Үйл явдал
Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчид гурав дахь удаагаа чуулна
Энэ онд тохиож буй Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэх хүрээнд “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран зохион байгуулна.
“Чингис хаан” үндэсний музейд арван нэгдүгээр сарын 04-ний өдөр болох тус чуулганы үеэр “Өөрчлөлтийн зүгт” өгөгдөл дүрслэлийн үзэсгэлэнг дэлгэж, “Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулах юм.
Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчид “Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдэвт гурав дахь удаагийн чуулганаараа 1924 оноос хойших парламентын түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо, парламентад төлөөллийг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн үр дүн, шинэчлэлийн талаар хэлэлцэнэ.
Төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хуралд сонгогдсон үе үеийн эмэгтэй гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, жендэрийн манлайлагч улс төрчдийн төлөөлөл, аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний төлөөлөл оролцох аж.
“Эмэгтэй парламентчдын чуулган”-ыг 2022, 2023 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөлтэй хамтран зохион байгуулж байв.
Үйл явдал
Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа.
Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад 21, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөнө.
Энэ удаагийн сонгуульд 5 нам оролцох бөгөөд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас 3, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1 нэр дэвшигч бүртгүүлжээ. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 4 бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй аж. Насны хувьд хамгийн өндөр настай нэр дэвшигч 78, залуу нь 20 настай.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар буюу 2026 оны зургаадугаар сарын 6-аас сонгуулийн сурталчилгаа эхэлж, 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болно.
Үйл явдал
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Үйл явдал
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
