Тод индэр
Их эмч Н.Шүүдэр: Монголын УАУ-ы гайхамшигтай мэдлэгийг Монголд, тэр дундаа Оточ Манрамба Их Сургуульд суралцсанаар олж авсан

-Саяхан л төгсөж байсан бол өнөөдөр Н.Шүүдэр эмчийн өрөөнд уулзаж байна. Анх удаа жижүүрт хонож байна гэсэн үү?
-Тийм ээ, өчигдөрхөн л сургуулиа төгсөөд баяр гунигийн нулимсаа барьж дийлэхгүй зогсож байлаа. Ажилд ороод анх удаа жижүүрт хонож байна.
-Яг энэ мөчид ямар санагдаж байна вэ?
-Дипломын ажил, шалгалт шүүлэг үргэлжлүүлээд төгсөлтийн баяр гээд үнэхээр завгүй өдрүүдийн ард гарлаа. Үүний дараа амрах юм шиг санагдсан. Гэтэл бүх юм одоо л эхэлж байна. Өчигдөр өглөө ирэхэд “Шүүдэр эмчид” гээд багш үйлчлүүлэгчийн нэр бичээд үлдээсэн байсан. Ингээд анхны үйлчлүүлэгчээ авсан. Ахиад л сурч эхэлсэн байна.
-Ажлын саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би чинь ангийн багшийнхаа үгнээс гардаггүй хүн байгаа юм. /инээв.сурв/ Багш ажлын ярилцлагад ороод үзэхийг санал болгосон. Хэлснээр нь ирээд ярилцлагад орж, шалгалт өгч тэнцээд ажилдаа орлоо.
-Зургаан жил гэдэг урт хугацаа шүү. Хэрхэн өнгөрсөн байна вэ?
-Тийм шүү. Монголд анх удаа оюутан болж ирсэн надад амаргүй үе гарсныг нуугаад яах вэ. Гэхдээ сургууль маань их дулаахан уур амьсгалтай, багш нар маань найрсаг болохоор сайн зааж сургаж, бас ангийнхны дэмээр суралцаж эхэлсэн дээ. Үнэндээ оюутны амьдрал үнэхээр завгүй өнгөрсөн ч эргээд бодоход хэцүү байгаагүй байжээ. Хамгийн хэцүү үе төгсөлтийн өдөр байлаа. Тэр өдөр би бараг 7,8 удаа уйлсан байх аа. Сургуулиа орхиод явна, багшийгаа орхиод явна гэж бодохоор нулимс урсаад л байсан. Ийм болтлоо ижил дасал болжээ.
-Таны эмээ Монгол Улсын Гавьяат эмч Х.Бадарч гуай Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны гэргий шүү дээ. Аав тань бас гайхалтай мундаг продюсер. Шүүдэр яагаад урлагийн хүн болоогүй юм бэ?
-Аавын маань талынхан урлагийн хүмүүс байдаг. Гэхдээ эмээ маань “Манай талыг дуурайжээ, миний охин эмч болоорой” гэдэг байсан. Би багаасаа эмч болохыг хүсдэг байсан л даа. Эмээ эх барихын эмч, дүү нь бас Долгормаа гэж эмч бий. Тэд хоёулаа Биндэръяа гэж эмнэлэг ажиллуулдаг, би эмнэлэгт нь байнга очдог байсан. Эмээ маань сүүлд 1990-ээд он гараад уламжлалтын эмчийн мэргэжил олгох курст суралцаж уламжлалтын эмч болсон юм билээ. Эмээг маань нярайн эндэгдлийг бууруулахад бодитой ажил хийсэн эмч нарын нэг гэж ярьдаг. Монгол Улсын гавьяат эмч хүн дээ. Эмээгийн эмнэлэг дээр өвчтэй хүмүүс ирээд эмчлүүлээд баярлаад гарахад нь би эмээгээрээ маш их бахархдаг байсан. Тэр үеэс л эмч болохоор шийдсэн.
-Америкт суралцаж байгаад Оточ Манрамба Их сургуулийн сонгон суралцаж төгслөө. Сонголтын талаар асуух гэсэн юм.
