Дэлхий нийтээр..
УОК: Хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо" танхимаас цахимаар боллоо.
Хуралдаанд Коронавируст халдвар/Ковид-19/-ын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхболд, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Шуурхай штабын дарга,хурандаа Ц.Ганзориг нар тус тус танилцуулж, хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргалаа.
Хүн амын хөл, хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэж коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хяналтыг чангаруулна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгалаа.
Иргэд гэр бүлийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмээ сахин эрүүл агаарт гарах, явган аялал хийх зэргийг дэмжинэ. Хот, хооронд болон хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахгүй.
Худалдаа, үйлчилгээний салбарууд хууль, журамд заасан шаардлага, халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагууд хуульд заасан арга хэмжээ авч, халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.
“Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг тусгахаар боллоо.
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах, эмнэлзүйн багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гарсан үр дүнгийн талаар Улсын онцгой комисст 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор танилцуулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгов.
Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмийн хэрэгслийн хангалтыг тасралтгүй зохион байгуулна. Улсын хэмжээнд хүүхдийг вакцинжуулах ажлыг аюулгүй, өргөн хүрээнд зохион байгуулж, эцэг эхчүүдийг мэргэжлийн бодит мэдээллээр хангаж ажиллахад анхаарахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/08/08
Ш.Мөнхцэцэг: Түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэ...
-
Хэн юу хэлэв...2021/04/01
С.Төмөрдулам: Стандартын шаардлагад нийцэхгүй хашаа, хайсын судалгаа хийнэ
-
Дэлхий нийтээр..2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал...
-
Дэлхий нийтээр..2021/04/06
“Тусгаар тогтнолын үнэ цэн” хүүхдийн уран бүтээлийн наадмын шилдгүүд...
