Дэлхий нийтээр..
Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ноён Жэймс Лиотта Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд тус танхим нь Улсын Их Хурал, түүний Тамгын газартай удаан хугацааны туршид үр өгөөжтэй хамтран ажилласан түүхтэй болохыг онцлов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, АНУ хоорондын харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа болохыг тэмдэглэж, энэхүү харилцаа нь стратегийн түншлэлийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчидтай тогтвортой, нягт хамтран ажиллаж байгааг дурдаж, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тогтвортой, тууштай бүрдүүлэх зорилтын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам байгуулсан. Иймд Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдээс худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын болон үндэсний компаниудын Монгол Улсад бизнeс эрхлэх боломж, эрх зүйн орчны талаарх санал бодлыг нь сонсох, санал солилцоход таатай байх болно гэв.
Ноён Жэймс Лиотта хэлэхдээ, Монгол дахь Америкийн худалдааны танхимын даргын хувьд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Саяхан Нью-Йорк, Вашингтон ДиСи, Сан Франциско хотуудад бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих уулзалтуудыг зохион байгуулсан. Энэ хүрээнд 2022 оны 6-р сарын 21-23-ны өдрүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, Монгол дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран “Doorknock 2022” уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Doorknock 2022 уулзалтад оролцож буй төлөөлөгчид нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаас бүрдсэн бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах, ялангуяа хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийг дэмжих зэрэг асуудлаар Монгол Улсын төрийн дээд байгууллага, холбогдох яамны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж байна гэв.
Талууд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, өнөөгийн эдийн засгийн сорилт зэрэг сэдвүүдээр санал солилцлоо.
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2026/08/03
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
-
Тод зураг2020/01/16
Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглон...
-
Дэлхий нийтээр..2021/11/10
Хурлын Хороод Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний т...
-
Дэлхий нийтээр..2022/01/13
ӨНӨӨДӨР: УИХ-ын хүндэтгэлийн чуулган болно
