмийг өвлүүлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Япон улс атомын бөмбөгийн халдлагад өртсөн дэлхийн цорын ганц улс гэдгийг сануулж, тус улсын пуужингийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал хэлэлцэгдэж байгааг эсэргүүцжээ.
“Япон улс цөмийн зэвсэгтэй байж болохгүй” хэмээн жагсагчид онцолсон байна.
Тэд цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь жинхэнэ аюулгүй байдлыг бий болгох арга зам биш гэж үзэж, Япон улс өнгөрсөн дайны түүхээс сургамж авч, дайны эмгэнэлт явдлыг дахин давтахаас зайлсхийх ёстойг уриалжээ.
