Дэлхий нийтээр..
Манба Дацан хийдийн зурхайч, АУ-ы магистр Д.Сайнсайхан: Донш нь ямар жилтэй хүнийг ямар өдөр оршуулж болохгүйг заадаг
- “Шинжээ” буюу “Алтан сав”-ыг нээхийн тухайд хэнд хандах ёстой вэ? Энэ нь ямар учиртай билээ.
- Шинжээ гэдэг нь үхэгсдийн зурхай гэсэн үг. Судрыг нь “Алтан сав” гэж нэрлэдэг ба монголчууд Алтан сав, Шинжээ гэж ярьцгаадаг шүү дээ. Үүнийг хэн бүхэн нээхгүй энэ номын эрх авшиг авсан Зурхайч мэргэжилтэй хүн нээдэг. Энэ шинжээ буюу үхэгсдийн зурхайг нь зөв сайн гаргах нь маш чухал бөгөөд өнгөрсний дараах хамгийн түрүүний зурхай. Түүний дараа хойдохыг нь өгөх ёс бий. Гэхдээ хойдохыг тусгай тарни номын хүчийг бясалгасан лам уншина. Тодруулбал, сайн төрөлд төрүүлэхийн тухайтад Ботид буюу хойдохыг тусгайлан уншдаг. Төвөдөөр хүний биеийг лүй гэж байгаа юм. Орчуулбал үлдэгдэл гэсэн үг л дээ. Тэгэхээр хүн өнгөрөхөөр сүнс нь 49 хоногтоо төрлөө олдог бол бие нь үлддэг. Биеийг нь шинжээнд гарсны дагуу ном ёсоор оршоож, сүнсийг нь сайн төрлийг олох, үлдэж байгаа ар гэрийнхэнд нь хойшид гарах муу үр дагаврыг засах ач холбогдолтой зурхай юм.
- Шинжээ нээхэд ямар онцгой ёс жаяг байдаг вэ?
- Гандангийн настай гавж багш нар маань “Шинжээг нээе гэж шамддаггүй амьтны тус” хэмээн нээдэг. Бас шинжээг нь нээгээд, хойдохыг нь хамт авдаггүй ёс байсан. Харин шинжээг өөрөө нээгээгүй өөр хүний хойдох ирэхэд өргөл барьцыг гэрийнхээ хатавчинд хаяулж авч уншдаг ёсыг хардаг байлаа. Энэ нь эртний уламжлал юм.
- Оршуулах буюу гаргах өдрийн тухай хэлж өгөөч?
- Монголчууд өдрийг голчилдог ард түмэн. Хүний төөрөг, хувь заяаг зурахад ч өдөр маш чухал гэж үздэг. Тиймээс өнгөрсөн хүнийг гаргах өдөр маш чухал байдаг.
Шинжээнд гаргах өдрийг ч мөн адил анхаардаг. Ерөнхийд нь бол даваа, лхагва, баасан гарагт гаргадаг гэж ойлгодог ч, донш буюу дөрвөн хоосон өдрийн зурхайн дагуу тухайн хүний жилээс шалтгаалж нарийн тооцдог.
- Донш гэж юуг хэлээд байна вэ?
- Доншийг Монголын эм, зурхайг үндэслэгч Ламын гэгээний ёс жаягийн дагуу гаргадаг уламжлалтай. Донш гэдэг нь товчхондоо ямар жилтэй хүнийг ямар өдөр оршуулж болохгүй өдрийг заадаг. Жишээлбэл:
Гахай, хонь, нохой жилтэй өнгөрсөн хүнийг туулай, луу өдөр гаргахгүй.
Хулгана, луу, бич жилтэй хүнийг хонь, морь өдөр гаргахгүй.
Бар, морь, туулай жилтэй хүнийг хулгана, үхэр өдөр гаргахгүй.
