Бидэнтэй нэгдэх

Тод индэр

А.Тлейхан: У.Хүрэлсүхийн Засгийн газар эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээр хангах талаар түүхэн шийдвэр гаргасан

Огноо:

,

Сэтгүүлч:

-Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний хангамж хэр байна вэ? Жил бүр цахилгаан эрчим хүчний  хэрэглээ нэмэгдэж байгаа. Энэ хэрэглээг дагаад эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа юу?

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дунджаар 7.1  хувийн өсөлттэй  байна. 2015 онд цахилгаан эрчим хүчний  нийт хэрэглээ 6.6 тэрбум кВт.ц байсан бол 2019 онд 8.7 тэрбум кВт.ц болж 2.1 тэрбум кВт.ц-аар нэмэгдлээ. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг бид дотоодынхоо үйлдвэрлэлээр хангах, аль болох дотоодын хүчин чадлаа өргөтгөх, шинэ эх үүсвэр барих бодлого баримтлан ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гэхэд эрчим хүчний  дотоодын үйлдвэрлэл дунджаар 5.3 хувийн өсөлттэй байгаа. Тухайлбал, Монгол Улс 2015 онд 5.6 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж байсан бол 2019 онд энэ хэмжээ 7.0 тэрбум кВт.ц болсон. Манай улсын  цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг дулааны цахилгаан станцууд, үлдсэн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх  эрчим хүчний эх үүсгүүрийн  эзлэх хувь нэмэгдэж байгаа. Нөгөө талдаа эрчим хүчний хэрэглээ өсч байна. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Өнөөдрийн байдлаар Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг  89 МВт-аар,  Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар өргөтгөх  төслүүд амжилттай хэрэгжиж байна.  Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөл, Дорнодын цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, 2021 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

-ОХУ болон БНХАУ-аас авах эрчим хүчний импортын хэрэглээ жил бүр өсч байна.  Юунаас үүдэн импортын цахилгааны хэрэглээ өсч байна вэ? Үүнийг бууруулах ямар арга зам байгаа вэ?

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 19.7 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахад дотоодын эх үүсвэрийн хүчин чадал хүрэлцэхгүй, алслагдсан бүс нутгийг холбосон цахилгаан эрчим хүч дамжуулах өндөр хүчдэлийн агаарын шугам байхгүйгээс өндөр үнэтэй импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 1-2 хувиар өсч байгаа.  Мөн алслагдсан нутаг дэвсгэрт уул уурхай, хилийн боомтуудыг  дагасан шинэ суурьшлын бүс  бий болж байгаа учраас  импортын цахилгаан эрчим хүчээр хангах зайлшгүй шаардлага гарч байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос импортын цахилгаан эрчим хүчний хувь хэмжээг багасгахын тулд шинээр эх үүсвэрүүдийг барих, одоо байгаа хүчин чадлыг өргөтгөх, бүсүүдийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих зэрэг чиглэлийг баримтлан ажиллаж байна. Үүний зэрэгцээ урамшуулалт зохицуулалтын гэрээ хийж ажиллаж байгаа.Үүний үр дүнд импортын цахилгааны хэмжээ буурч,  дотоодын үйлдвэрлэлийг 109 сая кВт.ц-аар нэмэгдэж, сүүлийн хоёр жилийн дотор 40 гаруй тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг бий болгож чадсан.

-Эрчим хүчний хангамжийн найдвартай байдал ямар байна вэ?

-Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх талаар Эрчим хүчний яамнаас тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Та бүхэн санаж байгаа байх, Төвийн эрчим хүчний системд 2018 оны 9 дүгээр сард аваар гарч дөрвөн цаг орчим хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасалсан. Тухайн үед Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэргэжлийн хүний хувьд шалтгаан нөхцөлийг судалж үзээд 2018 онд 201 дүгээр тушаал гаргасан.

Энэ тушаалын дагуу эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор салбарын хэмжээнд техникийн хяналт хийх нэгжийг бий болгох, мэргэжлийн ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах, үйлдвэр, компаниудын шуурхай ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, диспетчерийн нэгдсэн удирдлагаар оновчтой хангах, нэгдсэн сүлжээний реле хамгаалалт, автоматикийн найдвартай ажиллагааг хангах зэрэг ажлуудыг хийж байна. Эрчим хүчний системийн тогтворжилтыг хянах, найдваржилтыг хангахад чиглэсэн шинэ системийг 2019 онд салбартаа нэвтрүүлж ашиглаж эхлээд байна. Эдгээр ажлуудын дүнд 2019 онд дулааны цахилгаан станцуудын зуух, турбины зогсолтын тоо өмнөх онуудаас 200 орчмоор буурлаа. Мөн Улсын хэмжээнд нэг хэрэглэгчид ногдох цахилгаан тасалдлын дундаж хугацаа урьд онуудаас багасч байна. 

-Эрчим хүчний салбарт хийх томоохон бүтээн байгуулалтын ажлууд, тодруулбал 5-р цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Тавантолгойн цахилгаан станц барих ажил ямар түвшинд байгаа вэ?

- Манай Улсын эрчим хүчний ситемийн бие даасан тогтвортой байдлыг хангахад усан цахилгаан станц хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Харамсалтай нь Эгийн гол, Шүрэнгийн гол дээр баригдах томоохон цахилгаан станцууд гадны улс орны нөлөөгөөр зогсонги байдалд орсон. Эрчим хүчний сайдын шийдвэрээр усан цахилгаан станц барих өөр боломжуудыг судлах ажлын хэсэг томилогдон судалгаа хийж эхний дүгнэлтүүд гарч байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Монголоос эх аваад, Монголдоо цутгадаг голуудыг түшиглэн 20 гаруй усан цахилгаан станц барих боломж байна. Эрчим хүчний сайдын санаачилгаар “Усан цахилгаан станцыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Эрчим хүчний яамнаас бие даасан системийг бий болгох, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах чиглэлээр олон асууудлыг шийдвэрлэж байгаа.

Тавдугаар цахилгаан станцын хувьд  төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар Концессийн хуулийн дагуу эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх гэж зорьсон анхны том төсөл байсан. Хувийн хэвшил мөнгөө гарган барьж, ашиглаад төр тодорхой хугацааны дараа буцааж авах тохироотой байсан. Гэвч төслийг хэрэгжүүлэх явцад хөрөнгө оруулагчид саналаасаа татгалзсан. Өнөөдөр Багануурын цахилгаан станцын асуудал ид яригдаж байна. Манайх нүүрсээр баялаг орон. Хямд эрчим хүч үйлдвэрлэхийн тулд уурхайн аман дээр цахилгаан станц байгуулах нь ашигтай. Энэ утгаар нь Багануурт цахилгаан станц барих шийдвэр аль 1985-1986 онд гарсан байдаг. Тиймээс Багануурын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх бүхий л боломжийг бид судалж байна.

