Тод мэдээ
Илт худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна
Олон нийтийн цахим сүлжээгээр "караоке машинуудаас "Дөрвөн улирал, хоёр амраг", "Тэмээн сүргийн говь", "Бэлхийн голын найр", "Сэтгэлийн булаг" зэрэг дуунуудыг хасаж, дуулахыг хориглох гэж байна..." гэсэн агуулга бүхий мэдээлэл тарах болсонтой холбогдуулан Монгол Улсын Соёлын яамнаас дараах уриалгийг гаргалаа. Үүнд:
"Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх караокед нэр бүхий дууг дуулахыг хасах, хориглох тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна" гэсэн утга бүхий илт худал мэдээлэл цацагдаад байна.
Харин Монгол Улсын Соёлын яамнаас "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай" хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр дэмжигдсэн.
Энэхүү хуулийн төсөлд хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан уран бүтээлчид орлого олох боломжийг бүрдүүлэхээр тусгасан юм.
"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай" хуулийн төслийн 12.3-т "Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ" гэж заасан бөгөөд энэхүү хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр тухайн дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч тухайн соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашигласан тохиолдол бүрээс уран бүтээлч, дуучин тодорхой хувь авч орлогожих боломжийг бий болгоно.
Иймд та бүхэн илт худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна." гэжээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл