Хэн юу хэлэв...
Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгоно
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, шатахууны нөөц бүрдүүлэлт, импортын нийлүүлэлт болон түр хугацаанд хэрэгжүүлэх зохицуулалтын талаар танилцууллаа.
Тэрбээр өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж эхлэхийг мэдэгдэв. Энэхүү зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой гэж тайлбарлалаа.
Мөн БНСУ-аас 20 мянган тонн дизель түлш, 20 мянган тонн автобензин, зургаан мянган тонн онгоцны түлш импортлох тохиролцоонд хүрсэн бөгөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийлүүлэлтийн гэрээгээ үргэлжлүүлэн байгуулж байгаа аж.
Г.Дамдиннямын мэдээлснээр, Монгол Улс одоогоор нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахуун нөөцлөх хүчин чадалтай боловч шатахууны хэрэглээ жил бүр дунджаар 14 хувиар өсөж байна. Иймээс Засгийн газар шатахуун хадгалах 22 сав, агуулах барих ажлыг эхлүүлээд байгаа юм.
Тэрбээр өмнөх жилүүдэд гурваас зургаан сарын шатахууны нөөц бүрдүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөрт тусгаж байсан ч хэрэгжүүлж чадаагүйг онцолж, энэ удаад шатахууны тухай тусгай хуулийг баталснаар эрх зүйн орчин бүрдэж, нөөцийн байгууламжуудын бүтээн байгуулалт эхэлснийг дурдав.
Төлөвлөгөөний дагуу энэ онд нэмэлт 15 хоногийн, 2027 онд нэг сарын, 2028 онд гурван сарын хэрэглээтэй тэнцэх шатахууны нөөц хадгалах хүчин чадал бий болгож, цаашид нийт зургаан сарын нөөцтэй болох зорилт тавьжээ. Ингэснээр гадаад зах зээл болон нийлүүлэлтийн эрсдэл үүссэн үед ч шатахуун, түлшний хангамж тасалдахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж тэрбээр мэдэгдлээ.

Хэн юу хэлэв...
АНУ-д урьдчилсан сонгуулийн дараах өрсөлдөөн ширүүсэв
Хэн юу хэлэв...
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Хэн юу хэлэв...
Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах үндэсний стратегиа танилцуулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.
Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах бага хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.
Уг төлөвлөгөө нь дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ. Үүнд:
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга
Эдгээр санаачилгын хүрээнд нийт 292 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар зорьж байна. Нэг төслийн дундаж санхүүжилтийн хэмжээ 700 мянган ам.доллар байхаар тооцжээ.