Багануурын уурхайг түшиглэж барих цахилгаан станцын төслийг судалж, дүгнэлтээ гаргасан. Үнэхээр л засаж сайжруулахаас өөр аргагүй зүйлүүд гарч ирсэн. “Багануурын цахилгаан станц төсөл”-ийг хэрэгжүүлэх (барих-ашиглах-шилжүүлэх) Концессын гэрээг 2015 онд байгуулсан байдаг. Тус гэрээнд 350 МВт нэгж хүчин чадал бүхий хоёр блоктой, нийт 700 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар тусгасан байсан. Энэ нь эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг алдагдуулах сөрөг үр дагавар үзүүлж байсан учраас эхний шатанд нэгж блокийн хүчин чадлыг бууруулж 200 МВт болгох, дараагийн шатанд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 300 МВт чадалтай блокийг нэмж барихаар гэрээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Мөн Багануурын цахилгаан станцын цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд “Take or pay” буюу “Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч болгоныг ав, эсвэл төл” гэсэн зарчмыг тусгасан байсан. Үүнийг өөрчлөн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх боломжит цахилгаан эрчим хүчний хэмжээг талууд харилцан тооцоолж цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд тусгах, диспетчерийн зохицуулалтаар буюу хэрэглээндээ нийцүүлэн цахилгаан эрчим хүч худалдаж авах байдлаар Монгол Улсын эрх ашигт нийцүүлсэн. Ингэснээр Багануурын цахилгаан станцын нэг турбины хүчин чадал  200 МВт болж, үйлдвэрлэсэн цахилгааны хэмжээг Диспетчерийн үндэсний төвтэй тохирсны үндсэн дээр худалдах зарчим руу шилжүүлсэн.

Дээрх өөрчлөлтийн дагуу төсөл хэрэгжүүлэгчид Үндэсний хөгжлийн газартай Концессын гэрээгээ шинэчлэн байгуулахаар ажиллаж байна. Тус станцыг 2023 он гэхэд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байгаа. Багануурын дулааны цахилгаан станц ашиглалтанд орсноор манай улсын төвийн бүс импортын хараат байдлаас гарч, цахилгаан эрчим хүчний  нийт  хэрэглээний 25 орчим хувийг хангана. Мөн харьцангуй хямд үнээр эрчим хүч худалдан авна. Өнөөдрийн байдлаар 1 кВт цаг цахилгааныг ОХУ-аас  0.09 ам.доллараар худалдаж авч байгаа. Тэгвэл Багануурын цахилгаан станцын 1 кВт цаг цахилгааны үнийг  0.064 ам.доллараар худалдаж авах боломжтой байгаа юм. Харин Тавантолгойн цахилгаан станцыг одоо бэлэн байгаа техник, эдийн засгийн үндэслэл, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр барихаар шийдвэрлээд байна.

Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3 дугаар зүйлд Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангахаар заасан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар болон Оюутолгой компанийн хооронд “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай” гэрээг 2018 онд байгуулсан, энэ гэрээгээр Оюутолгой компани нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Таван толгойн цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх  үүрэг хүлээсэн боловч станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болсон.

Оюутолгой компанийн барих цахилгаан станцын хүчин чадал 300 МВт байхад барилга угсралтын зардал нь 997 сая ам. доллар, цахилгааны үнэ тариф нь 12.0 ам. цент/кВтц байхаар урьдчилан тооцсон юм билээ. Иймд Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан  станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаад байна. Таван толгойн цахилгаан  станцын хөрөнгө оруулалт нь Оюутолгой компанийн санал болгож байгаа үнээс 30 хувь бага, цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд юм.

Энэ станцыг 2024 он гэхэд  ашиглалтад оруулсанаар өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах боломж бүрдэнэ. Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн 92 МВт хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж, баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах, Дорнод бүсийн эрчим хүчний системийн хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэн өргөтгөх, зарим цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг барьж байгуулах гээд асар их бүтээн байгуулалтын ажил биднийг хүлээж байна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд 50 МВт-ын цахилгаан станц, Дарханд 88 МВт-ын хийн цахилгаан станцыг барьж байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна вэ?

-УИХ-ын 2015 оны 63 дугаар  тогтоолоор “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг баталсан.  Эрчим хүчний салбарыг 2015-2030 он хүртэл  хөгжүүлэх энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, хийхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолоор баталж гаргалаа. Энэ хөтөлбөрт 2018-2023 онд эрчим хүчний салбарт хийж, хэрэгжүүлэх ажлыг маш ойлгомжтой, цэгцтэй болгож, төлөвлөж өгсөн. Дунд хугацааны хөтөлбөр батлагдснаар эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, дутагдаж байгаа эх үүсвэрийг барьж байгуулах, шаардагдаж байгаа хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн гэж болно.

Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр нь  стратегийн зургаан том зорилтын хүрээнд эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудыг нарийн тусгаж өгч эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээсээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын түүхэн шийдвэр болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд  2019 оны байдлаар Дарханы ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөл, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 1, 4-р турбины шинэчлэл 43 МВт-ын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн ЦДАШ, дэд станц, Чойр дэд станцыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн хугацаандаа бүрэн хэрэгжиж дууссан.

Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хүрээнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой төслийн судалгааг хийж, “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, Дорнодын станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх, Амгалан дулааны станцын дэд бүтцийг түшиглэн 50 МВт-ын цахилгаан станц барих төслүүдийг эхлүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарч, холбогдох арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын 41960 гаруй айл өрхийг цахилгаан халаагуураар халаахад түгээх сүлжээний техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлыг 2017-2019 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж дуусгаад байна.

“Тавантолгой түлш” ХХК жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулан 2019-2020 оны халаалтын улиралд хэрэглэгчдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж ажилласан. Нийслэл хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг хэвийн найдвартай хангах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, сүлжээний горим ажиллагааг сайжруулахын тулд нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болсон шугамуудыг өргөтгөн шинэчлэх, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн гурван жилд нийт дулаан дамжуулах сүлжээний 79 цэгт 33.5 км урт шугам, тоноглолыг 53.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр сольж, шинэчилсэн байна.  Шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэснээр нийт 860 орчим барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбогдсон статистик үзүүлэлт гарч байна. Энэ 2020 онд шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэж техникийн нөхцөл авсан барилга байгууламжуудыг шинээр төвлөрсөн дулаан хангамжид холбохоор төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Урьд нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын тухай ярьдаг байсан бол одоо аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг талаар ярьж эхэллээ. Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оролцоо хэр байна вэ?

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах түгээх сүлжээний техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлыг 2017-2019 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж дуусгаад байна. Энэ төсөлд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 35 хорооны нийт 41964 айл өрх хамрагдсан. Энэ ажлын хүрээнд түгээх сүлжээний суурилагдсан хүчин чадал 174 МВт-аар нэмэгдсэн. Мөн 2020-2021 онд 31 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байна.

