Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2023 оны 10-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-нд говь, талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 3-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Үйл явдал
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Үйл явдал
Ойрхи Дорнодын нөхцөл байдал тогтворжихгүй хэвээр
2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Ойрхи Дорнодын бүс нутагт аюулгүй байдлын нөхцөл байдал тогтворжихгүй, зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн хурцадмал байдал үргэлжилсээр байна.
Израиль–Ливаны хил орчимд зөрчил намжаагүй бөгөөд харилцан довтолгоо, цэргийн шинжтэй үйл явдлууд тасралтгүй бүртгэгдэж буйг олон улсын байгууллагууд мэдээллээ. Үүний улмаас энгийн иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсэж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлага ажиглагдаж буйг онцоллоо.
Үүний зэрэгцээ АНУ болон Ираны хоорондын харилцаа хурц хэвээр байгаа бөгөөд бүс нутагт цэргийн бэлэн байдал нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд, ялангуяа далайн тээврийн урсгалд тодорхой бус байдал үүссэнийг шинжээчид анхааруулав. Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлөх эрсдэл дагуулж буйг мөн дурдлаа.
Сирид АНУ цэргийн оролцоогоо дуусгасны дараа тус улсын эрх баригчид өмнө нь ашиглагдаж байсан цэргийн баазуудыг бүрэн хяналтдаа авснаа мэдэгдэв. Үүнийг бүс нутгийн хүчний харьцаанд тодорхой өөрчлөлт авчрах магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна.
Нөгөөтэйгүүр, НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг зөрчлийг намжаах, гал зогсоох хэлэлцээр байгуулахыг уриалж, дипломат шугамаар яриа хэлэлцээг идэвхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Гэвч бодит ахиц хараахан гараагүй хэвээр байна.
Эдгээр үйл явдлын нөлөөгөөр дэлхийн зах зээлд тодорхой бус байдал нэмэгдэж, газрын тосны үнэ хэлбэлзэхийн зэрэгцээ хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үргэлжилсээр байна.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
