Тод мэдээ
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн хоногийн хугацаанд гал түймрийн найм, ой хээрийн түймрийн нэг дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс шар өвс шатсан гурван дуудлага ирснийг Гал түймэр унтраах, аврах ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоогийн 29-р гудамжинд хөрсний шар өвс шатаж байшин руу орж байна гэх дуудлага ирсэн.
Гал түймэр унтраах, аврах 26-р ангиас хоёр автомашинтай найман алба хаагч очиход нэг га газрын хөрсний шар өвс, 6х8 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг, 10 метр хашаа шатаж байсныг 14:00 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтрааж ажиллалаа.
Мөн Сүхбаатар дүүргийн 3-р хороо Ногоон талбайн 2-р гудамжинд хөрсний шар өвс, амбаар шатаж байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 13 алба хаагч гурван автомашинтайгаар очиход 6х4 хэмжээтэй байшин, 5х3 хэмжээтэй амбаар шатаж байсныг 14:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраалаа.
Нийслэлийн хэмжээнд он гарснаар ой, хээрийн түймрийн хоёр дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай унтрааж ажилласан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11-р хороо Зүүн богины аманд шар өвс шатаж байна гэх дуудлага дөрөвдүгээр сарын 6-ны 15:43 цагт ирсэн юм. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах зургаан ангийн 63 алба хаагч 13 автомашин, Pajero club 10 иргэн долоон автомашин, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 12 иргэн таван автомашин, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн найман албан хаагч, хоёр автомашин, мөн иргэн хуулийн этгээдийн 100 гаруй хүн зургаан мотоциклтэйгээр түймрийг бүрэн унтраалаа.
Хуурайшилтын улиралд гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, олон нийт ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: НОБГ
Тод мэдээ
Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, түүний гэргий Дорис Шмидауэр нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж Их тэнгэр цогцолборт дурсгалын мод тарилаа.
Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, гэргий Дорис Шмидауэр нар мөн энэ үеэр монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.
Тод мэдээ
“Бүртгэл-Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг эхлүүлжээ
Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бүртгэлийн хариуцлагыг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Бүртгэл - Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг өчигдөр эхлүүлжээ.
Гадаадын иргэнийг байрлуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь түүнийг Гадаадын иргэн, харьяатын газарт 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болох хуулийн зохицуулалттай. 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 14310 гадаадын иргэнийг цахим системээр бүртгүүлсэн байна.
Энэхүү бүртгэл нь зөвхөн хяналтын механизм биш, харин тухайн гадаадын иргэнийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хамгаалах суурь юм. Түүнчлэн бүртгэлийг үнэн зөв хийснээр жуулчдын аяллын маршрут бодитой гарах, маршрутын дагуу жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүс байгуулах бодлогыг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой.
Иймд гадаадын иргэнийг байрлуулж буй зочид буудал, амралтын газар, аялал жуулчлалын байгууллагуудыг аянд нэгдэж, цахим бүртгэлийн систем (e-mongolia.mn, isf.mn) ашиглан гадаадын иргэнийг бүртгүүлэхийг уриалж байна.
Тод мэдээ
Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг энэ зун бүрэн ашиглалтад оруулна
Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг Дархан хотын "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан.
Өнгөрсөн долоо хоногт усан паркийн хэвийн үйл ажиллагааг нарийвчлан шалгах туршилт, тохируулгын тестийг хийсэн. Туршилтын үеэр техникийн 1 асуудал илэрчээ.
Паркийг бүрэн ашиглалтад оруулахад дээрх техникийн асуудлыг засварлах шаардлагатай тул нээлтийн өдрийн тов тодорхойгүй байна.
Усан паркийг энэ зундаа багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
Өнөөдөр2019/06/17
УИХ-ын байнгын хороод хуралдана
-
Тод мэдээ2021/01/25
Найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо
-
Тод мэдээ2024/12/17
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллаг...
-
Тод мэдээ2022/03/07
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг "Шинэ сэргэлт" ур...