Дэлхий нийтээр..
Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн туршлагаас суралцах хамтарсан хэлэлцүүлэг болов
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран өнөөдөр (2021.11.30) “Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав.
Энэ нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгийн хоёр дахь нь юм. Эхний хэлэлцүүлгийг “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг болосврол” сэдвийн хүрээнд өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар үг хэллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “…Барууны болон Азийн тэргүүлэх улс орнуудыг хамруулсан судалгаа хийж, эндээс Ази, Дорно дахины буюу Япон маягийн хөгжлийн загвараас жишиг авч, өөртөө тохируулан хэрэгжүүлэх нь Монголын нөхцөлд илүү тохиромжтой гэсэн дүгнэлт гаргасан. Энэ бол Японы хөгжлийн загварыг шууд хуулбарлан дуурайхгүйгээр, ололт амжилтад хүрсэн туршлагаас нь суралцаж, өөрийн орны нөхцөл байдалд зохицуулан хэрэгжүүлэх уриалга, санаачилга юм… Бид Япон, БНСУ, Сингапур зэрэг богино хугацаанд эрчимтэй хөгжсөн Азийн улс орнуудын жишгээр хөгжихийн тулд эдийн засгийн алсын хараатай бодлого боловсруулж, түүнээ шат дараатай, үр дүнтэй хэрэгжүүлэх, үйлдвэржүүлэх бодлого хэрэгжүүлж, үйлдвэрлэгч үндэстэн болох, ялангуяа боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх, экспортод суурилсан хөгжлийн загварын элементүүдийг нутагшуулах, үйлдвэрлэл, экспортыг санхүүжилтийн нэгдсэн бодлогоор удирдаж, зээл, хүүгийн таатай нөхцөлөөр дэмжих, хөгжлийн бодлого төлөвлөлтийн бие даасан яамтай болох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бодитой хангах зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд Японы эдийн засгийн өндөр өсөлтийн он жилүүдэд аж үйлдвэржилт-экспортын бодлогыг зангидаж байсан Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн яамны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг дэмжих “Main bank”-ны тогтолцоо, төсвийн хөрөнгө оруулалтын FILP хөтөлбөр, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг төр, хувийн хэвшил хамтран шийдвэрлэдэг “Deliberative council” систем, эдийн засгийн төлөвлөгөөгөө мөн хамтран боловсруулдаг Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл буюу “Economic Council”, Зөвлөлийн ажлын алба, үйл ажиллагааны уялдааг хангадаг Эдийн засгийн төлөвлөгөөний агентлаг буюу “Economic Planning Agency” зэргийн туршлагыг судлах нь чухал байна” гэж онцлон тэмдэглэв.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв болох Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогыг чиглүүлж ирсэн Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны гүйцэтгэх үүргийн талаарх шинжилгээ, судалгаа нь Монгол Улсад шинээр байгуулагдах Эдийн засаг, хөгжлийн яамны эрх, чиг үүргийг тогтоох болон үйл ажиллагааг чадавхжуулахад хувь нэмэр болох бол баяртай байна гээд улс орон бүр өөрийн гэсэн ёс заншил, соёл, тогтолцоотой байдаг. Дэлхийд Монгол Улстай яг адилхан улс байхгүй ч дайны дараах сэргээн босголт, бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлсэн Япон Улсын туршлагыг судалснаар Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын гол санааг олж харна гэдэгт итгэж байна хэмээн тэмдэглэсэн.
Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико цуврал хэлэлцүүлгүүдийг хоёр талын хамтын ажиллагааны хүчин чармайлт, дэмжлэгийн хүрээнд зохион байгуулж буйг дурьдаад, хэлэлцүүлгүүд нь Монгол, Япон Улсын эдийн засгийн харилцааны хөгжил, түншлэлд ихээхэн нөлөө үзүүлэх чухал ажил болно хэмээн итгэж байна гэлээ.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Т.Аубакир, Х.Булгантуяа, Д.Батжаргал, Д.Батлут, Х.Ганхуяг, Т.Доржханд, Д.Сарангэрэл, Д.Өнөрболор, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монгол банк, Хөгжлийн банк, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнууд оролцлоо.
Нээлтийн дараа Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдын зөвлөх Сабүри Масатака “Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын шинэчлэл, экспортын үйлдвэрлэлийн хөгжил” сэдвээр Япон улсаас онлайнаар илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлээрээ Япон Улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны түүхэн замнал ба улсын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, аж үйлдвэрийн бодлогын бодит нөхцөл байдал, Японы төрийн захиргааны байгууллагын өөрчлөлт, шинэчлэлтийн туршлагаас сонирхолтой мэдээлэл танилцуулсан бол үргэлжлүүлэн Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлс ба авч буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан.
