Үйл явдал
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын шинийн 15. Буд гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.
Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Үйл явдал
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо зохион байгуулав.
Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээснийг тэмдэглэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар баяжуулах, Германы дэвшилтэт технологи, ноу-хауг Монгол Улсын нөөц боломжтой уялдуулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, бизнес эрхлэгчдийг хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бодит ажил хэрэг болгохыг уриалав.
Бизнес форумын хүрээнд Монгол Улсын аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, хөгжил, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн нийт зургаан баримт бичгийг солилцов.
Тухайлбал, Монголын “GR Precast” ХХК болон Германы “CBS Home” компани Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн орчин үеийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр, “Blackbox Energy” болон “smartOPS” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг солилцов. Мөн “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System” болон “Eberhardt” компаниудтай тус тус бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг солилцов.
Герман-Монголын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг урагшлуулах, Монгол, Германы Стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар баяжуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
-
Хэн юу хэлэв...2026/04/29
АНУ болон Латин Америкийн орнууд Хятадыг Панамтай холбоотой эдийн засгийн дарамт...
-
Хэн юу хэлэв...2021/10/22
Бейрутийн харанхуй бидэнд юуг хэлнэ вэ?
-
Дэлхий нийтээр..2023/04/24
ГЕГ: Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч 27 аж ахуйн нэгжид зөвлөмж мэдээлэл өгл...
-
Үйл явдал2023/02/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