Сүүлийн жилүүдэд бие даасан халаалтын зуухнаас халаалт авдаг барилга, объектуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлууд жил бүр үр дүнтэй хэрэгжиж төвлөрсөн дулаан хангамжийн хамрах хүрээ тэлсээр байна. 2016 оноос Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Улаанбаатар хотод ажиллаж буй түүхий нүүрсээр ажиллаж байсан бага, дунд чадлын халаалтын зуухнуудыг зогсоож төвлөрсөн дулаанд холбох тооцоо, судалгааны ажлыг хийсний үр дүнд төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээтэй ойрхон байрласан, гидравлик тооцооны дүнгээр холбох боломжтой халаалтын зуухтай иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг шат дараалан төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож ажиллаж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Нийслэл хотод ажиллаж байсан бага, дунд чадлын нийт 303 халаалтын зуухыг бүрмөсөн зогсоож түүнээс хангагддаг 58 Гкал/ц-ийн дулааны хэрэглээ бүхий 434 барилга, объектыг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбож иргэд оршин суугчдын ая тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Эдгээр зуухнуудад шатааж байсан түүхий нүүрсний хэрэглээг нийт дүнгээр нь авч үзвэл жилд 122 794 тонноор, агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээ жилд 6145 тонноор тус тус буурсан үзүүлэлттэй байгаа.

-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Гэтэл яагаад энэ нөөцөө ашиглаж чадахгүй байна вэ? Манайд том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барих боломж, бас төлөвлөсөн зүйл бий юу?

-Олон Улсын байгууллагуудаас манай орны  нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан дэлхийн эрчим хүчний хэрэглээний 20  гаруй хувь, өмнөд хөрш БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээг дангаараа хангаж чадахуйц нөөцтэй юм гэж тодорхойлсон байдаг. Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”-т эрчим хүчний салбарын нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20.0 хувь, 2030 онд 30.0 хувь хүртэл нэмэгдүүлэхээр тусгасан. 2016 онд сэргээгдэх  эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 6.9 хувь байсан бол 2019 оны байдлаар 19.3 хувьд хүрээд байна. Цаашид бидэнд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх олон боломжууд байна.

Тухайлбал, Монгол орны говийн бүсийн нар, салхины арвин нөөцөд тулгуурлан том чадлын сэргээгдэх эрчим хүчний станцуудыг барьж  байгуулан бусад орнуудад цахилгаан экспортлох санаачилгыг  хэрэгжүүлэхэд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахаар бодлогын баримт бичгүүдэд тусгасан нь өнөөдөр биелэлээ олж, тооцоо судалгааны ажлыг эхлүүлээд байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг экспортлож, улс орны  эдийн засгийг дэмжих орлогын эх үүсвэрийг бий болгоно. Нөгөөтэйгүүр манай нэгдсэн сүлжээнд тогтвортой байдлыг хангах шаардлагаар нар, салхины эрчим хүчийг шингээх чадвар 245 МВт-аар хязгаарлагдаж байгаа. Үүнийг бид анхаарахаас аргагүй.

Өнөөдөр хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ашиглан өөрийнхөө эрчим хүчний хэрэглээгээ хангаж, илүү гарсныгаа түгээх сүлжээнд худалдаж орлого олох эрх зүйн орчныг бий болгож чадлаа. Нарны эрчим хүчийг ашиглан дулаан хангамжийг шийдвэрлэх боломжтой. Энэ чиглэлээр тодорхой судалгааны ажлууд хийгдэж эхлээд байна. УИХ-аас 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, баталснаар сэргээгдэх эрчим хүчний үнийг өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжүүлж, нэгдсэн сүлжээний тогтвортой байдлыг хангаж, цахилгааны үнэ тарифын огцом өсөлтийг хязгаарлах боломж бүрдсэн.

-Эрчим хүчний үнэ тариф өнөөдөр ямархуу байгаа вэ? Монголд эрчим хүчний үнэ өндөр байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Монгол Улсад эрчим хүчний үнэ тариф бусад улс орнуудтай харьцуулахад хямд. Тодруулбал 1 кВт цаг цахилгаан эрчим хүчний дундаж үнэ өмнөх оны дүнгээр 168.14 төгрөг байгаа. Дээр нь хэрэглэгчдэд, ялангуяа ахуйн хэрэглэгчдэд байнга хөнгөлөлт үзүүлж, хямд үнээр эрчим хүч нийлүүлэх бодлогыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баримталдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны  үнэ тарифыг тогтоохын тулд эрчим хүчний бодит өртөг зардлыг тооцохын зэрэгцээ Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа бусад бараа бүтээгдэхүүний үнэ, айл өрхийн орлого, нэг өрхийн орлогод эрчим хүчний тарифын эзлэх хувь хэмжээг хүртэл нарийн тооцдог. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд 4 ам бүлтэй айл өрх сард дунджаар 220 кВт.ц цахилгаан хэрэглэж, 36236 төгрөгийг цахилгаан эрчим хүчний  төлбөрт өгч байна. 

Өөрөөр хэлбэл энэ айл өдөрт 1208 төгрөгийг цахилгаан эрчим хүчиндээ зарцуулдаг. Тухайн өрхийн нэг хүн өдөрт 302 төгрөгийн цахилгаан хэрэглэдэг гэсэн үг. Цайны газарт нэг хуушуур 1000 төгрөг, ганцхан удаа зорчих автобусны билет 500 төгрөг, нэг атар талх 1200 төгрөгийн үнэтэй, нэг хүний гар утасны өдрийн төлбөр 820 төгрөг байх жишээний. Мөн нэг хүнд ноогдох дулааны өдрийн төлбөр 350 төгрөг байхад нэг жижиг шуудай модны үнэ 4500 төгрөг байдаг. Эдгээр харьцуулалтуудаас харахад манай улсын хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны үнэ тариф бага түвшинд байна. Бид өдөртөө 1000 хүрэхгүй төгрөгөөр хоол ундаа хийж, зурагтаа үзэж, утсаа цэнэглэж, хувцсаа угааж, цахилгааны бүх хэрэглээгээ зохицуулж байна гэсэн үг юм. Монголд эрчим хүчний үнэ хямд, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс хоёр дахин, бусад хөгжилтэй орнуудын цахилгааны үнээс 4-5 дахин хямд байна.

-Хэрэглэгчдийн дунд Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний үнэ  нэмээд байна гэсэн ойлголт түгээмэл байдаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах  үүргийг хүлээж байдаг. Мөн энэ хуулийн дагуу эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үнэ тарифыг  үйл ажиллагааны зардал, бодит өртөгтэй нь уялдуулан хянаж баталдаг. Эрчим хүчний үнэ тарифт нөлөөлдөг олон зүйл бий. Тухайлбал, жилээс жилд валютын ханш өсч, үүнийг дагаад  шатах, тослох материал, сэлбэг хэрэгслийн  үнэ нэмэгдэж байна. Нүүрсний тээврийн үнэ өссөн, хэрэглээний  усны үнэ, татвар шимтгэлийн хувь хэмжээ өссөн.

Энэ бүх үнийн өсөлт эрчим хүч үйлдвэрлэх бодит зардлыг өсгөж байгаа. Нүүрсний уурхай, эрчим хүчний үйлдвэр компаниудаас үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг манай Хороонд байнга ирүүлдэг. Зөвхөн өнгөрсөн 2019 онд л гэхэд  нүүрсний уурхайнуудаас 42.9 тэрбум, цахилгаан станцуудаас 65.3 тэрбум, бусад компаниудаас 39 тэрбум, нийтдээ 147.2 тэрбум төгрөгөөр үнэ тарифаа нэмэгдүүлэх санал ирсэн. Үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд зайлшгүй авч үзэх шаардлагатай саналыг хянаж, хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцүүлж, компаниудаас ирүүлсэн үнэ тарифын саналыг 2.5 дахин бууруулсан. Мөн шаардлага хангаагүй, үндэслэл нотолгоогүй саналуудыг хүлээж авдаггүй. Товчхон хэлэхэд Эрчим хүчний зохицуулах хороо бол үнэ тариф нэмдэг биш харин  эрчим хүчийг илүү хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажилладаг байгууллага.

