Тод мэдээ
"NAP" төслийн хаалтын хурлыг хийлээ

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийн хаалтын хурлыг хийлээ.
Тус төслийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, өртөмтгий байдал, эрсдэлийг үнэлэх замаар түүнд дүн шинжилгээ хийн, дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах, мөн хэрэгжилтийг хангуулахад шаардлагатай институцийн болон техникийн чадавхыг үндэсний түвшинд бэхжүүлэх замаар Дасан зохицох үндэсний төлөвлөгөөг боловсруулах үндсэн суурийг тавих, бэлтгэл ажлыг хангуулах, боловсруулах, батлуулах, хүчин төгөлдөр болгох зэрэг ажлуудыг энэхүү төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн.
Тус төсөл нь зөвхөн дасан зохицох төлөвлөгөөг цогцоор нь боловсруулсан төдийгүй төлөвлөлтийн процессыг тодорхой түвшинд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж, зорьсон зорилгодоо хүрч амжилттай хэрэгжсэн гэж үнэллээ.
Хуралд нийт 84 оролцогч танхимаар, 6 хүн цахимаар оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Тод мэдээ
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний үе шатаар 45 га талбайд 462 айлын орон сууцыг барина. Хоёр дахь үе шат 33.8 га талбайд 2338 айлын орон сууцыг барина. Нийт 5000 айлын орон сууцыг Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 2028 онд барихаар төлөвлөж байна. Төслийн эхний үе шат Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороог хамрах 45 га талбайд хэрэгжинэ. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.5 га талбайд 462 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ зун ашиглалтад оруулах юм.
Баянхошуу хот орон сууцжуулах төслийг Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжаар хэрэгжүүлж байна. Баянхошуунд 5000 айлын орон сууц барьснаар 5000 янданг буулгаж, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт, халаалтын хэмнэлтийг шийдэж өгсөн үр дүнтэй төсөл байх юм. Өөрөөр хэлбэл, саарал ус, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг асуудлыг давхар шийдэж өгснөөрөө онцлогтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Тод мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.
Эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.