Дэлхий нийтээр..
Хүний эрхийн дэд хорооны гишүүд ХЭҮК-ын үйл ажиллагаатай танилцав
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нар 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж, гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцав.
Тус дэд хороо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа 2024-2025 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталсан бөгөөд 19 зорилт бүхий тус төлөвлөөний дагуу энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын эхэнд дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг санаачилж, энэ дагуу Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлаад байна” хэмээгээд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд хүндэтгэлийн хуралдаан тэргүүтэй ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байгаа талаар, Хүний эрхийн олон улсын өдрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг эрхэлдэг. Энэ чиг үүргийнхээ дагуу Хүний эрхийн Үндэсний Комисстой нягт хамтран, уялдаатай ажилладаг онцлогтойг С.Эрдэнэболд дарга дурдаад өнөөгийн байдлаар Монгол Улсад нэн тулгамдаад буй хүний эрхийн зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөхөөр энэхүү уулзалтыг төлөвлөн, зохион байгуулж байгаа гэв.
Ийнхүү уулзалт эхэлж, тус Комиссын бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид танилцууллаа. Комисс хуулиар хүлээсэн чиг үүргээсээ гадна Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зэрэг бусад хуулиар хүлээсэн чиг үүргийн давхардал их байгааг танилцуулж, анхаарах шаардлагын талаар танилцуулсан. Комиссын гишүүд цар тахлын дараахан буюу 2020 онд нээлттэй сонгон шалгаруулалтаар зургуулаа томилогдож байсан бөгөөд тухайн үеэс хойш иргэдээс ирүүлсэн санал гомдол, түүний мөрөөр болон гишүүдийн санаачилгаар хийсэн хяналт, шалгалт, 2021-2024 оны үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Тус Комисс үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 илтгэлийг танилцуулсан бөгөөд энэ хүрээнд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн талаар илтгэдэг. Нэгтгэн дүгнэхэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхийн асуудлыг 23 удаа буюу илтгэл бүр дээр хөндсөн байна. Халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хэрэгжилтийн талаар 17 илтгэлд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтийн талаар 19 илтгэлд дурдагддаг байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудал, иргэний болон улс төрийн эрхийн талаар Монгол Улс анхаарал хандуулах шаардлагатай хэмээв.
Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт дурдагддаг 10 бүлэг буюу гомдол гаргах боломж хомс, гачигдалд өртдөг, оршин байгаа газрынхаа хувьд, эсхүл боловсролын түвшний хувьд гэх зэрэг нөхцөл байдлаасаа шалтгаалаад гомдол гаргаад, эрхээ хамгаалуулах чадваргүй бүлгийг анхаарч ажиллахын зэрэгцээ өөрсдийн зүгээс сэжигтэн, шүүгдэгч, яллагдагч; хүний эрх хамгаалагч; хэлний цөөнхийн асуудалд онцгой анхаарч ажилладаг гэв.
Үргэлжлүүлэн Д.Сүнжид дарга Комиссын бүтэц, орон тооны талаар болон чадавхыг бэхжүүлэх шаардлага, түүнчлэн стратеги зорилтууд, бүс нутгийн болон олон улсын түвшний хамтын ажиллагааны талаар танилцуулж, уулзалтад оролцогчид энэ хүрээнд тодруулга хийж, санал солилцлоо.
Дараа нь Комиссын гишүүн бүр тус тусын үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцууллаа. Тухайлбал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаар Комиссын дарга Д.Сүнжид, Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар Комиссын гишүүн Х.Мөнхзул танилцуулсан юм.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээнд хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн асуудлаар иргэд гол төлөв ханддаг байна. Тулгамдаж буй асуудал нь ажилгүйдэл, ядуурал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил, боловсролын хүртээмж, чанар болон нийгмийн үйлчилгээний асуудал бөгөөд эдгээрийг нэгтгэвэл нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч байгаа гэв. Иймд Засгийн газар, Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний Комисс болон шийдвэр гаргах бүх түвшиндээ тэгш бус байдлыг бууруулахад анхаарах ёстой гэдгийг Д.Сүнжид дарга тэмдэглэлээ.
