Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 23-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зүүн хагаст 30 хэмыг давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 23-ны 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 32-34 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно . Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 31-33 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 30-32 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 23-наас 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.
Өнөөдөр
Цэргийн бүртгэл үргэлжилж байна
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй.
Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.
Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана.
Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болно.
Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очно
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэд оршин суугаа газрынхаа хороонд болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээн бүртгүүлэх боломжтой. Ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгэнэ. Цэргийн бүртгэлийн хүрээнд цаашид олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Тухайлбал, дайчилгааны нөөцийг шинэчлэн тогтоох, дайчилгааны нөөцөд хамрагдах иргэдийн чанар байдалд судалгаа хийх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. Эдгээр нь хугацаат цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.

Өнөөдөр
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш бөгөөд томуу төст, түгээмэл вирус. Халдварт өвчний аюулт бус ангилалд багтдаг. Ихэвчлэн нярай, архаг хууч өвчтэй, өндөр настай, дархлаа дарангуйлагдсан хүмүүс өртөж уушгины нарийн гуурснуудын үрэвсэл, хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна.
Дэлхий дахинд төдийгүй манай улсын хүн амын дунд жил бүр өвчлөл үүсгэдэг.
Риновирус болон бусад амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь амны хаалт зүүх, гараа савандаж угаах юм гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.




Өнөөдөр
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна
Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан байна.
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна.
Зам талбайд 45 тонн давс, 84 тонн бодис цацсан бөгөөд 1149.5 тонн давс, 471.5 тонн бодис, 94 шоо метр дайргын нөөцтэй байна.
Явган зам, зорчих хэсэг хусалт, түрэлт, цэвэрлэгээнээс гарсан хар цасны ачилтын цэвэрлэгээг хийсэн.
Харин Хөшигийн хөндий, Айцын даваа, Морингийн даваа, Наадамчдын зам болон гэр хорооллын дундах замуудад давс, бодис цацаж байна.




