Тод индэр
Ж.Батбаясгалан: Найрамдлын буухиа уулзалтаар ирэх 100 жилийн харилцааныхаа суурийг бэхжүүлнэ

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа юм.
Нийт найман сарын турш ОХУ-ын нийслэл Москва хот болон Новосибирск, Барнаул, Горноалтайск, Кызыл, Эрхүү, Улаан-Үд хоттой цахим буухиа уулзалтыг зохион байгууллаа. Харин өнөөдөр энэхүү арга хэмжээ Улаанбаатар-Чита хотын хооронд буухиалсан бөгөөд үүнд Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон бусад албаны хүмүүс оролцов.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улс, Оросын Холбооны Улс /ОХУ/ нь газар нутгийн болон хоёр орны ард түмний хувьд салшгүй холбоотой, мөнхийн хөршүүд. Олон мянган жилийн найрамдалт харилцаа, орчин цагийн 100 жилийн дипломат харилцааны үр дүнд өнөөдөр манай хоёр орон стратегийн түнш хөршүүд болсон. Зөвхөн улс төр, дипломат харилцаа биш соёл, шинжлэх ухаан, урлаг гээд бүхий л салбарт хөгжүүлж буй жирийн харилцааг мөн онцлох хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хоёр орон маш олон салбар чиглэлд хамтын харилцааг хөгжүүлсээр ирлээ. Тиймээс бид хоёр улсын хил дагуух бүс нутгууд, хамтын ажиллагаат хотуудтайгаа цахим уулзалт хийж, төлөвлөсөн ажлуудаа дуусгах, ирэх 100 жилийн харилцааныхаа суурийг бэхжүүлэхэд энэхүү буухиа уулзалтын үр дүн оршиж байна” гэлээ.
Мөн Монгол Улсын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Улс орнууд хоорондоо дипломат хэлээр харилцах нь нэг хэрэг. Мөн “ардын дипломат” гэсэн сайхан харилцаа байдаг. Хоёр орны ард түмнүүдийн санаа бодол, ахуй соёлоор дамжуулан дипломат харилцаагаа хөгжүүлэх нь ихээхэн үр дүнтэй гэж бодож байна. Монгол ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн хугацааны 74 жилд нь Монгол Оросын найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулж, “ардын дипломат”-ууд маань өндөр их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог” хэмээв. Найрамдлын буухиа уулзалт ирэх аравдугаар сард Улаанбаатар-Элиста хотын хооронд болсноор өндөрлөнө.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Тод индэр
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.
Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.
Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Тод индэр
С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-Хүний эрхийг хангах, хамгаалахад манай эрх зүйн орчин ямар байна вэ?
-Би 2024 оны 10 дугаар сарын 22-нд Дэд хорооны даргаар сонгогдсон. Түүнээс хойш хүний эрхийг зүгээр нэг нийгмийг доргиосон, шуугиан тарьсан үед хөндөж яриад өнгөрдөг бус, эрх зүйн орчинд тогтвортой, тасралтгүй анхаарч шинэчлэл хийх шаардлагатайг ойлгосон. Хууль тогтоох байгууллагын хувьд бид зөвхөн хууль батлаад зогсох биш, түүний хэрэгжилт, хүний эрхэд үзүүлэх нөлөөлөлд хяналт тавих үүрэгтэй.
-УИХ энэ бүрэн эрхийнхээ хугацаанд бүх үйл ажиллагаагаа “хүн төвтэй” байхаар тодорхойлж, стратегиа баталсан, энэ хүрээнд хүний эрхийн чиглэлд ямар ахиц гарч байна вэ?
-Энэ стратеги бол парламентын үйл ажиллагааг илүү чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гарч буй шийдвэр бүр хүний эрхийн шалгуурыг давах ёстой гэдэг хатуу үзэл баримтлалтай. Өнгөрсөн намрын чуулганаар л гэхэд 100 орчим шийдвэр, хууль, тогтоол гарсан. Улсын Их Хурлаас гарч буй аливаа шийдвэр хүний эрхийг зөрчихгүй байх зарчмыг бид баримталж ажиллаж байна.
-Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтай байнгын уулзалт зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ механизм хэр үр дүнтэй байна вэ?
