Тод мэдээ
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ

Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүр ашиглалтад орлоо. Хуучин гүүрний баруун талд барьсан тус гүүрний зорчих хэсгийн өргөн долоон метр, явган замын өргөн хоёр метр, нийт 10 метр бөгөөд 225 метрийн урттай. Өрөмдмөл шон суурьтай, хүчитгэсэн дам нуруутай уг гүүрийг дотоодын “ЗМЗ” компани барьж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн юм. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган машин нэвтрүүлнэ.
Хуучин гүүрний хувьд 1968 онд ашиглалтад орсон бөгөөд нэг ч удаа их засвар хийж байгаагүй. Өдгөө 55 дахь жилдээ ашиглаж байгаа уг гүүрийг 2012 онд авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар гүүрний элэгдэл, нуман тулгуурын даац муудсан зэргийг үзлэг шалгалтаар тогтоож, “Нурааж шинээр барих” дүгнэлтийг гаргаж байжээ. Сүүлийн 10 гаруй жил энэхүү хуучин гүүрийг нурааж, шинэчлэх өргөтгөх төсөв шийдэгдэхгүй явсаар ирснийг ийн шийдэж, шинэ гүүрийг ашиглалтад орууллаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:
-Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэнэ. Мөн Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм. Цаашид “Оргил” худалдааны төвийн урд талын уулзварыг хоёр түвшний болгох зургийн ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд Богдхан уулын замыг өргөтгөхөөр төлөвлөж буй.
Шинэ гүүрийг үндэсний компаниуд есөн сарын турш байгуулсан. Өмнө нь бид гуравдагч орны тусламжтайгаар гүүрэн байгууламж барьдаг байсан бол анх удаа үндэсний компани богино хугацаанд, харьцангуй хямд өртгөөр гүйцэтгэсэн хэмээлээ.
Гүйцэтгэгч "ЗМЗ" ХХК-ийн захирал Д.Ганбаатар:
-Цаг агаарын нөхцөл байдлаас буюу их хэмжээний усархаг борооноос үүдсэн үерийн улмаас бүтээн байгуулалтын ажил сар гаруйн хугацаанд зогссон. Уснаас доош 20-30 метр газарт барилга угсралтын ажил хийсэн бөгөөд энэ нь гүүрэн байгууламжийн ажлын 50 гаруй хувийг бүрдүүлнэ. Харин уснаас дээш 24 метрийн урттай, 60-70 тонн бүхий олон дам нуруунуудыг 100 тонны хоёр кранаар угсардаг. Бүтээн байгуулалтад манай компанийн 60-70 хүнтэй баг, инженер техникийн ажилтан 17 жижиг, том техниктэйгээр ээлжгүй ажилласан. Гэрээний хугацаа дуусаагүй, цаашид ногоон байгууламж, тохижилтыг хийхээр ажиллаж байна гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн авто замын түгжрэлийг бууруулах болон авто зам тээврийн асуудал хариуцсан зөвлөх Б.Одсүрэн:
-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод долоон гүүр баригдаж байгаа бөгөөд эхнээсээ ийн ашиглалтад орж байна. Энэ гүүр Хотын төвөөс Зайсан руу явдаг гол замын нэг, маш их ачаалалтай байсан. Зам дөрвөн эгнээ явж байгаад гүүрэн дээр хоёр эгнээ болдог тул зорчих хөдөлгөөн удааширдаг байлаа. Шинэ гүүр ашиглалтад орсноор зорчих хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна хэмээн ярилаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Тод мэдээ2024/01/25
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг ан...
-
Чөлөөт бүс2020/05/07
“Монголын Залуучууд Музей”-д түүхэн эд өлгийн зүйлсийг хүлээн авч ба...
-
Тод мэдээ2022/09/22
Солонгосын Ганвон мужид Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл...
-
Өнөөдөр2021/05/17
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана