Дэлхий нийтээр..
БНСУ-д байгаа монгол иргэдийн анхааралд...
Сүүлийн өдрүүдэд БНСУ-д коронавирусний халдвар маш эрчимтэй тархаж 7 хоног дараалан нэг өдөрт 200-300 тохиолдол шинээр илэрч байгаа тул БНСУ-д улс даяар хорио цээрийн дэглэмийг 2 дугаар шатлалд, 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийслэл Сөүл болон ойр орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийн эцсийн шатны өмнөх буюу чангатгасан 2.5 дугаар шатлалд тус тус шилжүүлээд байна. БНСУ-ын эрүүл мэнд, хорио цээрийн байгууллагаас ард иргэд нийтээрээ хорио цээрийн дэглэмжийг хатуу мөрдөж, нийгэмд зай барих, амны хаалт зүүх, хүнс зэрэг өдөр тутмын шаардлагатай зүйл худалдан авах болон ажилдаа явахаас бусад үед аль болох гадуур, олон нийтийн газраар явахгүй гэртээ байх, уулзалт, хоол зэрэг олон нийтийн арга хэмжээг цуцлах, хойшлуулах, 10-аас дээш хүн нэг дор цугларахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна. “Хоорондоо зай барих” дэглэмийг хүн бүр хариуцлагатай хэрэгжүүлэх нь БНСУ-д цар тахлын 2 дах давалгааг тогтоон барих гол арга зам гэж үзэж байна.
БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэд нь хорио цээрийн онц байдлын үеийн энэ журмыг солонгос иргэдийн адил дагаж мөрдөх үүрэгтэй. БНСУ-ын Эрүүл мэндийн тухай хууль, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хорио цээр, халдвар хамгааллын дэглэм, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлага, зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд буруутай этгээдийг 3 сая хүртэл воноор торгох, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Мөн эрх бүхий байгууллагаас тогтоосон халдвар хамгааллын дэглэмийг санаатайгаар зөрчсөн, бусдад тархаах нөхцөл бүрдүүлсэн бол учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх, эмчилгээний зардлыг зөрчил гаргасан гадаадын иргэн өөрөө хариуцах хуулийн зохицуулалт үйлчилж буйг манай иргэд ойлгон ухамсарлаж, оршин сууж байгаа улсынхаа халдвар хамгааллын дэглэмийн журмыг хатуу сахиж мөрдөхийг анхааруулж байна.
2020 оны 3 дугаар сараас хойш БНСУ-аас нийт 15 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3467 иргэн нутаг буцсан. 8 дугаар сарын 21-ний байдлаар тус ЭСЯ-нд нийт 4686 иргэн өргөдөл ирүүлсэн байна. Иргэдийн зүгээс тавьж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх, тусгаарлах хугацааг богиносгох, бусад авиа компаниудыг нислэг үйлдүүлэх, ЭСЯ-нд өгсөн өргөдлийн дагуу нислэгт хамруулах зэрэг иргэдийн зүгээс тавьж буй санал хүсэлт, шаардлагыг Гадаад харилцааны яам, УОК-т тухай бүр танилцуулж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна. ЭСЯ-ны Консулын хэлтэст суулт хийж байгаа иргэн нэг бүртэй уулзаж, хувийн гачигдалтай асуудлуудыг сонсож ярилцсан. Эдгээр иргэдээс ар гэрт нь хагацал зовлон учирсан зэрэг зарим нэг иргэдийн асуудлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн УОК-ийн Шуурхай штабт танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Иргэдийн зүгээс тавьж буй дараалал үл харгалзан яаралтай явах, хэн нэгний оронд солигдож явах зэрэг шаардлага нь нутаг буцахаар өргөдөл өгч хүлээж байгаа бусад 4600 гаруй иргэний эрх ашгийг үл хүндэтгэсэн хэрэг болох тул ЭСЯ ийм шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно.
БНСУ-д оршин сууж буй манай иргэд суугаа орныхоо хууль журмыг хүндэтгэж, хорио цээрийн дэглэмжийг хатуу сахиж, өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд ойр дотны хүмүүсээ цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2023/11/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/10/03
“Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын жендэрийн салбар зөвлөл&qu...
-
Дэлхий нийтээр..2023/04/10
АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
-
Дэлхий нийтээр..2021/03/31
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.03.31/
