Үйл явдал
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
Улаанбаатар хотод зургаадугаар сарын 18-аас 22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүллээ.
Улмаар үерийн улмаас эвдрэл үүссэн барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн засварыг ажлыг яаралтай хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан сувгийн халих эрсдэлтэй хэсгүүдийг хүчитгэн бэхжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх, мод бутыг шилжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал хийх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албадад даалгасан юм.
Түүнчлэн цахилгаан хангамжийн системийн хэвийн ажиллагааг хангах, иргэдийн ундны усны хангамж тасалдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Үйл явдал
Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
- Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Үйл явдал
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Туул гол дээгүүр барих төмөр замын гүүрийн урт 476 метр бөгөөд барилгын ажил ид өрнөж байна. Энэ хэсэгт баригдах бетонон гүүр нь төмөр замын хөдөлгөөнийг найдвартай, тасралтгүй нэвтрүүлэх чухал байгууламж бөгөөд уг ажлыг "Очирням" ХХК, "Тэргүүн саруул зам" ХХК, "Хотгорзам" ХХК зэрэг таван компани гүйцэтгэж байна.
Туул голын орчим нь газарзүйн хувьд нам дор, хотгор байрлалтай бөгөөд бороо ихтэй үед ус ихээр хуримтлагдах, голын усны түвшин нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй. Энэ нь гүүрийн суурь, тулгуур болон далангийн ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учруулж байгаа ч инженер, техникийн ажилтнууд тухайн газрын хөрс, усны орчин нөхцөлд тохируулан шахуу графиктай ажиллаж байна.
Гүүрийн голын хойд талын хэсэгт дам нуруу угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энд нийт 20 дам нуруу тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар дөрвөн дам нурууг байрлуулаад байна.
Уг ажлыг авто замын салбарт зам, талбайн тохижилт, засвар арчлалт, хатуу болон хайрган хучилттай авто зам, гүүр, туннель, үерийн хамгаалалтын далан зэрэг замын байгууламжийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай “Очирням” ХХК, “Хотгорзам” ХХК-ууд гардан гүйцэтгэж байна.
Компанийн удирдлагуудын мэдээлснээр газарзүйн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч шаардлагатай инженерийн шийдлийг хэрэгжүүлж, дам нуруу угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар хичээн ажиллаж байна гэв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.
Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.
-
Дэлхий нийтээр..2023/09/25
Үндэсний статистикийн хороо БНСУ-ын статистикийн газартай хамтран төсөл хэрэгжүү...
-
Дэлхий нийтээр..2024/10/31
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашигла...
-
Чөлөөт бүс2021/11/11
Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ
-
Дэлхий нийтээр..2021/11/29
ЭМЯ-ны шуурхай баг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж ба...