Тахиа, үхэр, бич жилтэй хүнийг гахай, нохой, тахиа өдөр гаргахгүй. Хэрвээ энэ нь 1, 3, 5 дахь өдөр буюу нийтээрээ гаргадаг өдөр нь оршуулж таарвал өвчин зовлон, үхэл хагацал гарна гэж сударт тэмдэглэсэн байдаг.
- Буруудвал айхтар үр дагавартай байх нь ээ?
- Амьдрал дээр харахад мэдлэг дутмагаас алдаа гаргаад байна уу гэж хардаг. Хүмүүс “Манайхаас нэг хүн өнгөрснөөс хойш жил бүр ах дүүгээс маань хүн нас бараад байна” гэж ирнэ л дээ. Хэдийгээр 100 хувь үүнээс ганцхан холбоотой гэж хэлэхгүй ч, энэ нэг том нөхцөл нь болоод байх үндэстэй байгаа юм.
- Өөр анхаарах зүйл юу байгаа харагддаг вэ?
- Бас өнгөрсөн хүний хоногийг буруу тоолдог нийтлэг алдаа харагддаг. Өнгөрсөн өдрөөс нь нэг гэж тоолоод байдаг. Хоног гэдэг нь өдөр, шөнө нийлж 24 цаг буюу хулгана цагаас гахай цаг хүрч байж нэг хоног болдог шүү дээ. Тиймээс өнгөрсөн мөчөөс нь биш, дараагийн өдрийн яг тэр мөчид нэг хоног гэж тоолох ёстой. Жишээлбэл, өдрийн 12 цагт хүн нас барсан бол маргааш өдрийн 12 цагт нэг хоног болно гэсэн үг. Гэтэл хүмүүс өнгөрсөн өдрийг нь “нэг”, маргаашийг нь “хоёр” гээд тоолчихдог. Ингэснээр шид буух өдөр, 21, 49 хоног нь буруу болчихож байгаа юм. Мөн 49 хоног хураахад заавал тэр өдөр нь хураахгүй өмнө нь юмуу хойно нь өнгөрсөн хүний сайн өдөр нь байвал хурааж болдог.
- Өөр анхааруулж хэлмээр зүйл юу анзаарагддаг вэ?
- Монголчууд бид өмнө, хойд төрөл байдгийг мэддэг учраас буян хийхийг чухалчилдаг. Гэхдээ сүүлийн үед ажиглахад буяны ажил үйлийн цайллага, идээ ундаа, хөшөө дурсгалд нь илүү анхаардаг болж. Хүнд муу хэлүүлэхгүй, хүнээс дутахааргүй гэж бодоод гэж ярьцгаах юм билээ. Үнэндээ энэ бол өөрсдийнхөө сэтгэлийг дэвтээх гэсэн л бодол. Бас нутаг усанд нь оршуулна гэж хол замд гарцгаадаг. Багш дээдсүүд маань өнгөрсөн хүн очихыг хүссэн газраа шидээрээ маш түргэн очдог гэж айлддаг байлаа.
Өөр нэг зүйл нь өнгөрсөн хүний газрыг авахад илүү чухалчилж олон хүн явж газар лусыг савдагийг аргадаж, зөв сайн газар сонгосноор өнгөрсөн хүний хойд төрөл, үлдэж байгаа ар гэрийнхэн үр хүүхэд нь өөдлөн сайн явдаг байсан гэдэг. Ялангуяа эцгийн газрын замын доор бас буруу газар тавихыг маш их цээрлэдэг байсан уламжлалтай. Гэтэл одоо эсрэгээрээ ганц, хоёр хүн явж газрыг сонгоод, оршуулганд нь түүнээс олон хүн явдаг болчихож.
-Ярилцсанд баярлалаа.
Дэлхий нийтээр..
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
Дэлхий нийтээр..
Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ
-
Дэлхий нийтээр..2024/10/17
Охид, эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах т...
-
Дэлхий нийтээр..2023/10/19
ЗГ: Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны талаар танилц...
-
Дэлхий нийтээр..2020/09/04
БНСУ-д байгаа монгол иргэдийн анхааралд...
-
Үйл явдал2020/12/30
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
