Дэлхий нийтээр..
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан боллоо
Хуралдааны үеэр Комиссын XVI хуралдааны протоколын хэрэгжилт, хоёр улсын худалдаа, эдийн засаг хамтын ажиллагаанд гарсан амжилт, дээд, өндөр түвшний айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийг дүгнэж, дараагийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх гол зорилт, арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.
Цар тахлын нөхцөлд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, харилцан ойлголцол нэмэгдэж, хамтын ажиллагаа тасралтгүй өрнөж буйд талууд сэтгэл хангалуун буйг илэрхийлэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНХАУ-ын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлж, хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг урагшлуулах, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов. Хуралдаанаар “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг эцэслэн тохиролцов.
Хоёр улсын хоорондын худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох зэрэг асуудлаар ярилцав.
БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн хоорондын комиссын XVII хуралдааны дүнгээр хоёр тал протокол байгуулав.
Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
-
Үйл явдал2019/10/02
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
-
Үйл явдал2025/05/19
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/11/10
АНУ-ын Денвер хотын төв болон уулархаг бүсэд 24.5 см цас оржээ
-
Үйл явдал2025/01/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Э...
