Дэлхий нийтээр..
Нийт шүүгчийн хуралдаан боллоо
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдлүүд, Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг тус намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдлүүдийг хэлэлцэв.
- Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас:
- 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ-35 дугаар албан бичгээр “... Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Эрдэнэ мөн болохыг ... баталгаажуулан, намын 14 дүгээр Их хуралд уламжлан хэлэлцүүлэхээр 37 тоот тогтоол гаргасан, ... Ардчилсан намын 14 дүгээр Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж, дээрх 37 дугаар тогтоолыг хэлэлцэн, ... батламжилж, Улсын дээд шүүхэд уламжлахаар шийдвэрлэсэн” гэж, “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэх талаар”;
- 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ХЭГ/40 дүгээр албан бичгээр мөн ижил агуулгатай, “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэх талаар”;
- 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ХЭГ/39 дүгээр албан бичгээр “Ардчилсан намын 14 дүгээр Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, намын Үндэсний бодлогын хорооны гишүүд, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн батламжилсан шийдвэрийг гаргасан ... мэдээллийг хүргүүлж байна” гэх албан бичгүүдийг тус тус;
- Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, П.Нүрзэд, Б.Ган-Очир нараас:
- 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02/166 дугаар албан бичгээр “Ардчилсан намын Ээлжит бус Их хурал 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуралдан, тус намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт /оруулсан/, мөн... Ардчилсан намыг тодорхой хугацаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг Ө.Шижирт олгосон ... тул Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, түүнчлэн ... Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийж өгнө үү ...” гэх;
- 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 02/178 дугаар албан бичгээр “... намын Үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.10.1.1-д зааснаар намын дарга С.Эрдэнэ огцорсонд тооцогдсон. ... Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоол ...-оор бүртгэсэн дүрмийн өөрчлөлт нь огцорсонд тооцогдсон даргад буцаж үйлчлэхгүй. ... Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.12.1, 5.12.4.11 дэх заалтуудад ... зохицуулсны дагуу Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг тэргүүн дэд дарга /Ө.Шижир/-т олгосон” гэх агуулгатай “Нэмэлт тайлбар өгөх тухай” гэх албан бичгүүдийг тус тус Улсын дээд шүүхэд ирүүлэв.
- Түүнчлэн, дээрх өргөдлүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан:
- Ардчилсан намын гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн, 14 дүгээр Их хурлын төлөөлөгч гэх Д.Алтанхуягаас 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “... С.Эрдэнэ нь өөрийгөө Ардчилсан намын дарга мөн, Улсын дээд шүүхийн бүртгэлд би Ардчилсан намын даргаар бүртгэлтэй байгаа гэж намын гишүүдийг хууран мэхэлж намын үйл ажиллагааг дүрмийн бус аргаар удирдан явуулсаар байна. ... Ардчилсан намын 14 дүгээр Их хурлаас гаргасан гэх дүрмийн бус “С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх тухай” хүсэлтийг татгалзаж өгнө үү ...” гэх агуулгатай “Өргөдөл гаргах тухай”;
- Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ХЭГ/43 дугаар албан бичгээр “Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэх асуудлаар Ардчилсан намын бүтцийн аль ч байгууллагаас шийдвэр огт гаргаагүй” гэж, “Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг эс зөвшөөрөх тухай”;
- Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ХЭГ/44 дүгээр албан бичгээр “... Ардчилсан намын зүгээс дээрх нэр бүхий этгээдүүдийг Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр огт томилоогүй, ... нэр бүхий хэсэг бүлэг иргэд Ардчилсан намын нэрийг барин хүчингүйд тооцож, ашиглахыг хориглосон ... тамганы дардас хэрэглэн, Улсын дээд шүүхэд ... өргөдөл хүргүүлсэн ... уг хүсэлтийг хүлээн авахгүй байх үндэслэл болно. Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн Улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх гэсэн хууль бус үйлдлийг ... Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна” гэх агуулгатай “Шаардлага хүргүүлэх тухай”;
- Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ХЭГ/45 дугаар албан бичгээр “иргэн И.Мөнхжаргал гэгч өөрийгөө Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн нэрлэж, Ардчилсан нам хэзээ ч хуралдаагүй Их хурлын /2022.08.18/ шийдвэр гэх зүйлийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ... Ардчилсан намыг төлөөлөн Улсын дээд шүүхэд өргөдөл гаргах эрхгүй этгээд ...тул И.Мөнхжаргал, Ө.Шижир нарын гаргасан өргөдлийг хэлэлцэхээс татгалзан буцааж өгнө үү” гэх агуулгатай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгүүдийг тус тус Улсын дээд шүүхэд ирүүлжээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар эдгээр өргөдөл, хүсэлт, албан бичгүүдийг нэгтгэн хэлэлцээд, Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас өмнө гаргасан тогтоолуудад заасан зөрчил арилаагүй хэвээр байна гэж үзэж, хүсэлтүүдийг тус тус хангахгүй, бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.
Монголын Либерал намын ээлжит 5 дугаар Их хурлаар намын даргаар Э.Оргилыг сонгосныг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн Б.Амгаланбаатарын өргөдлийг хэлэлцээд, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцэж байна, зөрчилгүй хэмээн үзэж бүртгэв.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