-Хүний эрхийн дэд хороо 2024 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, судлаачидтай хамтран, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сэдэвчилсэн уулзалт-хэлэлцүүлгийг хийж байна. Бодлогын түвшинд санал дэвшүүлж, хэлэлцдэг. Үүний үр дүнд хүний эрхийн чухал асуудлуудыг нийгмийн олон талт оролцоотойгоор хэлэлцэж, гарц шийдэл гаргаж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард UPR буюу НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт илгээх Монгол Улсын тайлангийн талаар, энэ оны 1 дүгээр сард НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн тухай, 3 дугаар сард хүүхдийн хорих ангийн нөхцөл байдлыг, 4 дүгээр сард Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрх хэрэгжилтийн талаар, 5 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, гарц шийдлийн талаар онцлон, хэлэлцсэн байна.
-Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ямар алхамууд хийгдэж байна вэ?
-Хамгийн энгийн жишээ гэхэд төрийн байгууллага хоорондын уялдаа муу, мэдээллийн зөрүү нь хүний эрхийн асуудалд сөрөг нөлөө үзүүлдэг. Нэг асуудлаар байгууллага бүр өөр мэдээлэлтэй, нэг сэдвийн талаар өөр ойлголттой ажиллаж байна. Хууль тогтоогчдын зүгээс үүнийг төрийн байгууллага хооронд уялдаагүй байдал, тогтолцооны хийдэл гэж үзэж байгаа.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2000 гаруй журам нийгмийн харилцааг зохицуулж, тэдгээрт хүний эрхийг хязгаарлаж, зөрчсөн заалтууд байх нь түгээмэл байна. Бид энэ байдлыг өөрчилж, хүний эрхийг хязгаарлах бол зөвхөн хуульд үндэслэн, байж болох хамгийн бага хэмжээнд хязгаарладаг болох эрх зүйн шинэчлэл хийх зорилттойгоор шат дараалсан ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.
Парламентын гишүүн “…иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, … Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж…” гэж тангараг өргөдөг бөгөөд энэ агуулгаараа “хүний эрхийг хамгаалах” тангарагтай гэсэн үг. Бид тангарагаа сахиж, ажил хэрэг болгохын тулд парламентын хяналтын чиг үүргээ илүү эрчимжүүлж, хариуцлагатай гүйцэтгэх шаардлагатай.
-Улсын Их Хурал энэ бүрэн эрхийнхээ хугацаанд "хүн төвтэй" стратегийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Хүний эрхийн асуудал нь ямар нэг даргын пи ар, эсвэл сонгуулийн үеэр ярьдаг сэдэв биш. Энэ бол чөлөөт, ардчилсан нийгмийн суурь, үнэт зүйл. Хүний эрхийг хамгаалах нь Улсын Их Хурлын гишүүн бүрийн, төрийн байгууллага бүрийн, төрийн бүх шатны байгууллагын үүрэг юм.
Парламентын үнэт зүйл нь олон хууль баталснаараа бус, баталсан хуулиуд нь амьдрал дээр хүний эрхийг бодитойгоор хангаж, хамгаалж чадсан эсэхээр хэмжигдэнэ. Иргэн бүрийн жижиг мэт санагдах асуудлыг ч томруулж харж, хамгаалж, шийдвэрлэх нь парламентын хариуцлага юм.
Тод индэр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Ялалтын баярын жагсаалд ОХУ-ын 11 мянга гаруй цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалыг 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан ахаллаа.
Алба хаагчид өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсын цэргийн багтай хамтран бэлтгэлээ хийжээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор хөдөлмөрлөж, Зөвлөлт Холбоот Улс, Улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, 500 мянган агт морьдоос гадна зургаан удаа дулаан хувцас, хоол хүнс, бүхий 740 вагон тусламжийн бараа нийлүүлж, ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.
-
Тод мэдээ2024/03/20
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Тод мэдээ2021/04/29
Оюутолгойн асуудлаарх Түр хороо Ажлын хэсэг байгууллаа
-
Тод индэр2023/11/27
Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх ...
-
Тод мэдээ2023/09/11
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 10 хувь буурчээ