Комиссын гишүүн Х.Мөнхзул илтгэлийнхээ эхэнд Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин, тогтолцоо бүрдсэн ч хуулийн хэрэгжилт сул байгааг танилцуулсан. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгааг дурдаж, онцолж анхаарах шаардлага байгааг танилцуулсан. Энэ төрлийн хүчирхийлэл үйлдэгчид оногдуулж буй хариуцлага гэр бүлийн өвөрмөц онцлог, хэрэгцээнд нийцэхгүй, үр дүнгүй, оновчгүй байгаагийн зэрэгцээ холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангахад шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгадаггүй зэрэг шалтгааныг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд оногдуулж буй хариуцлагыг оновчтой болгож өөрчлөх, шаталсан хариуцлагын тогтолцоог бий болгох хувилбаруудыг танилцуулсан юм. Комиссын гишүүн Х.Мөнхзул, технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мөн танилцууллаа. Цахим орчинд охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлсэн дэлхий дахинд шинээр гарч ирж буй сорилт болж байгааг тэмдэглэсэн. Технологийн хурдацтай хөгжил нь жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэх шинэ сувгуудыг нээж, шинэ хэлбэрүүдийг бий болгож байгааг хэлээд 2022, 2023 онд хүүхдийн тусламжийн 108 утсанд “цахим дарамт (цахим дээрэлхэлт гэх мэт)”-д өртөж байгаагаа мэдээлж, бүртгүүлсэн тоо баримтыг танилцуулав. Манай улсын хуульд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх нэр томьёонууд тусгагдаагүй, нарийвчлан тодорхойлоогүйгээс үүдэн гэмт хэрэгтнүүд ял завших, үргэлжлүүлэн хүмүүсийг хохироох шалтгаан, нөхцлийг бүрдүүлдэг гэв.
Хүүхдийн эрх, хамгааллын талаар Комиссын гишүүн Ж.Хунан, Хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний эрхийн асуудлын талаар Комиссын гишүүн Б.Энхболд танилцуулав.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 илтгэлийн 16-д хүүхдийн эрхийн асуудлыг тусгасан байдаг бөгөөд хүүхдийн тодорхой эрхүүдийг хангах чиглэлээр сүүлийн жилүүдэд ахиц гарц байгаа талаар дурдсан. Комисст ирэх хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх гомдол, өргөдлийн тоо нэмэгдэж байгаа гэв. Үргэлжлүүлэн энэ хүрээнд хийсэн хяналт, шалгалтын талаар танилцуулж, сургалт, судалгаа, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20, 21 дэх илтгэл дэх холбогдох агуулга, зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн. Мөн тэрбээр 2023 онд Комисс, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран явуулсан нээлттэй хяналт шалгалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэн тэргүүнд хүүхэд хамгааллын чиглэлээрх төсөв, хөрөнгийг шаардлагатай хэмжээнд хуваарилдаггүй, мөн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч тэргүүтэй хүний нөөцийн хомсдол нь хүүхдийн эрхийн зөрчлийн суурь шалтгаан болдог байна. Түүнчлэн бүртгэл, хяналт хангалтгүй, нийтээрээ хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд анхаарал хандуулдаггүй, зам тээврийн осол бол бас гэмт хэргийн улмаас нас барж байгаа хүүхдийн тоо, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо ноцтой түвшинд байгааг Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулав. Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих эрхийг хангах асуудлыг орхигдуулсан цөөнгүй жишээг тэрбээр дурдаад, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байх шаардлагын талаар танилцуулсан.
Комиссын гишүүн Б.Энхболд танилцуулгынхаа хүрээнд хууль сахиулах салбар дахь хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр ХЭҮК-ын хэрэгжүүлж буй арга хэмжээ, иргэний шударгаар шүүлгэх эрхийн талаар, төрийн цэргийн байгууллага дахь хүний эрхийн асуудлаар мэдээлэл танилцууллаа. Комисс 2020-2024 оны стратегийн баримт бичигтээ хүний эрхэд суурилсан хууль сахиулах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлж, холбогдох арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байгаа гэв. Энэ хүрээнд Хууль сахиулах ажиллагаанд дагаж мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам болон практик хэрэглээг хүний эрхийн хандлагын үүднээс боловсронгуй болгох, ДХИС-ийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургууль, Удирдлагын сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт хүний эрхийн зарчимд нийцүүлэн дүн шинжилгээ хийсэн, үнэлэх аргачлал боловсруулсан, хөгжүүлэх, багш суралцагчдыг бэлтгэх, цагдаагийн алба хаагчдад хүний эрх, жендерийн тэгш байдлын сургалт зохион байгуулж байгаа гэв. Үргэлжлүүлэн тэрбээр иргэний шударгаар шүүлгэх эрхийн талаар мэдээлэл танилцуулж, ХЭҮК-ын хүлээн авч шийдвэрлэсэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл, тэдгээрийн дагуу хийсэн хяналт, шалгалтын талаар танилцуулав. Комисст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 2021 онд 1188 гомдол, мэдээлэл ирүүлсний 123 буюу 10,3 хувь, 2022 онд 925 гомдол, мэдээлэл ирүүлсний 67 буюу 7,2 хувь, 2023 онд 685 гомдол, мэдээлэл ирүүлсний 57 буюу 8,3 хувь нь Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой байдаг байна. Цагдаагийн байгууллагын харьяа газар хэлтэст 2021 онд 25, 2022 онд 3 хяналт шалгалт хийсэн бол 2023 онд 9 удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 14 Зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулахаар Комиссын гишүүний 5 шаардлагыг хүргүүлжээ.
