Тод мэдээ
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болох энэ айлчлал Монгол Улсын Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австралитай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан уулзалт хийж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх тохиролцоог баталгаажуулах хүрээнд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүх салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар санал солилцоно.
Амбан захирагч Саманта Мостин айлчлалынхаа үеэр манай улсад хэрэгжиж байгаа Австралийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.
Монгол Улс, Австралийн Холбооны Улс 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Эдүгээ Австралид 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж байна.
Тод мэдээ
Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Манай улсад лаг шатаах үйлдвэр байхгүй. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг боловсруулж, хатааж, шатаах технологиор устгаж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд тусгасан. Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулсан.
Барилга угсралтын тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байгаа юм. Уг үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40 мянган ам.метр талбайд барина. Үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглан хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай. Харин жилд 843.200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүх юм.
Үйлдвэрийн ач холбогдол:
- Төв цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулж устгана.
- Нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулна.
- Үнэрийн голомтыг арилгана.
- Эрчим хүч үйлдвэрлэнэ.
- Ажлын байр нэмэгдэнэ.
- Хаягдлыг дахин ашиглах боломж бүрдэнэ.
Тод мэдээ
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.06-10.12/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 121 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, 46 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь обьектын гал түймэр, 7 хувь буюу 9 нь ой хээрийн гал түймэр, 12 хувь буюу 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 хувь буюу 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Тод мэдээ
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
-
Тод мэдээ2023/08/04
УИХ: Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
-
Тод индэр2019/12/24
Э.Хонгороо: Өөрийгөө таньсан хүн нийгэмд нөлөөлж чадна
-
Тод мэдээ2023/01/17
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор 15 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэн...
-
Тод мэдээ2025/05/30
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлт...