Тод мэдээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувьтай байна

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
Аравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувийн гүйцэтгэлтэй. Орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг өгсөн. Дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийсэн. Цахилгаан хангамжийн 2755 шугам, тоноглолын бэлтгэлийг хангаж, 6-10 кВт-ын 257 ажлыг цахилгаан дамжуулах шугам сүлжээнд нийлүүлээд байна. Ингэснээр цахилгаан хангамжийн өвлийн бэлтгэл 94.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Тэгвэл нийслэлийн иргэдийг өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчээр тасалдуулахгүй байлгах талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний тасралтгүй байдлыг хангахад бэрхшээл тулгарсан. Давхардсан тоогоор 1.9 сая хэрэглэгч цахилгаан хязгаарлалталд орж, энэ тоо 2025 оны өвөл хоёр дахин өсөх судалгаа байсан. Тиймээс 2025 оны өвлийн оргил ачааллын үед хүндрэлтэй нөхцөл үүсэхээс сэргийлж нийслэлээс урьд өмнө хийж байгаагүй дулааны эх үүсвэрт хөрөнгө оруулснаар нөхцөл байдлыг шийднэ гэж үзэж байгаа. Тухайлбал, Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг арваннэгдүгээр сард төвийн эрчим хүчний системд холбосноор цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлнэ. Гэр хорооллын өрхүүдийн цахилгаан эрчим хүчийг сайжруулах хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур зэргийг судалж байна. Мөн тодорхой байршлуудад цахилгаан хэмнэлттэй тоолуурыг байршуулах, дутагдаж байгаа эх үүсвэрүүдэд дэмжлэг үзүүлэх, гэр хороололд тусгайлсан дулаан эрчим хүчний багц гаргах зэрэг ажлыг зохион байгуулж байна” гэлээ.
Түүнчлэн нийт долоон дүүргийн 42 агуулахад 88 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг бэлтгэж, 3 маршрутаар 29 аж ахуйн нэгж байгууллага түгээлт хийж байгаа бөгөөд шахмал түлш борлуулах 588 цэг ажиллаж байгаа юм.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.