Тод мэдээ
АТГ: Эрүүгийн 27 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 93 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 547 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 27 хэргийг шүүхэд шилжүүлэх, 28 хэргийг хаах, 6 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 484 хэрэг шалгагдаж байна.
Алт олборлодог аж ахуйн нэгжээс 200 сая төгрөгийн хахууль авсан Ц, багш нарын цалин дээр урамшууллын мөнгө бодож гаргуулан хувьдаа завшдаг Б, иргэдээс хураасан авто зам ашигласны төлбөрийг хувьдаа завшсан Б, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамжийг хувьдаа завшсан Н, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй Б, төрийн өмчид 64.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Д нарын зэрэг албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 27 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэв.
Түүнчлэн байгууллагын хөрөнгийг дураараа зарцуулж олсон орлогоос ашиг авсан, байгууллагын газрыг худалдан борлуулсан, татварын тайлангаар ямар ч бүртгэлгүй төрсөн дүүдээ буцаан олголт хийсэн, худалдан авах ажиллагаанд хамаарал бүхий этгээдээ оруулж шалгаруулсан, 120 сая төгрөгийн тендерийг шалгаруулалтгүйгээр өөртөө авсан, байгууллагадаа урьдчилан байдлаар 47.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл бүхий гомдол, мэдээллүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээн шалгаж байна.
Тод мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
Жендэрийн үндэсний хорооноос жил бүр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ аянд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна.
Тод мэдээ
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх бүтээлүүдүүдийг шалгарууллаа
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 04-нд зохион байгуулах гэж байна.
Тус эрдэм шинжилгээний хурлын I шатанд 46 бүтээл ирсэн бөгөөд зохион байгуулагч эрдэмтэн, судлаачдын баг II шатанд аман болон ханан илтгэлийг шалгарууллаа.
Шалгарсан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг хуралдааны үеэр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулах юм.
Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд бүх талуудын мэдлэг, ойлголт, оролцоо, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо онцгой чухал учраас энэ удаагийн хурлыг санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад суудлын 2 автомашин мөргөлдсөний улмаас 1 хүүхдийн амь хохирч, 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
