Үйл явдал
Авлигын эсрэг сургалтад 1898 иргэн, албан тушаалтныг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр газрын салбарын албан хаагчдын ёс зүйн болон хүнд сурталд хамаарах асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны нийт 11 байгууллага, Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, стандарт боловсруулах, батлуулах үйл ажиллагаанд холбогдуулан Стандарт хэмжил зүйн газарт тус тус албан зөвлөмж хүргүүлэв.
Түүнчлэн “Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх, үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох” тогтоол, эрчим хүчний салбарт төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилт, барилгын норм, нормативын санд орлого төвлөрүүлэх, барилгын тусгай зөвшөөрөл сунгахад компаниудын тайланд үндэслэж бодитой тооцоо хийдэг эсэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны хотхон төслийн явцын ил тод байдал зэрэг асуудлаар дүн шинжилгээ хийж байна.
Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийн үйлчилгээний хүнд суртлыг бий болгоод зогсохгүй цаашлаад авлигын гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэлийг дагуулж болзошгүй “Өргөө” амаржих газрын удирдлагаас үндэслэлгүй тогтоосон төлбөртэй үйлчилгээний журмыг хүчингүй болгуулахаар ажиллав.
Авлигын эсрэг сургалтад 1898 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.Үйл явдал
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна.
Төвийн аймгуудын нутгаар: 7 болон 8 дугаар саруудад агаарын температур дунджаас дулаан байх хэдий ч хур тунадасны хувьд дунджийн орчим байх төлөв ажиглагдаж байгаа ба түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй байна.
Түүнчлэн говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас ихтэй, сэрүүн, салхитай байх төлөвтэй байгаа тул болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Долоодугаар сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговь болон Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Наймдугаар сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завханы ихэнх, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.
Үйл явдал
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Үйл явдал
Илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх зааварчилгаа өглөө
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хүрээнд улсын хэмжээнд хяналт, шалгалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.
Ажиллах үеэрээ аймаг, орон нутгийн онцлогт тохируулан иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, мэргэжил, аргазүйгээр хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.
Мөн эрсдэл үүсэж болзошгүй бүхий л газрууд болон иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тухайн байршлуудад хяналт, шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь шуурхай арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
Түүнчлэн иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд эрчимжүүлэхийг онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

-
Үйл явдал2025/08/25
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Тод зураг2019/09/10
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/04/17
Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"...
-
Үйл явдал2019/07/05
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт ...
