Дэлхий нийтээр..
Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, Монгол Улсад анх удаа байгуулагдсан Ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцлоо.
1,000 тн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд манлайлан оролцож буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв.
Тус төв ашиглалтад орсноор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжих үндэс бүрдэж байгааг онцоллоо.
Мод тарих, ургуулах, хамгаалах бүхий л циклийг агуулсан, үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, инновацын цогцолборыг байгуулахаар төлөвлөж, өнөөдөр ойн генетик нөөцийн төвийг Монгол Улсад анх удаа барьж байгуулан ашиглалтад хүлээж авч байгаад баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 10 жилд 100 сая модыг тарьж, ургуулах амлалт авсан билээ.
Энэ зорилтынхоо хүрээнд мод тарьж, ургуулах шинжлэх ухааны үндэслэлтэй цогц үйл ажиллагаа явуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийг байгуулахаар төлөвлөсөн байна.
Үүнд 1,000 тн хүчин чадалтай модны үрийн, биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төв, жилд 500м3 ашигт бактери бүхий үржил шимт хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолборын бүтээн байгуулалтын төслүүд багтаж байгаа юм.
Өнөөдөр ашиглалтад орж буй Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц, суулгац хадгалах агуулах, хүлээн авах хэсэг, гүн хөлдөөх хэсэг, сургалт, уулзалтын танхим зэрэг хэсгээс бүрджээ.
Тус төв нь иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулах юм.
Цаашдаа тус төвд байгалийн ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол оронд ургаж буй, ховордож буй олон ургамлын үрийг хадгалан хамгаалах онцгой үүрэгтэй гэдгийг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул хэллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг нь гардууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ирэх 10 жилд 100 сая модыг орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.
Үүнд:
- Мод-хүнсний хоршил бүхий өрхийн аж ахуйг дэмжих, говь, хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, агро ойн зарчмаар 30 сая мод,
- Хангайн бүсийн гол мөрний усны нөөц, голын татмын ус зохицуулах үүргийг нэмэгдүүлэх зорилгоор 30 сая мод,
- Хамгаалалтын ойн зурвас байгуулахад 20 сая мод,
- Орхон, Булган аймаг орчимдоо 20 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийгээд байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2023/05/18
Дотооддоо 3 сая гутал үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэв
-
Үйл явдал2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
-
Дэлхий нийтээр..2023/04/28
Компанийн засаглал түүний ач холбогдлын талаар хэлэлцлээ
-
Үйл явдал2025/10/06
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
