Тод мэдээ
БШУ-ны сайд Дархан-Уул аймагт ажиллаж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Дархан-Уул аймагт ажиллаж, 2020-2021 оны хичээлийн жилийн явц, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хичээл сургалтын ажиллагаатай танилцав. Тус аймгийн ерөнхий боловсролын "Оюуны ирээдүй", "Од" сургууль, 7, 29 дүгээр цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, сайдын А/17 тоот тушаалаар батлагдсан түр журмын хэрэгжилт, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн зохион байгуулалтын боломж, бэрхшээл, сайжруулах арга замын талаар ярилцав. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 27 сургууль байгаагаас долоо нь 3 өдөр танхимд, 2 өдөр цахим хувилбараар хичээл, сургалтаа явуулж байна. Эдгээр сургуульд 464 бүлгийн 16560 суралцагч суралцаж байсныг 920 дэд бүлэг үүсгэн зохион байгуулжээ.
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд орон нутагт 86 цэцэрлэг, түүний өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсний нэг нь Дархан-Уул аймгийн 29 дүгээр цэцэрлэгийн шинэ барилга бөгөөд ирэх даваа гарагаас бяцхан шавь нараа хүлээн авахад бэлэн болжээ. Сайд шинэ цэцэрлэгийн барилгын чанар, хичээл сургалтын бэлтгэл зохион байгуулалттай танилцав. Мөн ердийн бүлгийн зэрэгцээ тусгай бүлэгтээ хүнд болон хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй 31 хүүхдийг хамран сургаж буй 7 дугаар цэцэрлэгийн хамт олонтой уулзаж, тэгш хамруулан сургах бодлого, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгч, багш нарын саналыг сонсов.
Сайд Л.Цэдэвсүрэн багш нартай уулзах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр туссан үйл ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, боловсролын салбарт технологийн дэвшлийг ашиглах, багш ажлын байранд ур чадвараа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах чиглэлээр саналаа хуваалцлаа.
Тод мэдээ
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаа үргэлжилж байна
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээ 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний нээлтийн үеэр өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг онцгойлон анхаарч 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон албан ёсоор зарлаж хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох, элит үр, техникийн шинэчлэл хийх, бордоо худалдан авахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал ажлыг зохион байгуулсан тухай болон тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчдийн хичээл зүтгэлийн үр дүнд ургац арвин жил болж байгаа"-г онцлон тэмдэглэсэн.
Мөн өнгөрсөн онтой харьцуулахад үр тариа, хүнсний ногооны ургац 20 хувь, малын тэжээл 40.0 хувь, жимс, жимсгэнэ 25 хувиар өсөхөөр урьдчилсан баланс гарсныг дурдлаа.
Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаанд нийслэл болон орон нутгийн хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуйн нэгж 3000 гаруй бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Үзэсгэлэн, худалдаа есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.
Ерөнхийлөгч НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснээ илэрхийлэв.
Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр дэвшүүлсэн санаачилгаа бодит үр дүнд хүргэхийн төлөө НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотлов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, улс төр, эдийн засгийн хөгжил нь тогтвортой Монгол Улс энхийг эрхэмлэгч орны хувьд бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв.
Тухайлбал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.
Тод мэдээ
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин 2023 оны есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлал үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.
Уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Тод зураг2020/03/18
Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
-
Өнөөдөр2023/09/22
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
-
Өнөөдөр2020/05/06
Ө.Энхтүвшин: Хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлэгт онцгойлон анхаарал хандуулна
-
Тод мэдээ2021/01/09
Холбооны мөрдөх товчооноос Гадаад Улсын авлигын хэрэг шалгах ажиллагааг өргөжүүл...
Сэтгэгдэл