-Тийм ээ, хүмүүс намайг анх яах гэж Монголд ирсэн юм гэж асуудаг байлаа. Би Америкт төрж өссөн. Миний хувьд Америкт эсвэл дэлхийн аль нэг өндөр хөгжилтэй улсад сурч болох байсан ч Монголын уламжлалт анагаах ухааны гайхамшигтай мэдлэгийг Монголд, тэр дундаа Оточ Манрамба Их Сургуульд суралцсанаар л олж авна гэж бодсон. Дэлхийн аль ч топ сургуульд манай сургуульд заадаг шиг хичээл, сургалтын хөтөлбөр байхгүй шүү дээ. Манай сургуулийн олон төгсөгч дэлхийн олон улс оронд мэргэжлээрээ ажиллаж байна. Бас олон төгсөгч хувийн эмнэлэгтэй болсон байна. Би ч тэдний адилаар сургуулиа амжилттай төгсөж, сайн эмч болоод Монголын уламжлалт анагаах ухааныг Америк төдийгүй дэлхийн улсуудад дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна. Ийм л зорилго тээж Монголд ирж байлаа.
-Буцаад явах тухай бодож байна уу?
-Анх сургуулиа төгсөөд явна л гэж боддог байлаа. Харин эмээ “Эх орондоо, багш нарынхаа хажууд Монголдоо мэргэжлээрээ ажиллаад үлдвэл яасан юм бэ” гэж зөвлөсөн. Ангийн багш маань ч энэ тухай асуусан. Сургуулиа төгсөх мөчид явах тухай бодохоо больсон шүү. /инээв.сурв/ Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг эндээ л баймаар санагдах болсон. Гэрийнхэн маань ч энд ажиллахыг их дэмжиж байгаа. Яваандаа түрүүн хэлсэн Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн улсуудад дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахаар гадагшаа явж болох юм. Одоо бол Манба Дацан төвийн хамт олноос холдмооргүй байна.
-Оюутан болж байсан үеийн анхны сэтгэгдлээсээ хуваалцах уу. Хүүхдүүд их хөгжилтэй юм ярьдаг.
-Би Оточ Манрамба Их Сургуулийн талаар багаасаа мэднэ. Манай сургуулийн бааз Манба Дацан эмнэлэгт би бага байхын л эмчлүүлдэг байсан. Манай аав, ээжийн аль аль нь намайг эмч болоход, тэр дундаа уламжлалт анагаах ухаанд суралцахад их дэмжиж байгаа. Б.Бадрууган өвөө маань манай сургуультай хамтран ажиллаж, манай сургуулийн талаар кино хийж байсан гэдэг. Бага байхдаа Монголд ирээд Хамба багш дээр ирж золгож байсан. Ер нь сургуультайгаа эртнээс танилцсан гэж боддог байлаа. Гэхдээ яг дотор нь ороод суралцахад эхний жил юу үзээд байгаагаа ч ойлгохгүй хүн явлаа. Анх оюутан болж байхад би дээд курсийн ах эгч нарыгаа хараад их гайхаж байсан шүү. (инээв) Яагаад гэвэл их даруухан, байнга л ном уншиж явдаг, хичээлээс өөрийг мэддэггүй юм шиг л санагдсан. Гэтэл би хаа сайгүй харайж дэвхцэж явдаг хүүхэд болохоор их уйтгартай байх нь дээ гэж бодсон. /инээв.сурв/ Найзууд ч сургуулийн маань талаар ойлгохгүй гээч. Одоо харин бүх зүйл өөрчлөгдсөн. Эсрэгээрээ бүгд дэмждэг болсон. Би өөрөө ч Уламжлалт анагаах ухааны талаар тайлбарлах хэмжээний чадвартай болсон. Нөгөө талаас хүн бүхэн дор бүрнээ эрүүл амьдралыг шүтэх болсон байна. Уламжлалт анагаах ухааны ач тусыг тэр тусмаа ковидын энэ үед бүр илүү ойлгож байна. Жишээ нь өнөөдөр Норов 4, Мана 4-ийг мэдэхгүй хүн байхгүй болжээ.
-Анх судас барихад юу гэж “хэлж” байх юм бэ?
-Юу ч ойлгохгүй л дээ. Маш олон удаа барина. Ангидаа бид чинь 30 хэдүүлээ. Бүгд нэг нэгийнхээ судсыг барьж үзээд, хоорондоо ярилцана. Үүний дараа сая нэг ялгаатай болохыг мэдэрч эхэлнэ.
-Оточийн оюутнуудын онцлог нь юу вэ? Төвөд хэлийг нэгдүгээр курсээс үздэг. Хэцүү юу?
-Мэдээж анх төвөд хэл сурах хэцүү санагдсан. Хичээлийн эхний өдөр дэвтэр дүүрэн даалгавар өгч, шөнөжин бичээд өглөө хичээлдээ явж байлаа. Америкт бол даалгавар ч өгөхгүй. Одоо эргээд бодоход хэцүү гэж бодвол хэцүү л байна. Чадна гэж бодвол бүхнийг амжуулж болох юм билээ. Курс ахих тусам үзэж байгаа юм нь илүү сонирхолтой болоод улам илүүг үзмээр санагдаж шунасаар яваад л төгссөн. Уламжлалт анагаах ухааны гайхамшиг үнэхээр намайг дурлуулсан.