- Эрчим хүчний салбар хэрэглэгчдэд үнэ тарифын ямар хөнгөлөлт,  үзүүлж байгаа вэ?

-Эрчим хүчний үнэ тарифыг аль болох тогтвортой байлгах бодлогыг баримталж байгаа. Ялангуяа айл өрхүүдэд борлуулж байгаа эрчим хүчний үнэ хямд, эрчим хүч үйлдвэрлэж байгаа бодит зардалдаа хүрдэггүй. Монгол Улсын эрчим хүчний хангамж нь Төв, Зүүн, Баруун, Алтай-Улиастай гэсэн дөрвөн бүс нутгийн системээс бүрддэг.  Тухайлбал, Улаанбаатар хот болон Төв, Зүүн, Өмнөд бүсийн энгийн тоолууртай айл өрхүүд 150 кВт.ц хүртэлх хэрэглээний 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгө буюу бодит өртгөөс нь 31.хувиар доогуур үнээр, 151 кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгө буюу бодит өртгөөс 14.2 хувиар доогуур үнээр худалдан авч байна.

Харин хоёр тарифт тоолууртай айл өрхүүд өглөөний 06 цагаас оройн 21 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгөөр буюу бодит өртгөөс 25.5 хувиар доогуур үнээр, оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр буюу бодит өртгөөс 57.7 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл айл өрхүүд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 14-58 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч хэрэглэдэг. Энэ хөнгөлөлтөд улсын хэмжээнд 660 гаруй мянган өрх хамрагдаж, нэг өрх сард дунджаар 6400 төгрөг, жилд 76 800 төгрөгийн бодит хөнгөлөлт эдэлж байгаа. Зөвхөн 2019 онд гэхэд 660 гаруй мянган өрхөд 79.0 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд сүүлийн дөрвөн жилд нийтдээ 195.3 тэрбум төгрөгийн эрчим хүчний үнийн хөнгөлөлт үзүүлжээ.

Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд халаалтын улиралд Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын иргэдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувь хөнгөлж, 2019 онд 12.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд сүүлийн 4 жилд нийт 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн.

-Эрчим хүчний зохицулах хороо хэрэглэгчийн гомдол санал хүлээж авч шийдвэрлэдэг гэсэн. Энэ хүрээнд ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-Эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон хэрэглэгч хооронд үүссэн маргаантай асуудлыг хянаж шийдвэрлэдэг. 2019 онд 1771 хэрэглэгчийг хамарсан 235 өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хэрэглэгчид болон компаниуд хооронд үүссэн 1.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийн тооцооллыг шалган маргааныг шийдвэрлэж, хэрэглэгчдэд 246.8 сая төгрөгийн төлбөрийн буцаалт хийлгэсэн байна. 2016 оноос өмнөх жилүүдэд  цахилгаан, дулаанаар хэрэглэгчдийг хангах борлуулалтын үйл ажиллагааг ямар нэг зөвшөөрөлгүй хувь хүн болон аж ахуйн нэгжүүд эрхэлж, өөрсдөө дур мэдэн үнэ тариф тогтоодог, хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарладаг, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчин, үндэслэлгүй төлбөр хураамж шаардаж  иргэдийг хохироож байжээ. Эрчим хүчний зохицуулах хороо бусад холбогдох байгууллагуудтай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 500 гаруй аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож  140 000 гаруй хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж ажилласан.

-Эрчим хүчний үнэ тариф ярихаар яалт ч үгүй салбарын эдийн засгийн асуудал сөхөгддөг. Эрчим хүчний салбарын санхүүгийн чадавх ямар байна. Хэр алдагдалтай ажиллаж байгаа вэ?

- Эрчим хүчний салбарт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх 21, дулааны эрчим хүч үйлдвэрлэх 20, цахилгаан дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, цахилгаан импортлох, экспортлох 3, цахилгаан түгээх, хангах 23, дулаан түгээх, хангах 73, эрчим хүчний барилга байгууламж барих 55 компани, нийт 196 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд эрчим хүчний салбарын борлуулалтын нийт  хэмжээ 1.1 их наяд төгрөгт хүрсэн. Эрчим хүчний салбар 2009 онд 69.6 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллаж байсан бол 2019 онд төвийн бүсийн дүнгээр алдагдалгүй, орон нутагт буюу баруун таван аймаг, зүүн хоёр аймаг, Өмнөговь аймгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ 28.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа юм. Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийсний үр дүнд 2010 онд Улсын төсвөөс 30 орчим тэрбум төгрөгийн татаас авдаг байсан бол өнөөдрийн байдлаар төвийн бүсийн эрчим хүчний систем татаас авахгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд баруун таван аймгийн хэрэглэгчдийн эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө доогуур байгаагаас 2019 онд 17.1 тэрбум төгрөгийн татаас авсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, шимтгэлийн дүн жил ирэх тусам өсч байгаа. Салбарын дүнгээр 2018 онд улсын төсөвт 289.1 тэрбум төгрөг төлж байсан бол 2019 онд 335.0 тэрбум төгрөг болж нэмэгдсэн.

-Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ?

- 2015 оны 11 сард Монгол Улсын Их Хурлаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг батлагдсанаас хойш Монгол Улсын Засгийн газраас 2016 онд эрчим хүчний аудит, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүчний хэмнэлтийн мэргэжилтэн бэлтгэх, эрх олгох, мэргэжлийн байгууллагуудыг магадлан итгэмжлэх зэрэг харилцаануудыг тус тус журамлан зохицуулалтын орчныг бий болгосон. Уг харилцаануудыг зохицуулсан журмуудыг 2019 онд шинэчлэн баталсан. Мөн 2018-2023 он хүртэл хэрэгжүүлэх “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс эрчим хүч хэмнэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Европын холбооны эрчим хүчний аудитын цуврал стандарт, Олон улсын цахилгаан техникийн хорооны цахилгаан хөдөлгүүр болон хүчний трансформаторын үр ашигтай холбоотой стандарт, Олон улсын стандартын байгууллагын эрчим хүчний менежментийн тогтолцооны цуврал стандартуудыг тус тус батлуулснаар стандартын бодлогоор дамжуулан тоног төхөөрөмжийн үр ашигтай хэрэглээг бий болгох боломжийг бүрдүүллээ. Эрчим хүчний сайдын зүгээс эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх асуудалд ач холбогдол өгч 2018 оныг салбарын хэмжээнд “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарласан. Үүний үр дүнд  Эрчим хүч хэмнэлтийн хуулийг олон нийтэд сурталчлах, ач холбогдлыг ойлгуулах, эрчим хүчний үнэ цэнийг ард нийтэд ухуулах боломж бүрдэж өгсөн.  Эрчим хүчний яамнаас хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийг 92.хувийн биелэлттэй гэж дүгнэсэн нь хууль болон хөтөлбөрийн хэрэгжилт бүх шатанд хангагдаж байгааг илтгэж байна.