Комисс өнгөрсөн хугацаанд цэргийн дүрмийн бус харьцааны талаар хоёр удаа томоохон судалгаа хийж Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 2007 оны 6 дахь илтгэл, 2022 оны 21 дэх илтгэлд тус тус тусгажээ. Цэргийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлыг тусгаж, тодорхой санал зөвлөмж бүхий 8 удаагийн суурь судалгааг хийсэн байна. Төрийн цэргийн анги байгууллагад 133 удаа хяналт шалгалт зохион байгуулж илэрсэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 30 удаагийн 80 гаруй заалт бүхий шаардлага, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ.
Сүүлийн 3 жилийн байдлаар давхардсан тоогоор 3000 гаруй цэргийн алба хаагчдад хүний эрхийн сургалт, соён гэгээрлийн үйл ажиллагаа явуулж, тогтмол ажиллах үүрэг бүхий зэвсэгт хүчний 47 сургагч багшийг бэлтгэсэн гэв. Үргэлжлүүлэн Комиссын гишүүн Б.Энхболд хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний эрхийг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа.
Дараа нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан.
Комиссын гишүүн бүрийн танилцуулгатай холбогдуулан Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нар асуулт асууж, холбогдох чиглэлээр санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Оросын довтолгоонд хоёр хүн амиа алдаж, Украин хариу цохилт өглөө
2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний шөнө Украинд Оросын дрон довтолгооны улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Украины Чернигов хотод болсон шөнийн довтолгооны үеэр 16 настай хүү амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бол орон сууцны барилгууд галд өртсөнийг орон нутгийн захиргаа онцоллоо. Мөн Херсон хотод дрон тээврийн хэрэгсэлд цохилт өгсний улмаас нэг хүн нас барж, өөр нэг хүн шархадсан байна.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын тал нэг шөнийн дотор нийт 236 дрон харваснаас 203-ыг нь устгасан ч үлдсэн хэсэг нь хэд хэдэн байршилд онож, хохирол учруулжээ.
Үүний зэрэгцээ Украин хариу цохилт өгч, ОХУ-ын Таганрог хот дахь дрон үйлдвэрлэлийн үйлдвэрийг онилон цохилт өгсөн талаар цэргийн удирдлага мэдэгдэв. Уг ажиллагааны үеэр гал гарч, аж үйлдвэрийн дэд бүтцэд хохирол учирсныг албаныхан дурдлаа.
Шинжээчдийн үзэж буйгаар хоёр тал харилцан дрон ашигласан довтолгоог эрчимжүүлж буй нь дайны шинэ шатанд шилжиж буйн илрэл бөгөөд иргэний дэд бүтэц, энгийн иргэдэд учрах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
АНУ Ормузын хоолойд Ираны хөлгийг саатуулж, хяналтдаа авлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сошиал хуудсанд нийтлэхдээ АНУ-ын тэнгисийн явган цэргүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Ираны далбаатай ачааны хөлгийг саатуулж, хяналтдаа авсан талаар мэдэгдэв.
Түүний мэдээлснээр уг хөлөг Ормузын хоолойд хэрэгжиж буй АНУ-ын тэнгисийн хоригийг зөрчин нэвтрэхийг оролдсон бөгөөд анхааруулгыг үл тоомсорлосны дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч хөлгийг саатуулжээ.
АНУ-ын талын мэдээлснээр тус хөлгийг саатуулах явцад тэнгисийн цэргийн хөлөг онгоц хөдөлгүүрийн хэсэгт нь чиглэсэн гал нээсний дараа ажиллагааг зогсоож, улмаар тэнгисийн явган цэргүүд хөлөгт нэвтэрч хяналт тогтоосон байна.
Одоогийн байдлаар Ираны талаас уг үйл явдалд шууд тайлбар өгөөгүй байгаа ч зарим эх сурвалжид уг ажиллагааг буруушааж, хариу арга хэмжээ авах боломжтойг илэрхийлсэн талаар мэдээлжээ.
Энэхүү үйл явдал нь дөрөвдүгээр сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн АНУ-ын тэнгисийн хоригийн хүрээнд хүч хэрэглэсэн анхны тохиолдол болж байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Одоогоор Ираны талаас уг үйл явдалд албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