-Оюутнууд нь үнэхээр завгүй хичээллэдэг. Магадгүй шантрах үе гарч байв уу. Тэр үед зориг нэмсэн үгийг хэн хэлж байсан бол оо.
-Багш нар маань урмын үгээр их тэтгэнэ ээ. Мэдээж бас загнана. Би чинь зургаан жилийн хугацаанд шалгалтад унаж үзээгүй. Тэгсэн АУ-ы доктор Г.Одонцэцэг багшийн сүүлийн хичээл дээр уначихдаг юм. Анх удаа шалгалтад унаж үзсэн нь тэр. Тэр үед багш маш уран цэцэн үгээр зүйрлэл хэлж, загнах, зөвлөхийн дундуур үг хэлэхэд би гэмшээд уйлаад л ангиас гарч байлаа. Үнэхээр өөртөө их гэмшсэн. Багшийн хэлсэн тэр үг Монголдоо үлдэж ажиллахад бас нөлөөлсөн гэж одоо боддог юм.
-Сэтгэл хөдлөл өндөр хүн шүү.
-Тийм шүү. Аав маань тэнд шоунд баахан уйлаад л. Би төгсөх гэж, шалгалтдаа анх унаж уйлаад л. /инээв.сурв/
-Ангийнхан чинь хаана хаана ажиллахаар болж байна вэ?
-Ангийнхан маань багш, эмчээр ажилд орцгоож байна. Биднийг төгсөх үед олон газраас ажлын санал тавьж бидэнтэй уулзсан.
-Оточ Манрамба Их сургуулийн элсэгч дүү нартаа юу гэж зөвлөх вэ?
-Суралцаад л үз. Манай сургууль Уламжлалт анагаах ухаанаас гадна амьдралын ухаан заадаг онцлогтой. Энэ бол өнөө цагт хамгийн олзуурхмаар зүйл шүү. Анагаах ухааны номоо үзээд эхлэхээр, анги дэвших тусам илүү их төлөвшиж, эмч болоход бэлэн болцгоодог. Их сургуулиа төгссөн ч төлөвшөөгүй хүмүүс олон байдаг шүү дээ. Гэтэл манай сургуулийн оюутнууд эмч болж, бас хувь хүнийхээ үүднээс төлөвшөөд төгсдөг нь давуу талтай. Сургуулийн хажууд дадлагын бааз эмнэлэг, эмийн үйлдвэр, хийд нь байгаа болохоор үзсэн хичээлээ дор бүр нь практикт туршаад явах боломжтой гээд олон зүйлийг хэлж болно. Ингээд Оточ Манрамба Их сургуулийн сонгох дүү нартаа амжилт хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
Тод индэр
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Тод индэр
Ахмед Надим: Спортын томоохон үйл явдлыг хурдан шуурхай үзэгчид хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй
Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблейн Спортын хорооны хурал "Туушин" зочид буудалд үргэлжилж байна.
Тус хурлыг нээж Монголын Үндэсний спортын холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Спортын бүлгийн дэд захирал Нам Сан Вон, Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нар үг хэлсэн.
Спортын хорооны хурлын өнөөдрийн хэлэлцүүлэг "Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад спортын хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг" сэдвийн хүрээнд өрнөж байгаа юм.
Энэ хүрээнд МҮОНРТ-ийн Спортын сувгийн захирал О.Ууганбаяр, КВЅ-ийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон болон Шри Ланкийн SLRS телевизийн Ерөнхий захирал Маножа Надишана Амарасинхэ нар илтгэлээ хэлэлцүүлж байна.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим "Аль ч улсын Үндэсний телевиз болон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд томоохон сорилтууд тулгараад байна. Эдгээр сорилт нь дижитал платформуудтай холбогдож байна. Иймд бид бүхэн хоорондоо хамтран ажиллах шаардлагатай. Энэ удаагийн "ABU-62" дугаар Ерөнхий Ассамблейн хурал яг энэ төрлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, стратеги төлөвлөлтийг сайжруулахад чиглэгдсэн чухал уулзалт болж байна.