Мөн Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дэд дарга Иший Такаюки онлайнаар “Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны бүтэц ба бусад яамдын уялдаа, ажил үүргийн хуваарилалт” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ Япон Улс 1945 оны дэлхийн хоёр дугаар дайнд ялагдаж, газар нутаг, улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбар ч сүйрлийн байдалтай болсон хэдий ч богино хугацаанд дэлхийд дээгүүрт орох эдийн засгийн хүчтэй орон болсон талаар мэдээллийг хуваалцахын зэрэгцээ хөгжилд хүрч чадсан шалтгааныг төрөөс үр дүнтэй бодлого, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил нэгэн цул болж хамтран ажиллаж ирсний үр дүн гэж тодорхойлов. Тэрбээр мөн Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны бүтэц, чиг үүрэг, санхүүгийн бодлогын сүүлийн үеийн өөрчлөлтийн мэдээллээс хуваалцлаа.
Сүүлийн илтгэлийг Санхүү эдийн засгийн их сургуулийн ректорын зөвлөх З.Шагдарсүрэн “Японы эдийн засгийн хөгжилд хөгжлийн санхүүжилтийн гүйцэтгэсэн үүрэг, Монгол Улсад авах сургамж” сэдвээр тавьсан.
Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хэлсэн үгэндээ “Бид Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулан гадаад, дотоод худалдааны бодлогыг нэгтгэн зангидах бүтэцтэй болж байна. …Манай улс Япон Улстай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх, өөрийн орны экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмал болон уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан үндэсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Япон Улсын өндөр технологийг нутагшуулах нь маш чухал гэв.
“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгүүд Япон Улсын хөгжлийн туршлагыг судлах гол ач холбогдолтойг хэлэлцүүлгийн чиглүүлэгч Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг тэмдэглэж, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж оролцсон болон онлайнаар оролцсон бүх хүмүүст, тэр дундаа хамтрагч байгууллага Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-д, туршлага, мэдээллээ харамгүй хуваалцсан илтгэгчдэд талархал илэрхийлэв.
Дэлхий нийтээр..
Башар Ассад болон түүний дүүд цаазаар авах ял оноожээ
Сирийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Башар Ассад болон түүний дүү Махер Ассадад хүн амины хэрэг, эрүүдэн шүүх, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутган эзгүйд нь цаазаар авах ял оноожээ. Энэ нь Ассадын гэр бүл таван арваны турш Сирид эрх барьсан үе дууссанаас хойш Башар Ассад болон түүний ойрын хүрээнийхэнд оноосон анхны шүүхийн шийдвэрүүдийн нэг болж байна.
Башар Ассад болон Махер Ассад нар 2024 оны арванхоёрдугаар сард Сирийн засгийн газар нуран унасны дараа ОХУ руу дүрвэж, орогнол авсан тул шүүхийн шийдвэрийг одоогоор хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байна. Мөн Ассадын үеийн өөр зургаан албан тушаалтанд эзгүйд нь цаазаар авах ял оноожээ.
Шүүхээс Ассад болон бусад шүүгдэгчдийг урьдчилан төлөвлөсөн аллага, хүүхдүүдийн амь насыг хөнөөсөн хэрэг, эрүүдэн шүүх болон бусад ноцтой хүчирхийлэлд буруутай гэж үзсэн байна. Сирийн шүүгч Фахреддин аль-Ариан Ассад төрийн байгууллагуудыг ашиглан дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгджээ.
Шүүхээс цаазаар авах ял сонссон хүмүүсийн дунд Ассадын үеийн улс төрийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Атеф Нажиб багтжээ. Тэрээр 2011 онд Дараа хотод Засгийн газрын эсрэг уриа бичсэн өсвөр насныхныг баривчилж, эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой. Энэ явдал Сирийн Засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцэл дэгдэх нэг шалтгаан болж, улмаар 14 жил үргэлжилсэн иргэний дайнд хүрсэн юм.
Харин хүний эрхийн зарим байгууллага шүүх ажиллагаа хэт яаравчлагдсан, шударга шүүхийн зарчим хангалттай мөрдөгдөөгүй байж болзошгүй гэж болгоомжилж байна.
Хүний эрхийн ажиглагчид цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцсэн байр сууриа дахин илэрхийлсэн бол Сирийн Шударга ёс, хариуцлагын төв энэ шийдвэрийг шилжилтийн үеийн түүхэн алхам гэж үнэлэхийн зэрэгцээ шүүхийн тогтолцооны сул талыг анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
Далайн гадаргын температур долдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрчээ
2026 оны долдугаар сард дэлхийн агаарын дундаж температур түүхэн бүртгэл дэх хоёр дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн бол далайн гадаргын дундаж температур тухайн сарын хувьд түүхэн дээд үзүүлэлт тогтоосон талаар Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлжээ.