-Эрчим хүчний хэмнэлтээс ямар үр дүн хүлээж байна вэ? Яг бодитой гарсан үр дүн бий юу?

-Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг боловсруулж байх үед хэмнэж болох эрчим хүчний хэмжээг тооцсон. Монгол Улсын хувьд хуучин технологи, тоног төхөөрөмж, насжилт өндөр барилга байшин, шугам сүлжээ их байдаг учир хэмнэлтийн үр дүнг өндрөөр тооцоолж гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл бид 680 орчим сая кВт.ц, энгийнээр хэлбэл Дархан хотод байдаг цахилгаан станцын жилийн үйлдвэрлэлээс 2 дахин их эрчим хүчийг богино дунд хугацаандаа хэмнэх боломжтой гэж тооцоолж байсан.

2019 оны гүйцэтгэлээр 229 үүрэг хүлээсэн хэрэглэгч Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний дотор улсын төсвийн 64, үйлчилгээний 33, хөнгөн хүнсний 54, уул уурхай, хүнд үйлдвэрийн 43 байгууллагууд нийлбэр дүнгээр 3,5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 530 мянган Гкал дулааны эрчим хүчийг хэрэглэсэн байна.

Эрчим хүчний салбарын үүрэг хүлээсэн 35 хэрэглэгч 2018 оноос хойших өссөн дүнгээр 81.3 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 105,4 мян.Гкал дулааны эрчим хүч буюу мөнгөн дүнгээр илэрхийлбэл 12.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажилласан. Мөн бусад Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн хувьд 2018 онд 18,5 сая кВт.ц, 2019 онд 19,6 сая кВт.ц цахилгаан, дулааны эрчим хүчийг хэмнэж, өссөн дүнгээр 38,1 сая кВт.ц эрчим хүч буюу 5.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан бөгөөд нийт дүнгээрээ 17.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ.

-Энэ 2020 оныг Эрчим хүчний салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил болгосон. Танай хорооны хувьд хүний хөгжлийн талаар ямар ажлууд хийж байгаа вэ?

Манай хорооны хувьд  юуны өмнө Удирдлагын Академийн эрдэмтэн багш нартай хамтран Эрчим хүчний зохицуулах хорооны дунд хугацааны хөгжлийн стратегийн баримт бичиг, төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Стратеги төлөвлөгөөндөө байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл, хөгжлийн ирээдүйн чиг хандлага, зорилтуудаа тодорхойлсон, нийт 5 үндсэн зорилтын нэг нь хүний хөгжилтэй холбоотой буюу “Мэдлэг чадварт суурилсан, мэргэшсэн, манлайлагч байгууллага болох” гэж тодорхойлсон. Эрчим хүчний сайдын тушаалаар 2020 оныг Эрчим хүчний салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил болгосон. Энэ шийдвэрийг манай хамт олон талархалтай хүлээн авч байгаа. Бид чадварлаг хүний нөөцтэй байж гэмээ нь эрхэм зорилго, зорилтуудаа биелүүлэх боломжтой болно.

Үүний тулд ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж илүү бүтээмжтэй болгох ёстой. Энэ зорилгоор ажилтнуудынхаа мэргэшлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэг, боловсролын түвшинг дээшлүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.  Тухайлбал, одоогоор зургаан ажилтнаа өндөр хөгжилтэй улс орнуудад магистрт сургаж байгаа,  гурван ажилтан ХБНГУ-ын Берлин хотын техникийн их сургуульд эчнээгээр, хоёр ажилтан БНСУ-ын Сөүлийн их сургуульд, нэг  ажилтан Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд эрчим хүч, бизнесийн удирдлагын чиглэлээр эдгээр улсын тэтгэлгээр суралцаж байгаа ба 1 ажилтан Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бэлтгэгдэж байна. 

Мөн ажилтнуудынхаа ур чадвар, идэвх санаачлага, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, салбарын болон байгууллага, хамт олны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор шилдэг бүтээлч ажилтан, хөдөлмөрийн бүтээл шалгаруулах, албан баримт бичиг боловсруулах, илтгэх ур чадварын зэрэг сургалт, тэмцээн уралдааныг дотооддоо тогтмол зохион байгуулдаг болсон, ажлын үр дүнтэй нь холбосон урамшуулал, хариуцлагын тодорхой тогтолцоог бүрдүүлсэн, дотоод аудитыг тогтмолжуулснаар бодитой үр  дүнд хүрсэн.

Байгууллагын хөгжлийн түлхүүр, үнэт баялаг бол хүний нөөц юм. Иймээс ажилтнуудынхаа ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Хорооны 1965 онд баригдсан хуучин хоёр давхар конторын барилгыг буулгаж оронд нь эрчим хүчний хэмнэлттэй, нарны эрчим хүч хэрэглэдэг дөрвөн давхар конторын барилгыг Германы ОУХАН-ийн болон Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ - “NAMA” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр барьж энэ онд ашиглалт орууллаа. 2020 оныг Байгууллагын соёл, хувь хүний хөгжлийн жил болгосон, энэ хүрээнд ажилтнуудын харилцааны соёл, ёс зүй, эерэг хандлага, зан төлөв зэргийг төлөвшүүлэхэд бие даалгаж энэ талаарх ном уншуулах, судалгаа хийлгэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулах зэргээр ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: Үнэн сонин 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод индэр

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна

Огноо:

,

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Эдийн засгийн бодлогын хорооны дарга, эдийн засагч Б.Ундраатай ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг өсч байна гэдэг ч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, бодит орлого нь нэмэгдэхгүй байна. Яг үнэндээ өрнөөс өрний хооронд амьдарч байна. Эдийн засаг өсөөд байхад иргэдийн амьдрал сайжрахгүй байгааг та юу гэж тайлбарлах вэ?

-Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт юм. Энэ долоон хувийн өсөлтийн 4.3 хувийг нь уул уурхай болон тээврийн салбарын өсөлт дангаар бүрдүүлсэн.

Эдийн засаг өслөө, улсын ашиг орлого нэмэгдлээ гээд л сайхан, сайхан тоо яриад байгаа ч ард иргэддээ энэ өсөлт хүртээмжтэй байж чадсан уу гэвэл үгүй. Иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулж чадсан өсөлт биш. Уул уурхайн салбараас үүдэлтэй хэдэн төгрөг ахиу орж ирдэг мөчлөгийн шинжтэй өсөлт нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэхгүй. Уул уурхай ч гэж дээ, нүүрсний салбар л даа. Арай ахиу нүүрс зарлаа, түүнийгээ тээвэрлэлээ. Тэр мөнгө нь нүүрсний эздийн халаасанд орчихсон. Нүүрсний сонсголоос энэ бүхнийг иргэд хангалттай сонсож, мэдсэн байх.

