Үйл явдал
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, олон төрөлт нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Тусгай замын автобус /BRT/ төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны томилолтын баг 2026 оны тавдугаар сарын 11–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, эхлэлийн уулзалтаа зохион байгуулж эхэллээ.
BRT төслийн удирдах хороог Нийслэлийн Засаг даргын 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар байгуулж, 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын А/509 дүгээр захирамжаар худалдан авах ажиллагааг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлэн, зохион байгуулалтын бэлтгэлийг хангажээ.
Эхлэлийн уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Д.Амгалан, Нэгдсэн төслийн удирдлагын газрын захирал Э.Түвшинжаргал, “Тусгай замын автобус /BRT/” төслийн захирал Т.Чинбат, Азийн хөгжлийн банкны Тээврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Николас Дей Кастелли, тээврийн мэргэжилтэн Жихи Ким, санхүүгийн удирдлагын мэргэжилтэн Кашиф Жамал нар болон бусад албаны төлөөлөл оролцож байгаа юм.
Уулзалтаар төслийн хэрэгжилтийг үр дүнтэй эхлүүлэх, зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Түүнчлэн инженерийн зураг төсөл, байгаль орчин ба нийгмийн хамгааллын шаардлага, зээлийн гэрээний хэрэгжилт, төслийн удирдлагын гарын авлага, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хянан баталгаажуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үйл явдал
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шат наймдугаар сарын 23-нд дуусна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулж бүртгэж байгаа.
2026 оны 8 дугаар сарын 11-ний 16:30 цагийн байдлаар нэгдүгээр шатны элсэлтийн бүртгэлд нийт 56,065 хүүхдийн хүсэлт илгээж бүртгүүлжэ.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
- Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Үйл явдал
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж байна
Монголын үндэсний өв соёл, бүтээлч үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээ, хоолны соёлыг нэг дор нэгтгэсэн “Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна наймдугаар сарын 11-нд эхэллээ.
Уг арга хэмжээ нь 2000 гаруй жилийн түүх, соёлоор аялуулах “Kharkhorum 360°” фестивалийн нэг хэсэг бөгөөд нийт 10 хоногийн турш үргэлжилнэ. Харин үндсэн “Kharkhorum 360°” фестиваль наймдугаар сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” төслийн хүрээнд үндэсний гар урлал, хувцас, гоёл чимэглэл, хоол үйлдвэрлэл болон бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Төслийн зохион байгуулагч Б.Оюунномин хэлэхдээ, Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үеийн хэв маягтай хослуулан олон нийтэд таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь арга хэмжээний гол зорилго гэдгийг онцолжээ. Мөн соёл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээр оролцогч аж ахуйн нэгж, уран бүтээлчдэд эдийн засгийн бодит үр өгөөж бий болгохыг зорьж байгаа аж.
Арга хэмжээг зорин ирсэн хүмүүс үндэсний өв соёл, уламжлалт урлалын бүтээлүүдтэй танилцахаас гадна гар урчуудын бүтээл хийх үйл явцыг дэргэдээс нь үзэх боломжтой. Түүнчлэн үндэсний болон орчин үеийн загварын үзүүлбэр, хөгжмийн зэмсэг урлах арга ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн танилцуулга зэрэг олон төрлийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Мөн төслийн хүрээнд өдөр бүр 19:00-22:00 цагийн хооронд үнэ төлбөргүй соёл, урлагийн хөтөлбөр зохион байгуулах бөгөөд контент бүтээгчид, урлаг, спортын салбарын уран бүтээлчид оролцсон тоглолт, үзүүлбэр, уулзалт, танилцуулгуудыг багтаажээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү төслөөр дамжуулан үндэсний өв соёлыг зөвхөн үзмэр хэлбэрээр бус, орчин үеийн хэрэглээ, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалтай холбон хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна олон нийтэд нээлттэй үргэлжилж байна.
Үйл явдал
Шатахууны нөөцийг жигд, хүртээмжтэй түгээх үүрэг өглөө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдаж, шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ.
Тодруулбал, шатахууны нийлүүлэлт нэмэгдэх хүртэл агуулахуудад байгаа нөөцийг жигд, хүртээмжтэй хуваарилж, түгээлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.
Мөн шатахууны тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулахад цагдаагийн байгууллага анхаарч ажиллах чиглэл өгчээ. Харин орон нутгийн удирдлагуудад байгаа нөөцдөө тулгуурлан малчид, тариаланчдад дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтаа сайжруулах зөвлөмж хүргүүлэх аж.
Түүнчлэн шуурхай штабаас шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд боловсруулж, тогтмол мэдээллээр хангахыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болголоо.
-
Үйл явдал2023/04/14
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Чөлөөт бүс2020/01/22
Х.Эрдэвийн “Төрийн тахилгат арван хайрханы магтаал” хэмээх номын бая...
-
Үйл явдал2019/10/07
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
-
Дэлхий нийтээр..2023/05/24
Дорнод аймгийн Онцгой байдлын газарт тоног төхөөрөмж өглөө
