Үйл явдал
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзав. Тус уулзалтаар Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Хуулийн төслийг стратегийн орд эзэмшигчид болох Энержи ресурс ХХК, Ачит Ихт ХХК, МАК ХХК зэрэг хүрэлцэн ирсэн компанийн удирдлагууд бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Хуулийн цар хүрээ:
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөж гэдэгт юу хамаарахыг тодорхой болгоно.
- Үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээнэ.
- Үр өгөөж 60 хувиас буурсан тохиолдолд тохируулагч төлбөр төлнө.
- Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр нь ангилж тусгай АМНАТ-өөр орлуулна.

Стратегийн орд эзэмшигчид өмнөх Засгийн газартай ордуудын 60 хувийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Гэвч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 60 хувийн өгөөжид юу тооцох вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа аж.
УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх хуулийн төсөлд 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуульчилж өгнө. Мөн тусгай АМНАТ-ийн хувь хэмжээг тогтооно. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр орлуулсан хэсэг нь Үндэсний баялгийн санд шууд очвол, иргэдийн хуримтлалын нэрийн дансан дахь мөнгө нэмэгдэх бололцоотой юм байна.
Хэрвээ орд эзэмшигч бүртэй хэлэлцээр хийвэл цаг алдаж, олон жил зарцуулах эрсдэлтэй. Тиймээс нэг хуулиар асуудлаа цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.

2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашгийг иргэний хуримтлалын санд оруулж байна. e-Mongolia-д байршсан “Чингис хаан” Үндэсний Баялгийн сангийн иргэнд ногдох өгөөж 2024 онд 178 мянган төгрөг, 2025 онд 306 мянган төгрөг болсон. 2026 онд 500 мянган төгрөг болохоор байна.
Холбогдох хуулийн төслийг батлуулснаар иргэд цаг алдалгүй стратегийн орд ашиглалтаас үр өгөөж хүртэх, нөгөө талаас хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин бий болно. Жилийн эцэстээ e-Mongolia дахь иргэний хуримтлалын сан арвижсан байх нөхцөл бүрдэнэ. “Win-Win” зарчим үйлчилнэ.
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар байгуулагдаад “Чөлөөлье” санаачилгыг бодитой ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байна. Монгол Улс хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч, хөрөнгө оруулагчдыг урт хугацааны хөгжлийн стратегийн түнш гэж үздэг. Энэ үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно. Өнөөдрийн уулзалтын гол зорилго бол бизнесийн орчныг хүндрүүлэх биш, харин олон жил хуримтлагдсан тодорхойгүй байдлыг нэг мөр шийдвэрлэж, тогтвортой ойлгомжтой, урьдчилан тооцоолох боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна гэдгийг тодотгов.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн 16 ордыг баталсан. Мөн хавсралтад нь стратегийн ордод хамаарах эсэхийг тогтоох 39 ордын жагсаалт гаргажээ. Стратегийн 16 орд газруудаас 8 орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон бөгөөд үлдсэн 8 орд газарт хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг эхлүүлсэн.

Стратегийн 16 ордод:
- Нүүрс:
1. Тавантолгой
2. Нарийн сухайт
3. Багануур
4. Шивээ-Овоо
- Зэс, алт, молибден:
5. Эрдэнэт
6. Оюу толгой
7. Цагаан суварга
- Уран:
8. Мардай
9. Дорнод
10. Гурванбулаг
- Алт:
11. Бороо
12. Гацуурт
- Төмөр:
13. Төмөртэй
- Цайр:
14. Төмөртэйн овоо
- Фосфорит:
15. Бүрэнхаан
- Мөнгө:
16. Асгат
багтаж байна.

Үйл явдал
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шат наймдугаар сарын 23-нд дуусна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулж бүртгэж байгаа.
2026 оны 8 дугаар сарын 11-ний 16:30 цагийн байдлаар нэгдүгээр шатны элсэлтийн бүртгэлд нийт 56,065 хүүхдийн хүсэлт илгээж бүртгүүлжэ.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
- Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Үйл явдал
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж байна
Монголын үндэсний өв соёл, бүтээлч үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээ, хоолны соёлыг нэг дор нэгтгэсэн “Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна наймдугаар сарын 11-нд эхэллээ.
Уг арга хэмжээ нь 2000 гаруй жилийн түүх, соёлоор аялуулах “Kharkhorum 360°” фестивалийн нэг хэсэг бөгөөд нийт 10 хоногийн турш үргэлжилнэ. Харин үндсэн “Kharkhorum 360°” фестиваль наймдугаар сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” төслийн хүрээнд үндэсний гар урлал, хувцас, гоёл чимэглэл, хоол үйлдвэрлэл болон бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Төслийн зохион байгуулагч Б.Оюунномин хэлэхдээ, Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үеийн хэв маягтай хослуулан олон нийтэд таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь арга хэмжээний гол зорилго гэдгийг онцолжээ. Мөн соёл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээр оролцогч аж ахуйн нэгж, уран бүтээлчдэд эдийн засгийн бодит үр өгөөж бий болгохыг зорьж байгаа аж.
Арга хэмжээг зорин ирсэн хүмүүс үндэсний өв соёл, уламжлалт урлалын бүтээлүүдтэй танилцахаас гадна гар урчуудын бүтээл хийх үйл явцыг дэргэдээс нь үзэх боломжтой. Түүнчлэн үндэсний болон орчин үеийн загварын үзүүлбэр, хөгжмийн зэмсэг урлах арга ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн танилцуулга зэрэг олон төрлийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Мөн төслийн хүрээнд өдөр бүр 19:00-22:00 цагийн хооронд үнэ төлбөргүй соёл, урлагийн хөтөлбөр зохион байгуулах бөгөөд контент бүтээгчид, урлаг, спортын салбарын уран бүтээлчид оролцсон тоглолт, үзүүлбэр, уулзалт, танилцуулгуудыг багтаажээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү төслөөр дамжуулан үндэсний өв соёлыг зөвхөн үзмэр хэлбэрээр бус, орчин үеийн хэрэглээ, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалтай холбон хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна олон нийтэд нээлттэй үргэлжилж байна.
Үйл явдал
Шатахууны нөөцийг жигд, хүртээмжтэй түгээх үүрэг өглөө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдаж, шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ.
Тодруулбал, шатахууны нийлүүлэлт нэмэгдэх хүртэл агуулахуудад байгаа нөөцийг жигд, хүртээмжтэй хуваарилж, түгээлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.
Мөн шатахууны тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулахад цагдаагийн байгууллага анхаарч ажиллах чиглэл өгчээ. Харин орон нутгийн удирдлагуудад байгаа нөөцдөө тулгуурлан малчид, тариаланчдад дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтаа сайжруулах зөвлөмж хүргүүлэх аж.
Түүнчлэн шуурхай штабаас шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд боловсруулж, тогтмол мэдээллээр хангахыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болголоо.
-
Дэлхий нийтээр..2021/10/26
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
-
Үйл явдал2023/01/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Хэн юу хэлэв...2019/12/13
Урлагийнхан авлигын эсрэг сурталчилгаанд оролцож байна
-
Дэлхий нийтээр..2019/07/19
Налайхын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх авто замын ажил ирэх сарын 1-нд ...