Онолоороо бол эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өндөр өсөлтийг хангаж чадсанаар хүний болон эдийн засгийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлж, монгол иргэн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлж, ядуурлын түвшин буурна. Гэтэл Монголын эдийн засгийн өсөлт хэлбэлзэл өндөртэй байдаг. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хөгжилд хүрэх нь улс орны хөгжлийн стратегийн асуудал байх ёстой. Манай орны хувьд эдийн засгийн бодит салбар нь уул уурхай болон мал аж ахуй гэсэн хоёрхон тулгууртай.

Хувийн хэвшлийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгож чадахгүй байна. Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлага нь мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжих, эдийн засгийн олон талт өсөлт бүхий оновчтой бүтцийг бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал. Эдийн засаг нь хүчтэй байж ард иргэд үнийн, өрийн дарамтад боомилогдсон хямралт байдлаас гарна. Гэтэл өнөөдөр инфляци, үнийн өсөлтөөс болж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байна.

-Эдийн засаг өссөн, иргэдийн амьдрал муудсан гэдэг эрс тэс хоёр өнцөг байна. Эдийн засаг өссөн нь тоогоор батлагдаж байна. Харин иргэдийн амьдрал муудсаныг илтгэх тоо байна уу?

-Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь буюу 914 мянган иргэн 418 мянган төгрөгнөөс доош орлоготой байна гэсэн судалгаа гаргасан. Сая шахам иргэн хагас сая төгрөг хүрэхгүй мөнгөөр амь зууж байна шүү дээ. 2022 оны энэ судалгаанаас ядуурлын шугамыг инфляцитай холбогдуулан нэмэгдүүлээд харахад иргэдийн талаас дээш хувь нь ядуурлын түвшинд орж байгаа. Үнэхээр эдийн засгийн өсөлт нь иргэдийнхээ амьжиргаанд нөлөөлдөг бол ядуурлын түвшин буурах ёстой биз дээ. Тэгээд ч эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулахад дангаар нөлөөлдөггүй. Төрд нүүрлэсэн энэ их авлига нь эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхгүй, ядуурлыг бууруулах боломжийг олгохгүй байна.

Энэ бүхнийг цогцоор шийдэхгүй, үр дүнтэй бодлого гаргаагүй байж эдийн засаг өслөө, бүх зүйл сайхан болж байна гэж хоосон лоозондоод байж болохгүй. Засгийн газар нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг бага сага нэмсэн. Тэр жаахан нэмэгдэл ядуурлыг бууруулахад нөлөөлж чадахгүй. Өнгөрсөн өвөл үүссэн зудын нөхцөл байдлаас шалтгаалж хөдөө аж ахуйн салбарын уналт энэ онд үргэлжилнэ. Энэ нь нийт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр. Цаашлаад төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн өсөлттэй холбоотой эрэлтийн нөлөө нэмэгдэх зэргээс шалтгаалж харин ч инфляци дахин өсөх эрсдэлтэй байгаа. Энэ бүхэн ядуу болон бага орлоготой өрхүүдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна.

-Монголбанк инфляци буурч байна гэдэг боловч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээр байна. Инфляцийн энэ тооцоолол зөв байж чадаж байна уу?

-Инфляцийн түвшин 2024 оны гуравдугаар сарын байдлаар долоон хувьтай гарсан байсан. Энэ хувийг тодорхойлоход хэрэглээний үнийн индексийг гол үзүүлэлт болгон ашигладаг. Индексийг тооцох зорилготой хэрэглээний сагс гэж байгаа. Хэрэглээний сагс нь дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт. Үүнд 12 төрлийн 370 гаруй бараа, үйлчилгээ ордог байсныг жил гаруйн өмнө 13 бүлгийн 410 нэр төрөл болгож нэмэгдүүлсэн. 410 бараа үйлчилгээний дундаж статистик тоогоор л инфляци долоон хувьтай харагдаж байна. Гэтэл ихэнх бага, дунд орлоготой иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг лангуун дээр байгаа нөгөө мах, гурил, сүү, талх гээд үсрээд 10 хүрэхгүй нэр төрлийн барааны үнийн өсөлт чинь энэ хувиасаа харьцангуй өндөр байна. Яг бага орлоготой иргэдэд энэ 410 нэр төрлийн бараа, үнэндээ хамаарахгүй байгаа.

Инфляци одоо долоон хувь гэж байгаа ч өмнөх хоёр жилийн хугацаанд 13, 14 хүрсэн. Сүүлийн жилүүдэд гурил, будаа, талхны үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Гэтэл дизель түлшний үнэ 30 хувиар нэмэгдээд удлаа. Суудлын автомашин унаж байгаа иргэд шатахууны өсөлт мэдрэгдээгүй байх. Яагаад гэвэл АИ-92 шатахууны үнэ өсөөгүй, барьж байгаа. Гэтэл дизель түлшний үнэ нэмэгдсэнээр бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгааны нэг болсон.

2016 онтой харьцуулбал, өнгөрсөн найман жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2-3 дахин өсчихлөө. Гэтэл орлогын түвшин яаж өссөн билээ. Орлогын өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөө гүйцэхгүй байна. Ийм байхад яаж иргэдийн амьжиргаа дээшлэх юм бэ. Эрх барьж байгаа МАН 2016 онд хоёр хувьтай байсан инфляцийг өсгөөгүй бол өнгөрсөн найман жилийн хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнэ 16 хувиар л өсөх байсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр мах, гурил, сүү, талх гэхэд л 2016 оноос 120-190 хувиар буюу 2-3 дахин өсчихсөн байгаа. Найман жилийн өмнө савласан нэг кг алтан тариа гурил 1294 төгрөг байсан бол одоо 2949 төгрөг болж, 128 хувь буюу 2.3 дахин өссөн байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр гурилын үнэ зургаан жилийн өмнөх үнээрээ байж л байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляци өндөр байгаагийн зэрэгцээ сонгууль угтсан төсвийн зардлын тэлэлт, Эрдэнэс Таван толгойн ногдол ашиг, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн нь эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжлэх нэг том нөхцөл болохоор байна. Мөн зудын нөхцөл байдал зэрэг дотоод шалтгаанаар инфляци 2024 онд эргээд өсөх эрсдэл бий.

-Эрх баригчдын буруу бодлого, сонгууль угтсан мөнгө тараалт урт хугацаандаа иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, улам л сөхрүүлэх нь гэж ойлгож болох уу?

-Эдийн засагт уялдаа холбоогүй зүйл гэж байхгүй. Нэг хоёр буруу бодлого 10, 20 алдаа, хүндрэлийг араасаа дагуулдаг.

Орлогын өсөлт нь амьжиргааны зардал, үнийн өсөлтөө давахгүй байгаа учраас иргэд арга буюу зээл авч өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна. Энэ нь ч тоо баримтаар тодорхой байгаа зүйл. Өрхийн дундаж бодит орлого нэмэгдэлгүй 8 жил боллоо. Энэ хугацаанд үнийн өсөлтөөс улбаалан зарлага эрс өсөж, дундаж монгол айлын орлого нь зарлагаа гүйцэхгүй, зээлээс зээлийн хооронд амь зогоож байна. Уул уурхайгаас бусад ихэнх бизнес мөн адил өр зээл, бартерын солилцоогоор аргацааж байгаа. Өнөөдөр монголчууд бүгд өрийн дарамтад амьдарч байна. Улс нь, аж ахуйн нэгж байгууллагууд нь, иргэд нь бүгд зээлтэй, өртэй байна. Улсаа хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулахын тулд эхлээд бүгд өрнөөсөө салах хэрэгтэй.

