Дэлхий нийтээр..
Монгол–Буриадын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргана
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденовтой уулзлаа.
Хоёр улсын засгийн газар хоорондын комиссын “ Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын хуралдааныг удирдахаар Буриад улсад хүрэлцэн ирсэн танд талархаж байна. Хил орчмын бүс нутаг, цаашлаад улс хоорондын эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ удаагийн хуралдаан өндөр ач холбогдолтой.
Хурлаар зөвхөн бүс нутаг, хилийн асуудал хэлэлцээд зогсохгүй эрүүл мэнд, боловсрол, тээвэр логистик гээд өргөн хүрээний харилцаа хамтын ажиллагааг хөндөнө. Буриад Улсын Засгийн газар Монгол Улстай харилцаа хамтын ажиллагааг соёл урлаг, аж үйлдвэрлэл, боловсрол, барилга гээд олон салбарт идвэхтэй хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байдаг.

Тиймээс ч цар тахлын амаргүй үед Алтанбулагийн боомтын бүтээн байгуулалтыг богино хугацаанд өрнүүлж, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж чадлаа. Хил гаалийн үйл ажиллагаа хялбаршуулахад анхаарч байгаа төдийгүй харилцан ашигтай экспорт, импортыг хөгжүүлэх нь чухал байна хэмээн Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов онцоллоо.
Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х. Булгантуяа хэлэхдээ” Монгол - Буриадын сайн хөршийн харилцааг эрчимтэй хөгжүүлэх, өргөжүүлэхэд онцгой анхаардаг. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа тэлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс ”Боомтын сэргэлт”-ийн бодлогогыг тусгайлан хэрэгжүүлж байна. Цар тахлын амаргүй үед хилийн боомтуудын үйл ажиллагаа суларч, идэвхжилт нь буурсан ч гэлээ дахин сэргэж, ялангуяа ОХУ –аас Монгол Улстай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтыг өрнүүлсэн нь хоёр талын худалдаа эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “ Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд зөвхөн ОХУ –аас л гэхэд 200-250 мянган жуулчин хүлээн авахаар тооцсон. Аялал жуулчлалын хамгийн гол бүс нутаг бол Буриад. Гол боомт нь Алтанбулаг юм. Тиймээс энэ боомтын бүтээн байгуулалтын ажилд онцгойлон анхаарч, хоёр талын хил, гаалын үйл ажиллагааг хүнд сурталгүй , түргэтгэх тал дээр ч идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэх шаардлага байна“ гэдгийг хэллээ.
Уулзалтын төгсгөлд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идвэхжүүлэхэд хоёр тал идвэхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос мэдээллээ.Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
-
Үйл явдал2021/09/13
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бизнес эрхлэгчид, хөрөн...
-
Дэлхий нийтээр..2022/01/25
Иргэдийг байнгын 53 цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулж байна
-
Дэлхий нийтээр..2023/10/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Дэлхий нийтээр..2022/07/20
Хичээл эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварыг дуусгахыг үүрэг бо...
