Тод мэдээ
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт “Аса Арена” цогцолборт боллоо. Тэмцээнд Монгол, Камбож, Египт, Фижи, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам гэсэн 13 улсын 14 баг оролцож байна.
“Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулж байгаа тэмцээнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, зохион бүтээгч залуус, шүүгч, багш, дасгалжуулагч нарт амжилт хүсэн ерөөлөө.
Тэрбээр, энэ тэмцээн эв нэгдэл, хичээл зүтгэл, хамтын ялалтын үнэ цэнийг мэдрүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тэмцээнд оюутан залуусын бүтээсэн роботууд сагсан бөмбөгөөр өрсөлдөх хэдий ч, энэ нь техникийн өрсөлдөөн төдий бус, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, эв нэгдэл, андлал нөхөрлөлийг дэмжин хөгжүүлдэг олон улсын нэр хүндтэй талбар гэдгийг тэмдэглэлээ.
Энэ жил манай улс зохион байгуулагчийн хувьд давуу эрхтэйгээр ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” гэсэн хоёр багаа оролцуулж байна.
Тэмцээний шүүгчийн зөвлөлд манай улсаас хоёр, Япон, Вьетнам, Хонконгоос тус бүр нэг, талбайн шүүгчээр Монголоос 10, Япон, Хонконгоос тус бүр нэг хүн ажиллана.
Багуудын зохиосон роботууд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаярын боловсруулсан сагсан бөмбөгийн дүрмийн дагуу өрсөлдөж, шалгарсан хоёр баг Олон улсын тэмцээнд орох эрхээ авсан юм.
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнийг МҮОНРТ, Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ хамтран зохион байгуулж байна. Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мобиком” корпорац, “Аса Арена”, Z.Com, MindTech, KSJ зэрэг байгууллага, аж ахуйн нэгж ивээн тэтгэжээ.
Тэмцээн ирэх мягмар гарагт өндөрлөх бөгөөд нийтэд үнэ төлбөргүй.
2019 онд манай улс энэ тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахад багууд байгаль, үүх түүх, өв соёл, монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр болох шуудан холбооны үндэс суурь “Өртөө”, дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ”-г сурталчлан таниулж, анх удаа дөрвөн хөлтэй робот зохион оролцож байсан юм.
Японд үүссэн энэ тэмцээн анх тус улсын нэрэмжит байсан ч Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-оор дамжин Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж өргөжжээ. Ирэх жилийн тэмцээн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод болно.
Тод мэдээ
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
2025 онд олон жил шинэчлээгүй нийслэлийн гол гудамж замын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж эхэлсэн.
Тодруулбал, энэ онд нийт 15 байршилд 186.701 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар хучихаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар 102.710 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, явган хүний замын ажлыг гүйцэтгээд байна.
Нийт ажлын гүйцэтгэл 55 хувьтай хэрэгжиж буй. Явган замын засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд 37 албан хаагч өдөр бүр хуваарийн дагуу гүйцэтгэгч компанийн ажлын явцад хяналт тавин ажилласан юм.
Мөн явган хүний замын хуучин хавтганаар гэр хорооллын нарийн гудам, гудамж талбайг тохижуулж байна. Тухайлбал, СХД-ийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны явган замын нийт 1500 ам метр талбайг хуучин хавтангаар тохижуулаад байгаа.
Энэ онд дараах байршлуудад явган замын ажил гүйцэтгэсэн бөгөөд нийт ажлын явц 50 хувьтай байна.
- Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг “Бадрах инженеринг” ХХК,
- Төв шуудангийн уулзвараас талбайн хойгуур тойроод Централ таурын уулзвар хүртэл замын хойд талаар “Хэрмээдэй” ХХК
- Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг ТАСО ХХК болон МАЗ ХХК-ийн түншлэл,
- Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг “Сант-Өндөр” ХХК
- Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх явган хүний замыг “Цагаан толгойн нуур” ХХК
- Маршалын гүүрнээс Централ таурын уулзвар хүртэл замын баруун талаар “Эс Эл Си Ти” ХХК
- Баруун 4 замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн 4 замын уулзвар хүртэл замын хойд талаар “Төрөлхмөрөн” ХХК
- Баруун 4 замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн 4 замын уулзвар хүртэл замын урд талаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэл замын хойд талаар “Сант баян бэрх” ХХК
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэл замын урд талаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэл замын хойд талаар “Люксдаймонд” ХХК
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын баруун талаар “Чингисийн мэлмий” ХХК
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэл замын урд талаар “Эс эм жи ти” ХХК
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын зүүн талаар “Байгаль-Алтай” ХХК явган замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байна.
Тод мэдээ
Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр нийт 2475 тонн шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг борлуулж байна.
Үүнээс 1535 тонн нь мидлингэн шахмал түлш байгаа бол 940 тонн нь хагас коксон түлш байгаа юм.
Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байна.
Хэрэглэгчдийн зүгээс “Хотула” апп болон “Сайн” карт, Иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.
Тод мэдээ
Автотээврээр 62.3 сая тонн ачаа тээвэрлэжээ
2025 оны аравдугаар сарын 5-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт ачаа тээвэр 96.8 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан байна. Тодруулбал:
Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 62.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар буурсан.
Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 34.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 хувиар өссөн.
Мөн 09.29-10.05-ны өдрийн хооронд Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөөрүү нийт 8 галт тэрэг, 432 вагон, 740 ачаатай чингэлэг буюу 24.8 мянган тонн нүүрс тээвэрлэсэн. Тус төмөр замаар 2025.10.05-ны өдөр хүртэл өссөн дүнгээр нийт 1.6 сая тонн нүүрс тээвэрлээд байна.
Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 7.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар өссөн байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
-
Чөлөөт бүс2019/10/28
Нийслэлийн 380 жилийн ойн Хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо...
-
Тод мэдээ2024/08/14
Австрали улстай гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагааг...
-
Тод мэдээ2022/11/15
Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “UNSEND -Бүү шилжүүл”...
-
Тод мэдээ2023/02/07
Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ ...