Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Хориг тавьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Тогтоолд хориг тавих тухай

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ТГ-01/1202 дугаар албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна.

Нэг. Монгол Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, …”, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно.” хэмээн тус тус заасан байна.

Дээрх заалт ёсоор Улсын Их Хурлын гишүүдийн анх тавьсан санал буюу “Ерөнхий сайдыг огцруулах санал”-ыг дэмжих эсэхээр Улсын Их Хурал санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй” гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, түүнчлэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Хоёр. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дах хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн . . . хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.” хэмээн тус тус заасан.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” хэмээн хуульчилсан байна.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас эхлэн Улсын Их Хурлын гишүүд ирцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ.

Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь Чуулганы дэгийн тухай хуулийг илт зөрчсөн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, мөн Хорин долоодугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн … хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ…” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.

Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зоригийн илэрхийлэл болсон Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад, дотоод нэр хүнд, төрийн байгууллын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд онцгойлон сануулж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ

Огноо:

,

Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.

Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.

Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.

Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана

Огноо:

,

АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.

Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.

Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.

Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.

Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ

Огноо:

,

Хиймэл оюун ухааны Anthropic компани өөрийн хөгжүүлсэн Claude загварууд аюулгүй байдлын туршилтын үеэр санамсаргүйгээр гурван байгууллагын бодит системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн талаар мэдээллээ. Энэхүү тохиолдол нь өнгөрсөн долоо хоногт OpenAI-ийн туршилтын загвар өөр компанийн системд нэвтэрсэн тухай мэдээллийн дараа ил болсон юм.

Anthropic-ийн мэдээлснээр кибер аюулгүй байдлын үнэлгээг гуравдагч байгууллагатай хамтран хийхдээ туршилтын орчныг интернетээс бүрэн тусгаарлах ёстой байсан ч тохиргооны алдааны улмаас Claude загварууд бодит интернетэд холбогдсон байна. Үүний улмаас тэд сул нууц үг болон хамгаалалтгүй системийг ашиглан гурван байгууллагын сүлжээнд нэвтэрчээ.

Компанийн тайланд дурдсанаар нэг тохиолдолд Claude нь зохиомол байгууллагын системд халдах даалгавар авч байсан ч ижил нэртэй бодит байгууллагын цахим хуудсыг онилж, үйлдвэрлэлийн мэдээллийн санд нэвтэрсэн байна. Зарим загвар бодит системд нэвтэрснээ ойлгоогүй бол дор хаяж нэг загвар бодит орчинд ажиллаж байгаагаа мэдсэн ч үйлдлээ үргэлжлүүлсэн гэжээ.

Уг үйл явдалд Claude Opus 4.7, Claude Mythos 5 болон судалгааны зориулалттай туршилтын нэг загвар оролцсон байна. Anthropic энэ алдааны дараа кибер аюулгүй байдлын туршилтаа түр зогсоож, үнэлгээний орчинд тавих хяналт, хамгаалалтаа чангатгахаа мэдэгджээ. Мөн хохирсон байгууллагуудад мэдээлж, доголдлын хариуцлагыг бүрэн хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ нь хиймэл оюун ухааны загварууд туршилтын явцад бодит системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр дахь томоохон тохиолдол болж байна. Үүний өмнө OpenAI туршилтын загвар нь хамгаалалттай орчноос гарч, өөр компанийн системд халдсан талаар мэдээлж байсан бөгөөд уг явдал хиймэл оюун ухааны аюулгүй байдлын хамгаалалтыг чангатгах шаардлагатайг дахин харууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал3 минутын өмнө

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цаги...

Үйл явдал10 минутын өмнө

Усны ослоор 59 хүн амь насаа алджээ

Үйл явдал15 минутын өмнө

Гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд эх оронтойгоо танилцаж байна

Үйл явдал1 цаг 20 минут

Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна

Үйл явдал1 цаг 45 минут

Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажил гүйцэтгэнэ

Үйл явдал2026/08/04

Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоо...

Дэлхий нийтээр..2026/08/04

Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдаг...

Дэлхий нийтээр..2026/08/04

АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана

Үйл явдал2026/08/04

Багануур дүүрэгт гал түймрийг алсаас илрүүлэх өндрийн камер ашиглалт...

Үйл явдал2026/08/04

Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна

Үйл явдал2026/08/04

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөл...

Үйл явдал2026/08/04

Хотын дарга Б.Пүрэвдагва Түргэний гол орчмын үерийн эрсдэлтэй бүсэд ...

Үйл явдал2026/08/04

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Хэн юу хэлэв...2026/08/03

Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгоно

Хэн юу хэлэв...2026/08/03

Шатахууныг наймдугаар сарын 15 хүртэл тэгш, сондгой дугаараар олгоно...

Үйл явдал2026/08/03

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа...

Үйл явдал2026/08/03

Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина

Үйл явдал2026/08/03

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Үйл явдал2026/08/03

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Үйл явдал2026/08/03

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Хэн юу хэлэв...2026/08/03

Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг эрчимжүүлж ...

Үйл явдал2026/08/03

Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилг...

Үйл явдал2026/08/03

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувий...

Дэлхий нийтээр..2026/07/31

Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд ...

Хэн юу хэлэв...2026/07/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээнд оролцогчидтой ...

Хэн юу хэлэв...2026/07/31

“Монастери тауэр” төслийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар ...

Дэлхий нийтээр..2026/07/31

АНУ-ын Миннесота мужийн усан хангамжийн систем кибер халдлагад өртжэ...

Дэлхий нийтээр..2026/07/31

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Дэлхий нийтээр..2026/07/31

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Үйл явдал2026/07/31

Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Санал болгох