Тод мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 40 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Нийт дуудлагын 38 нь объектын гал түймэр, 1 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 хүчтэй салхи шуурга, 27 нь үер, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогссон тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийлээ

Тод мэдээ
Итали Улсын "Dulevo" брэндийн зам, талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 20 машин механизмыг хүлээн авлаа
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд зам, талбайн цэвэрлэгээний шинэ 20 машиныг 12 дахь ээлжээр хүлээн аваад байна. Эдгээр машин нь дэлхийд зам цэвэрлэгээний механизм үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч "Fayat" группийн харьяа Италийн "Dulevo" брэндийн машин юм. Цаашид хот, нийтийн аж ахуйн салбарт ашиглагдах 150 гаруй тусгай зориулалтын машин, механизмыг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
“Dulevo" компанийн Ази, Номхон далайн экспортыг хариуцсан менежер Давиде Шамиа “Манай компани нь барилга, зам засварын машин, техник үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Fayat” компанид харьяалагддаг. Тийм учраас “Dulevo” брэндийн зам, талбай цэвэрлэгч машин, механизм нь ч мөн салбартаа тэргүүлдэг бөгөөд Европ, АНУ, Австрали, БНХАУ, Сингапур зэрэг улсад ашигладаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад экспорт хийж буй 20 ширхэг “Dulevo 850” модель нь хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт загвар бөгөөд дунджаар 7-10 жил, хамгийн ихдээ 20 жил ашиглах боломжтой” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Багануурын Ус, дулаан дамжуулах төвийг шинэчилж, 2289 метр урт дулааны шугам угсарч байна
Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 24.8 га талбайн дахин төлөвлөлтийн асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнтэй ажиллалаа. Өнөөдрийн байдлаар тухайн байршилд инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж, 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Энэ хэсэгт Багануурын анхны шавийг тавьж байсан. Хүн ам олноор суурьшиж нарийн гудамжууд олонтой болсон. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор энэ хэсэгт айл өрх, аж ахуйн нэгжийн 500 орчим нэгж талбарыг чөлөөлөх хэрэгтэй байгаа. Хамгийн түрүүнд газрын дахин үнэлгээг хийх шаардлагатай” гэлээ.
“Бум од” компанийн төслийн менежер н.Батхүрэл “2024 оноос энэ хэсэгт дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. 2026 он хүртэл 3 жилийн хугацаанд үргэлжилнэ. Ус, дулаан дамжуулах төвийг буулган шинэчлэх, 2289 метр 5 хос дулааны шугам угсрах, 2500 метр ариутгах татуургын ажлыг хийнэ. 2024 онд Ус, дулаан дамжуулах төвийн буулгалт, шинэчлэлийн иж бүрэн ажлыг хийж дуусгасан. 2289 метр 5 хос дулааны шугам угсрах ажил хийхээс 1000 метр шугамыг угсарсан. Аравдугаар сарын 1-нд энэ жилийн төлөвлөгөөт ажлууд дуусна. Трасс шугам угсрахад газар чөлөөлөх хэрэгтэй” гэв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Багануур дүүрэгт Устөрөгчийн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний станц барих, эмнэлэг, сургуулийн их засвар, гудамж, талбайн тохижилт, дулааны станцыг шинэчлэх, авто зам барих гээд олон ажлын үр дүнтэй танилцаж, цаашдын төлөв байдлыг хэлэлцлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС