Дэлхий нийтээр..
ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд ноолуураа худалдан авч эхэллээ
Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан.
Монгол Улсын Засгийн Газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс МУХБ-ны эх үүсвэрээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд малчдаас ноолуур бэлтгэх ажил орон даяар эхэлж байна. Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдаж буй Аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээж байгаа юм.
Энэ удаагийн ноолуур бэлтгэх ажилд малчин, сумын Хөдөө аж ахуйн тасаг, арилжааны банкууд хамтран ажиллаж байна. Ноолуур бэлтгэлд зориулсан зээлийн санхүүжилтийг зарцуулахад малчидтай Ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ноолуур худалдан авсан Санхүүгийн баримтаа үйлдэн, Ноолуур бэлтгэн нийлүүлсэн малчдын жагсаалтыг хөтөлж жагсаалтын дагуу санхүүжилт шууд малчдын данс руу шилжих юм.
Өөрөөр хэлбэл ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ байгуулсан, банкны шалгуурыг хангаж зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь дээрх баримтуудыг бүрдүүлэн сумын ХААТ-ийн мэргэжилтнээр тулган баталгаажуулж, баталгаажуулсан баримтын бүрдлийг зээлдүүлэгч банкинд хүргэснээр ноолуурын төлбөрийг малчдын дансанд шилжүүлэх зарчмаар ноолуур бэлтгэл явагдах юм.
ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ хийж хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим ААН-үүд ноолуур бэлтгэлээ эхэлж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас бэлтгэх аж ахуй нэгж өнөөдөр 2020.04.19 ноолуур бэлтгэлийн ажлаа эхэлжээ. Дорнод аймгийн тухайд 2,6 сая толгой мал бүхий 5400 орчим малчин өрхтэй, 790 мянга орчим ямаанаас 235,9 тонн ноолуур бэлтгэх боломжтой юм байна.
Аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ноолуур бэлтгэлийн хугацаа, ямааны үүлдэр угсаа зэргийн ялгаатай байдлаас шалтгаалан ноолуурын өнгө, чанар өөр өөр байдаг. Иймээс ноолуурын үнэ аймаг, сумдад харилцан адилгүй тогтдог. Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнийг тогтоохдоо дээрх онцлог, өнгөрсөн оны ноолуур бэлтгэлийн дундаж үнэ, энэ жилийн дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбоотой дэлхий зах зээл дэх ноолуурын үнэ, ханшийн уналт зэргийг харгалзан үзээд тус аймгаас бэлтгэх ноолуурын худалдан авахад баримтлах үнийг 105 мянган төгрөгөөр тогтоосон. Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын малчид ноолуурынхаа чанараас хамаарч бэлтгэж буй аж ахуй нэгжид дунджаар 105 мянган төгрөгөөр ноолуураа нийлүүлж худалдах, худалдан авах гэрээ байгууллаа. Тус сумдын малчид ХХААХҮЯ, Аймгийн ХААГ-ын өгсөн чиглэлийн дагуу ноолуураа чанартай бэлтгэхэд анхаарсан тухай ярьж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/06/22
Долдугаар сард хийгдэх нислэгийн хуваарь
-
Дэлхий нийтээр..2022/09/08
Б.Баасандорж: Нэг хүн, нэг компанийн эрх ашиг бус нийтийн эрх ашиг чухал
-
Дэлхий нийтээр..2024/06/14
Малын сэг зэм устгалыг 94.18 хувьтай гүйцэтгэжээ
-
Хэн юу хэлэв...2022/10/05
Б.Баярдаваа: Инфляцыг 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөнгөний бодлог...