2026 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам зэрэг спортын томоохон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдана. Эдгээр спортын томоохон үйл явдлыг бид хурдан шуурхай үзэгчдэд хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй. Энэ нь олон нийтийг нэгтгэх спортоор дамжуулан нөхөрлүүлэх зэрэг олон давуу талтай байдаг.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос нэгэн платформыг шинээр нэвтрүүлсэн. Энэхүү платформоор дамжуулан цахим хэлбэрээр спортын төрөл бүрийн нэвтрүүлэг хүргэх шинэ боломж бүрдэж байгаа бөгөөд энэ удаагийн Ерөнхий Ассамблейн хурлаар тухайн платформын стратегийн шинжтэй бодлогын асуудлуудыг хэлэлцэнэ” гэдгийг онцолсон юм.
Тод индэр
Г.Гэрэл: “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно
“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурал есдүгээр сарын 10-15-ны хооронд болно. Энэхүү хурлын талаар "МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлтэй "Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч ярилцсаныг хүргэж байна.
-МҮОНРТ “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “ABU GENERAL ASSEMBLY”олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?
-МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн Радио телевизийн холбооны гишүүнээр 1991 онд элсэн орж, 2006 оноос хойш үйл ажиллагаанд нь маш идэвхтэй оролцсоор ирсэн. 2009 онд манай телевиз Улаанбаатар хотод "ABU” чуулга уулзалтын үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан. 2025 онд хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод олон улсын нэр хүндтэй чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Энэ хурлаар ямар асуудал яригдах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“ABU байгууллага нь Ази, Номхон далайн телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн редакцтай байгууллагуудыг гишүүнээр элсүүлдэг. Монгол Улсаас хоёр гишүүн байна. Хамгийн эхэнд TV5 телевиз гишүүнээр элсэж байсан.
Үүний дараа МҮОНРТ гишүүнээр элссэн юм. Холбоонд элсэх нь мэргэжил арга зүйн хувьд хөгжиж дэвших, суралцах боломжийг олгодог. Гадаад хамтын ажиллагааг өрнүүлэхээс гадна нэвтрүүлэг, уран бүтээлтэй холбоотой хамтын ажиллагаа чухал байдаг. Мэргэжлийн байгууллагын хувьд маш чухал хүний нөөцийн хөгжиж дэвших үйл ажиллагаа “ABU” холбоо харилцаанд явдаг.
Энэ жил болох гэж байгаа “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, ерөнхий захирал, продюсер, ажилчид ирэх гэж байна. 2025 онд зохион байгуулагдаж байгаа "ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурал “Үндэсний өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвийн хүрээнд явагдана.
-Бидэнд их ойр сэдэв байна?
-МҮОНРТ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэг бүхий хөтөлбөрийн бодлогыг эрхлэн гаргадаг. Манай орны үзэгчид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд их чухал. Есдүгээр сарын 11-нд спортын болон хөтөлбөрийн бодлого, техникийн салбарын уулзалт хурал болно. Есдүгээр сарын 12-ны өдөр спорт, радиогийн болон техникийн бүх форумд оролцогчдын салбар хуралдаан болно.
Есдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсыг зорьж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын зочдод зориулж, Монголынхоо өв соёлыг харуулсан бэсрэг наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн "ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлын үеэр дууны наадам зохион байгуулна.
Энэ арга хэмжээнд 10 гаруй орны уран бүтээлчид оролцоно. МҮОНРТ эдгээр орны уран бүтээлчдийн тоглолтыг шууд дамжуулж үзэгчдэд хүргэнэ. Энэ дууны наадамд дэлхийд алдартай “THE HU” хамтлаг оролцоно.
-40 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд Монгол Улсад ирнэ. Энэ нь Монгол Улсаа сурталчлах сайхан боломж болох нь ээ?
-Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ тод мөртэй, 1991 оноос хойш энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байгууллага гэдгээ дэлхий нийтэд зарлана. Мөн телевизийн гадаад харилцаа илүү өргөжин тэлж хамтын ажиллагааг сайжруулах, чуулга уулзалтын үеэр бүх орны хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж эх орноо сурталчлах, Монголын өв соёлоо дэлхий нийтэд таниулах боломж нээгдэж байгаа учраас маш их ач холбогдолтой.
Есдүгээр сарын 14-нд шагнал гардуулах ёслол болно. Эндээс бид мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа ямар хандлагатай байна. Бид ямар зураглаачийн бүтээлийг шилдэг гэж үзэж байна. Ямар редакцын бодлого, ямар нэвтрүүлэг шилдэг болохыг зарлана гэх зэрэг мэргэжлийн чиг хандлагад чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.
-
Өнөөдөр2022/10/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Тод мэдээ2022/11/10
Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
-
Тод мэдээ2024/04/29
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунти...
-
Тод мэдээ2021/02/16
КОВАКС: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