Уг нь одоо эрх барьж байгаа МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалингийн бодит хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно, зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй болгоно гэж амласан. Гэтэл өнөөдөр энэ амлалтуудаас нэг нь ч биелээгүй байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь банкинд дунджаар 8.6 сая төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан. Үүн дээр ББСБ, ХЗХ, ломбард, аппликэйшний зээлүүдийг оруулбал нийт иргэд бүгд зээлтэй байна.

-Иргэд хэрэглээний зээл авч байгаа нь намын мөрийн хөтөлбөр, Төрийн бодлоготой хамаагүй гэх л байх даа?

-2016 онд нийт насанд хүрсэн иргэдийн 43 хувь нь зээлтэй байсан. Одоо 87 хувь нь зээлтэй байна. Хоёр дахин нэмэгдсэн байгаа биз. Зээлийн төрлүүдийг аваад үзье л дээ. 2016 оны үед иргэд ипотекийн зээл буюу өмч хөрөнгөтэй болгох урт хугацааны, бага хүүтэй зээл их байсан. Харин одоо бол орлого нь амьжиргааныхаа зардалд хүрэхгүй байгаа учир хэрэглээний зээл дийлэнх хувийг эзэлж байна. Хэрэглээний зээлүүд нь хугацаа бага, өндөр хүүтэй байгаа учраас иргэд банк, санхүүгийн байгууллагад өндөр хүү төлж, давхар давхар зардлаа өсгөөд байгаа юм. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 2019 онд банкны нийт хэрэглээний зээлийг бууруулах зорилгоор тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 70 байсныг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр гаргасан. Монголбанк нь өөрөө ийм шийдвэр гаргаж банкнаас зээл авах дүнг багасгаснаар иргэд нь өнөөдөр яалт ч үгүй хэрэглээний зээл авах хэрэгцээтэй байгаа учраас банк бус болон бусад зээлийн үйлчилгээний газраас өндөр хүүтэй зээл авах нөхцлийг бүрдүүлчихсэн. ББСБ-д сарын 3-4 хувь, жилийн 36-48 хувийн хүү буюу банкнаас авснаас 2, 3 дахин зээлийн өндөр хүүнд иргэд дарлуулаад амьдарч байна. Үнэндээ дэлхийд байхгүй хүүтэй улс болсон байна. Иргэдээ ингэж зээл, өрийн дарамтад оруулсан нь иргэдийн амьжиргааг бүр л хүнд нөхцөлд аваачиж байна. ББСБ-ын мөнгө нь ер нь л хулгайны мөнгө гэж хэлэхэд хилсдэхгүй. Голцуу л хэдэн дарга, улстөрчид, тэдэнтэй ойр хүмүүсийн хулгайлаад олсон л мөнгө байгаа. Энэ мөнгө хүүлэлтэд жирийн иргэд л хохироод өндөр хүүг нь төлөөд амьдарч байна.

Төв банкны тухай хуулиараа Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэг байгууллага. Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтот ажлаа хийж чадаж байна уу. Сүүлийн 8 жилийн турш Монголбанк бодлогын хүүгээ 13 дээр барьж байгаад саяхан 12 хувь болгосон. Бодлогын хүүг ийм өндөр байлгаад байгаа нь зээлийн хүү өндөр байхад нөлөөлөөд байна. Төв банк нь 1 төгрөгөө 13 хувийн хүүтэй зээл гээд хүчээр тулгачиж байна. Банкны эзэд, банк бусын эздэд доод хүүг нь 13 хувь гээд тавиад өгчихөөр тэд хүүгээ тэрнээс дээшээ тавих нь тодорхой. Энийг мөнгө хүүлэлт гээд байгаа юм.

-Энэ их мөнгө хүүлэлтийн эсрэг яаж ажиллах ёстой гэж та бодож байна вэ?

Аливаа улсын эдийн засагт сангийн бодлого болон мөнгөний бодлого байна.

Татвар төлөгчдийн мөнгийг Засгийн газар удирдаад зарцуулж байгаа нь сангийн бодлого юм. Парламентийн засаглалтай оронд ялсан намын Засгийн газар энэ мөнгөөр намын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд зарцуулдаг.

Гэтэл нөгөө талдаа хамгийн чухал мөнгөний бодлого нь хаягдчихаад байна. Мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлдэг. Монголбанк маань засгийн газрын тохируулагч нь байх ёстой. Харамсалтай нь Монголбанк Засгийн газрын үгээр, тэдний гаргасан шийдвэрийн араас ажиллаад байна уу гэж анзаарагдаж байна.

Парламентын засаглалтай оронд Төв банкны шууд удирдлага нь УИХ. Монголбанк нь үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө тайлагнаж, жил бүр төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг боловруулж УИХ-аар батлуулдаг.

Тэгэхээр энэ инфляцийн өсөлт, ханш, үнийн өсөлт, зээлийн хүү зэрэг сая дурдсан энэ бүх асуудлыг шийдэхийн тулд Монгол банк маань ажлаа зоригтой хийж, үнийн тогтвортой байдлыг хангах бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Кабелийн телевизийнхээ төлбөрийг төлөөгүй үед ч иргэдийг зээлийн мэдээллийн санд шууд оруулдаг, муу түүхтэй мэтээр харуулдаг асуудалд иргэд маш их бухимддаг. Байгууллагууд хэт давуу эрхтэй, эсрэгээрээ иргэд нь хохирдог жишээ их. Төв банкнаас энэ сарын 16-ны өдөр Монголбанкны зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргаж, муу зээлийн түүхийг нь арилгахаар боллоо. Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Монголбанкнаас гаргасан мэдэгдлийг харахад энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх муу зээлийн түүхтэй бүх иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн түүхийг мэдээллийн сангаас арилгах тохируулга хийлээ гэж ойлгосон. Монголбанкны энэ мэдэгдэл мэдээж шууд утгаараа муу зээлийн түүхээсээ болоод зээл авч чадахгүй болчихсон иргэд, байгууллагын хувьд сайн мэдээ.

Ер нь бол зээлийн мэдээллийн санд чанаргүй, муу зээлийн түүхтэй байлаа гээд зээл олгохгүй гэсэн ямар ч хууль, дүрэм, журам байдаггүй. Зээлийн түүх гэдэг нь зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг илэрхийлж байгаа учраас банк, санхүүгийн байгууллагууд тухайн хүний өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, эрсдлийг тооцож зээл олгох эсэх шийдвэрээ бие даан гаргадаг. Арилжааны банкууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд чанаргүй зээлдэгчээр бүртгэгдсэн бол зээл олгохоос татгалзаж болно.

