Хэн юу хэлэв...
Г.Гэрэл: “XXI Зуун-Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн зөвлөгөөн болно
МҮОНРТ-ээс санаачилж, “XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн”-ийг энэ сарын 30-нд буюу нөгөөдөр 08:00-13:00 цагт Төрийн ордны “Их танхимд” зохион байгуулах гэж байна. Үүнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байна.
Зөвлөгөөний талаар МҮОНРТ-ийн Дэд захирал Г.Гэрэлтэй ярилцаж, мэдээлэл авав.
-Энэхүү зөвлөгөөний зорилго юу вэ?
-МҮОНРТ, ХСҮТ найман жилийн өмнөөс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг санаачилж, Монгол орон даяар хэрэгжүүлсэн нь маш их үр дүнд хүрсэн. Олон мянган иргэдийг урдчилсан үзлэг оношлогоонд хамруулж, хавдар туссан олон зуун хүнийг анхан шатны шинжилгээнд оруулснаар өвчин хүндрэхээс сэргийлсэн. Энэ бол бидний ажлын хамгийн сайхан үр дүн юм. Айл бүрт тохиолдож болох юм шүү гэдгийг телевиз, сонин, сайтаар дамжуулж мэдээллэхдээ хэрхэн сэргийлж болох, өвчнийг даван туулахын тухайд мэдлэг өгсөн.
Энэ зөвлөгөөний хувьд эмч нар, хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлэхээс илүү гэр бүлээрээ хүн бүр тэмцвэл илүү үр дүнд хүрэх болохыг сануулах болно. Учир нь хавдрын өвчин гэдэг бол тухайн өвчтөний асуудал биш. “Нийгмийг доройтуулах” өвчин болсон. Өвчтөнөө сахиж байгаа аав, ээж, эхнэр, нөхөр, дүү, хүүхдүүдийнх нь ч асуудал болоод байна. Эдийн засаг санхүүгийн хувьд асар хохиролтойн дээр гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа, зарцуулсан цаг хугацаа, ирээдүйд тохиох олон боломж, сонголтоосоо татгалзсан бүхнийг хэмжихийн аргагүй шүү дээ. Иймд “чимээгүй тахал” болсон энэ өвчнөөр өвчлөхгүйн тулд ухамсраараа урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

-Хүмүүс өвдсөн хойноо “Намайг эмчлэх ёстой” гэсэн хандлагаар бухимдаж аргаа бардаг. Засаг, эмнэлэг, эмч нар аль болох бүхий л боломжоо шавхдаг. Таны яриаг сонсоод “Хувь хүн, өрх, гэр бүлээрээ үзлэг оношлогоонд орж, сэргийлэх ёстой юм байна” гэж бодлоо ...
-Найман жилийн өмнө бид дээрх аяныг эхлүүлж байхад хавдраас айж, давагдашгүй мэт санагдах айдас нийгэмд их байсан. Харин одоо эмч нарын эмчилгээний арга барил, чадавх дээшилж, тоног төхөөрөмж сайжирч, шинжилгээ оношлогоо ч нарын хийгдэх болсны ачаар өвчнийг даван туулах чадвар нэмэгдэж, “эдгэрнэ” гэсэн итгэл ихэссэн нь мэдэгдэж байна. Эрүүл мэндийн яам, бодлого тодорхойлогчид ч “Өвдөхөөсөө өмнө үзүүл” гэсэн зөвлөгөөг өгч байна. Тиймээс бид энэ удаагийн зөвлөгөөнөөр хавдрын өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргэж, бас олон нийтийн саналыг нээлттэй хүргэхийг зорьж байна. Нийслэл хотын 9 дүүрэг, 21 аймгаас төлөөлөл болж хүрэлцэн ирэхийг урья. МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах 321614, 8818-7448 гэсэн утасны дугаараар холбогдож, бүртгүүлнэ. Оршин суугаа дүүрэг, аймаг, сумынхаа олон нийттэй харилцах албанд бүртгүүлж, оролцох боломжтой юм.

-Зөвлөгөөнд оролцох зочид...
-УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын эмч нар оролцоно.
-Үүнээс гадна МҮОНРТ-ээс санаачилж “Хөнгөвчлөх өрөө” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байгаа ...
-Тийм. Энтертайнмент хэлбэрийг ч ашиглавал иргэдэд улам үр дүнтэй болох болов уу гэсэн үүднээс уран сайхны кино хийхээр ажиллаж байна. Зураг авалт ч ид өрнөж байгаа. Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, гол дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Н.Баярмаа нар тоглож байгаа бол орлон тоглогчоор Э.Мөнхбат сонгогдсон. Киноны агуулга нь хавдрын өвчин туссан иргэн болон түүний гэр бүл ямар их шаналж байгаа, түүнээс хэрхэн ангижирч буй тухай өгүүлнэ. Нөгөө талаар ийм аймшигт өвчин тусахаас сэргийлээрэй гэсэн утга санааг илэрхийлж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.


Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Хэн юу хэлэв...2022/07/26
Их эмч Н.Шүүдэр: Монголын УАУ-ы гайхамшигтай мэдлэгийг Монголд, тэр дундаа Оточ ...
-
Үйл явдал2023/01/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
Хэн юу хэлэв...2024/05/21
Б.Энхбаатар: 2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуу...
-
Дэлхий нийтээр..2021/04/12
Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн ба...