Мөн Баруун Европт зургаадугаар сараас долдугаар сарын хооронд урьд өмнө бүртгэгдээгүй халуун үе үргэлжилсэн байна. Европ төдийгүй Ази, Латин Америкийн зарим бүс нутагт хэт халалт ажиглагдаж, Япон, БНСУ-д агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар дэлхийн далайн ойролцоогоор 82 хувьд тодорхой хугацаанд хэвийн хэмжээнээс хэт халсан үзэгдэл ажиглагдсан байна. Далайн ус удаан хугацаагаар хэт халах нь далайн экосистемд сөргөөр нөлөөлөхөөс гадна цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрчим, давтамжид нөлөөлөх эрсдэлтэй юм.
Дэлхийн зарим хэсэг хэт халалттай нүүр тулж байгаа бол өөр бүс нутагт аадар бороо, үерийн гамшиг нэмэгджээ. Тухайлбал, Баруун Африкийн зарим нутгаар муссоны хүчтэй бороо орж, үер буусан байна.
Хэт халалт, хуурайшилт, ган гачиг ойн түймрийн эрсдэлийг мөн нэмэгдүүлжээ. Долдугаар сард Баруун Европт ойн түймрийн идэвхжил эрс нэмэгдсэн бөгөөд Францад энэ жил сүүлийн 24 жилийн хамгийн хүнд ойн түймрийн улирлуудын нэг тохиож болзошгүй байна. Испанид ч түймрийн идэвхжил өмнөх жилүүдийн мөн үеийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байгаа аж.
Үүний зэрэгцээ АНУ-ын баруун хэсэг болон Канадын зарим бүс нутагт томоохон ойн түймэр гарч, халуун, хуурай цаг агаар түймэр тархах нөхцөлийг улам нэмэгдүүлсэн байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын Уур амьсгалын мэдээллийн газрын дарга Жон Кеннеди дэлхийн дулаарал үргэлжлэхийн хэрээр хэт халалт илүү олон давтагдаж, эрчимжихийн зэрэгцээ удаан үргэлжилж, хамрах газар нутаг нь тэлж байгааг онцолжээ.
Баруун Европт энэ зун үргэлжилсэн хэт халалтыг Эль-Ниньо үзэгдэлтэй шууд холбох тодорхой нотолгоо одоогоор байхгүй байна. Гэсэн хэдий ч Номхон далайд Эль-Ниньо эрчимжвэл дэлхийн агаарын дундаж температур цаашид нэмэгдэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
Токиод Японы цэрэгжилтийн бодлогыг эсэргүүцсэн иргэд жагсжээ
Японы Нагасаки хотод атомын бөмбөг хаясны 81 жилийн ой наймдугаар сарын 9-нд тохиолоо. Энэ өдөр Токио хотод иргэд цуглаан зохион байгуулж, Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газрын батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах чиглэлээр явуулж буй бодлогыг эсэргүүцжээ.
Цуглаанд оролцогчид Япон улс өнгөрсөн үеийн дайны түүхээс сургамж авч, энх тайванч хөгжлийн замыг тууштай баримтлах ёстой гэж уриалсан байна.
Тэдний хэлснээр, Япон улс Дэлхийн II дайны дараа энх тайвны Үндсэн хуулиа баталж, дайнаас татгалзах зарчмыг хуульчилсан. Гэвч сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа нь түгшүүр төрүүлж байгааг жагсагчид онцолжээ.
Японы Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд олон улсын маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл болгон дайнаас татгалзах зарчмыг тусгасан байдаг. Цуглаанд оролцогчид уг зарчмыг хэвээр хадгалж, хойч үедээ энх тайван нийгмийг өвлүүлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Япон улс атомын бөмбөгийн халдлагад өртсөн дэлхийн цорын ганц улс гэдгийг сануулж, тус улсын пуужингийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал хэлэлцэгдэж байгааг эсэргүүцжээ.
“Япон улс цөмийн зэвсэгтэй байж болохгүй” хэмээн жагсагчид онцолсон байна.
Тэд цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь жинхэнэ аюулгүй байдлыг бий болгох арга зам биш гэж үзэж, Япон улс өнгөрсөн дайны түүхээс сургамж авч, дайны эмгэнэлт явдлыг дахин давтахаас зайлсхийх ёстойг уриалжээ.
-
Дэлхий нийтээр..2023/11/13
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Дэлхий нийтээр..2023/07/20
СОЁЛЫН ЯАМ: Cоёлын дурсгалыг Турк Улс руу гаргахгүй...
-
Дэлхий нийтээр..2024/10/01
Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэ...
-
Хэн юу хэлэв...2026/08/05
Трамп холбооны прокурор Жанин Пиррог шүүмжилжээ