Зээлийн мэдээллийн сан, зээлийн мэдээллийн лавлагаа гэж байдаг. Энийг ялгаж ойлгох хэрэгтэй болов уу. 2011 онд батлагдаж байсан Зээлийн мэдээллийн тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн 19.1 дээр “Зээлийн мэдээллийн санд цуглуулсан зээлийн мэдээллийг уг санд хүлээн авсан өдрөөс хойш 10 жилийн хугацаанд хадгална” гэж заасан байдаг бол 11.1 дүгээр хэсэг дээр зээлдэгчийн сүүлийн 6 жилийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгадаг. Өөрөөр хэлбэл, таны зээлийн сөрөг мэдээлэл зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас зургаан жилийн дараа арилах боловч Монголбанкны зээлийн мэдээллийн санд 10 жил хадгалагдаж л байдаг юм. Харин Сангийн сайд нэг сайтад өгсөн ярилцлагдаа харилцагчийн зээлийн мэдээллийг 10 жил хадгалагддаг байсныг бид зургаан жил болгосон гэж ярьсан байна лээ.

Энэ оны нэгдүгээр сарын 22-нд нэг иргэн Монголбанкны зээлийн мэдээллийн санг шинэчлэх хуулийн төсөл санаачлах талаар санал гаргасан байсан. Монголбанкны зээлийн мэдээллийн санд иргэд ангилал буурч орсноор банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг. Мэдээлэл нь зургаан жил болж байж устаж буйг өөрчлөх. Зээлээ төлсөн иргэдийн ангиллыг хэвийн болгох хугацааг өөрчилье гэдэг санал. Тэгэхийн тулд Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн холбогдох хууль, журмыг өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан хэрэг. Гэтэл 100 мянган санал цуглуулах ёстойгоос ердөө дөрвөн мянга гаруй л хүн гарын үсэг зурсан байсан. Монголбанкнаас гаргасан мэдэгдлээр бол иргэдийн зээлийн лавлагаан дээр гарч ирэхгүйгээр тохируулсан ч хуулиараа зээлийн мэдээллийн сан байдгаараа байж байх ёстой болчихоод байна. Яагаад гэвэл хуулинд өөрчлөлт ороогүй.

Яг үнэндээ Монголбанкны шийдвэр сахилга баттай зээлээ төлж байсан иргэдэд шударга бус тусахаар байгаа. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 29.1 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаагаас 88.6 хувь буюу 25.8 их наяд хэвийн, үлдсэн 11.4 хувь буюу 3.3 их наяд нь хугацаа хэтрэлттэй, чанаргүй зээл байна.

Нийт зээлийн 60-аад хувь нь иргэдийн зээл байхад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн 74.5 хувь нь байгууллагынх байна. Эндээс харахад, иргэд ихэвчлэн цалин, тэтгэвэр, хадгаламжаа барьцаалж хэрэглээний зээл авдаг учраас хугацаа хэтрэлт, чанаргүй зээлийн ангилалд багтах нь бага. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд ч зээлийн мэдээллийн санд муу түүх үлдээхгүйн тулд аль болох хугацаандаа төлөхийг хичээдэг. Тэгэхээр энэ шийдвэр нь сахилга батгүй хэдэн томоохон аж ахуй нэгжүүдэд хамааралтай юу, магадгүй сонгуулийн жилтэй холбогдуулж гаргасан шийдвэр үү гэх хардалтыг төрүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Огноо:

,

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжийг гардууллаа.  
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд хүүхэд, залууст үлгэр дууриал, итгэл найдвар, хүч өгч, дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийллээ.
Сагсан бөмбөгийн 3x3 үндэсний шигшээ баг  тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.
 
Өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элч өргөмжлөлийг өмнө нь АНУ-ын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шарамжамцын Энхийн-Од, Хүннү рок “The Hu” хамтлаг, Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ганбаатарын Ариунбаатар нарт хүртээж байсан юм.

 

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын VIII их хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавилаа.  Илтгэлийнхээ эхэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулав. Засгийн газар нүүрсний хулгайг ил болгож, нүүрсийг биржээр арилжаалж, цахимжилт, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт эерэг үр дүн гарч байна. 2022 онд ДНБ 53.9 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон, экспортын орлого 2022 онд 12.5 тэрбум доллар байсан бол 2023 онд 15.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн, валютын нөөц анх удаагаа таван тэрбум ам.долларт хүрсэн. Засгийн газар өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийг төлсөн зэргийг Ерөнхий сайд онцлов.

Мөн дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой учраас Засгийн газар боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарч байна. Баклаврын сургалтын тодорхой шаардлагыг хангасан багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 100 хувь, багшийн мэргэжлээр ажлын болон ур чадварын шаардлага хангасан багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь, 15-аас дээш жил ажилласан багшийн хүүхэд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа бол төлбөрийг төр 100 хувь хариуцна.
Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийж байна. 2020-2024 онд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулж цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж, сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг халсан. Багшийн сургалтын тэтгэлгийг эхлүүлж, 5000 багшид олгох юм байна. Багш нарын англи хэлний мэдлэгийг сайжруулахад онцгойлон анхаарна. Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой гэдгийг тэмдэглэлээ. Цаашид боловсрол Баялгийн сантай холбогдоно. Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгө эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, баялгийн сангаас үүссэн хуримтлалын нэг хэсэг боловсролын салбарын шинэчлэл, инновац технологи болон хүний хөгжилд зарцуулагдана гэлээ.

Багш нарын VIII их хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш, оюутнуудад тэтгэлэг гардуулав.
Монголын багш нарын их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 1200 багш оролцож байна. Өнөөдөр багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ20 цаг 42 минут

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Тод мэдээ20 цаг 44 минут

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Тод мэдээ20 цаг 48 минут

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Тод мэдээ20 цаг 51 минут

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Тод мэдээ20 цаг 54 минут

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Тод мэдээ21 цаг 9 минут

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Өнөөдөр21 цаг 19 минут

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Өнөөдөр21 цаг 26 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Өнөөдөр21 цаг 30 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Өнөөдөр21 цаг 32 минут

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Тод мэдээ2024/04/24

Хүүхдийг 2 нас, ихэр бол 3 нас хүртэл харж буй эх, эцгийн ЭМД-ын шим...

Тод мэдээ2024/04/24

Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгал...

Тод мэдээ2024/04/24

Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна

Тод мэдээ2024/04/24

"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асу...

Өнөөдөр2024/04/24

Ээждээ зориулсан үг

Тод мэдээ2024/04/24

“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” Нью-Йорк хотно...

Тод мэдээ2024/04/24

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Өнөөдөр2024/04/24

Финлянд болон Эстонид байгалийн гамшигт үзэгдэл болжээ

Өнөөдөр2024/04/24

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Тод мэдээ2024/04/22

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо

Тод индэр2024/04/22

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая и...

Тод мэдээ2024/04/22

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ долоо хоногийн турш “...

Тод мэдээ2024/04/22

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээн...

Тод мэдээ2024/04/22

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон ба...

Тод мэдээ2024/04/22

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 ...

Өнөөдөр2024/04/22

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Өнөөдөр2024/04/22

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

Тод мэдээ2024/04/22

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

Өнөөдөр2024/04/22

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Тод индэр2024/04/19

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” ...

Санал болгох