Тод мэдээ
СЕХ: Баримт бичгийг нягтлан шалгаж хүлээн авахыг үүрэг болгов

Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнэ, Норовын Алтанхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахаас түр хойшлуулсан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан.
Иймд, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг Үндсэн хуулиа дээдлэн иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдсэн юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай хуралдаж “үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх” гэсэн хуулийн зарчмыг баримтлан холбогдох шийдвэр гаргалаа.
Хуралдаанаас Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2021 оны А/27 тоот захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын хэсэгт Ардчилсан Намаас нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нягтлан шалгаж, зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авах үүрэг өглөө гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Авлигын эсрэг сургалтад 951 албан тушаалтныг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаанд хамаарах тушаал, дүрэм, журмыг хянан дүн шинжилгээ хийж, Эрчим хүчний яаманд 7 асуудал бүхий зөвлөмж хүргүүллээ.
Авлигын хор уршгийг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд төрийн байгууллагын нийт 951 албан тушаалтанд авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл, Авлигатай тэмцэх үйл ажиллагаа сэдвээр цахим болон танхимын сургалтыг зохион байгууллаа гэж АТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
ТББХ: УИХ-ын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ Д.Амарбаясгалан дарга хуралдаанд танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа дурдаад “Энэ хүсэлтээ сая Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлд танилцуулж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх тов, дараалалд оруулсан” хэмээлээ. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн иргэдийн итгэл, дэмжлэгийг авч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон болохоо хүсэлтийнхээ эхэнд Д.Амарбаясгалан дарга дурдав. Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн үр дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан МАН-аас нэр дэвшүүлснээр 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.
Тэрбээр “Өнөөдрийн улс төрд үүссэн хямралын шинжтэй үйл явдлууд нь МАН-ын даргын сонгуульд надад ялагдсан нөхдийн маань ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй үйлдлээс эхлэлтэй ч өдгөө Монгол Улсын парламентын ардчилал болон төрийн засаглалыг эрсдэлд орууллаа. Цаашилбал ард түмний төрд итгэх итгэл, дэмжлэгийг сулруулж, нийгмийг талцал, хуваагдалд хүргэн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Мөн сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөө тэмцэлдэх улайрал нь гүйцэтгэх засаглалын дүрэмгүй, хуульгүй, дураар авирлалт болж, төрийн эрх барих дээд байгууллага болон хууль, хяналтын байгууллагуудад Үндсэн хуулийг зөрчин нөлөөлж байна. Улмаар үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар бүхий л сувгаар түгээн, миний нэр төрийг гутаан доромжилж байгаа нь туйлын харамсалтай байна.
Иймд миний бие нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтад заасны дагуу гаргаж байна” хэмээсэн.
Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гарган, шийдвэрлүүлж байгаагаа тодотгоод “Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас хойш хуралдахаар товлосон ч ирц бүрдэхгүй, хэлэлцэх асуудлууд хүлээгдэж байна. Мөн миний хүсэлттэй холбоотой асуулт, саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тул Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг асуулт, саналгүйгээр шуурхай хэлэлцэн, шийдвэрлэж өгнө үү” хэмээн горимын санал гаргасан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 23 гишүүний олонх буюу 73.9 хувь нь горимын саналыг дэмжлээ.
Иймд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 23 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Сандаг-Очир холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд танилцууллаа. Төсөлд, Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр, Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын Их Хурлын даргын үүргийг хэрэгжүүлж байхаар тусгажээ.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулж асуух асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.