Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 01 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм хүйтэн, цас багатай энгэр ээвэр газраар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-19 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 16-18 хэм хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 01 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14, 17-нд говь, талын нутгаар, 16-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 16-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Үйл явдал
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шат наймдугаар сарын 23-нд дуусна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулж бүртгэж байгаа.
2026 оны 8 дугаар сарын 11-ний 16:30 цагийн байдлаар нэгдүгээр шатны элсэлтийн бүртгэлд нийт 56,065 хүүхдийн хүсэлт илгээж бүртгүүлжэ.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
- Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Үйл явдал
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж байна
Монголын үндэсний өв соёл, бүтээлч үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээ, хоолны соёлыг нэг дор нэгтгэсэн “Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна наймдугаар сарын 11-нд эхэллээ.
Уг арга хэмжээ нь 2000 гаруй жилийн түүх, соёлоор аялуулах “Kharkhorum 360°” фестивалийн нэг хэсэг бөгөөд нийт 10 хоногийн турш үргэлжилнэ. Харин үндсэн “Kharkhorum 360°” фестиваль наймдугаар сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” төслийн хүрээнд үндэсний гар урлал, хувцас, гоёл чимэглэл, хоол үйлдвэрлэл болон бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Төслийн зохион байгуулагч Б.Оюунномин хэлэхдээ, Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үеийн хэв маягтай хослуулан олон нийтэд таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь арга хэмжээний гол зорилго гэдгийг онцолжээ. Мөн соёл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээр оролцогч аж ахуйн нэгж, уран бүтээлчдэд эдийн засгийн бодит үр өгөөж бий болгохыг зорьж байгаа аж.
Арга хэмжээг зорин ирсэн хүмүүс үндэсний өв соёл, уламжлалт урлалын бүтээлүүдтэй танилцахаас гадна гар урчуудын бүтээл хийх үйл явцыг дэргэдээс нь үзэх боломжтой. Түүнчлэн үндэсний болон орчин үеийн загварын үзүүлбэр, хөгжмийн зэмсэг урлах арга ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн танилцуулга зэрэг олон төрлийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Мөн төслийн хүрээнд өдөр бүр 19:00-22:00 цагийн хооронд үнэ төлбөргүй соёл, урлагийн хөтөлбөр зохион байгуулах бөгөөд контент бүтээгчид, урлаг, спортын салбарын уран бүтээлчид оролцсон тоглолт, үзүүлбэр, уулзалт, танилцуулгуудыг багтаажээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү төслөөр дамжуулан үндэсний өв соёлыг зөвхөн үзмэр хэлбэрээр бус, орчин үеийн хэрэглээ, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалтай холбон хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна олон нийтэд нээлттэй үргэлжилж байна.
Үйл явдал
Шатахууны нөөцийг жигд, хүртээмжтэй түгээх үүрэг өглөө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдаж, шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ.
Тодруулбал, шатахууны нийлүүлэлт нэмэгдэх хүртэл агуулахуудад байгаа нөөцийг жигд, хүртээмжтэй хуваарилж, түгээлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.
Мөн шатахууны тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулахад цагдаагийн байгууллага анхаарч ажиллах чиглэл өгчээ. Харин орон нутгийн удирдлагуудад байгаа нөөцдөө тулгуурлан малчид, тариаланчдад дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтаа сайжруулах зөвлөмж хүргүүлэх аж.
Түүнчлэн шуурхай штабаас шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд боловсруулж, тогтмол мэдээллээр хангахыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болголоо.
-
Хэн юу хэлэв...2021/12/15
ЗГ: 2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов
-
Дэлхий нийтээр..2024/08/28
Цахилгаан скүүтэр, сурронтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болго...
-
Дэлхий нийтээр..2024/01/03
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмлээ
-
Дэлхий нийтээр..2024/11/28
БНТУ-ын 12 мужид их хэмжээний цас орж, огцом хүйтэрчээ
