Дэлхий нийтээр..
ЗГ: “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд болж, “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сан байгуулах ажил хийгдэж буй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой дараах багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Засгийн газраас Үндэсний баялгийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг группийн зарчмаар ажиллуулах шийдвэрийг 2022 оны тавадугаар сард гаргасан. Энэхүү шийдвэрийн үргэлжлэл болгож өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр тус компанийг группийн зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээж, компани цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, IPO босгох, хөрөнгийн зах зээл дээр ажиллах, харьяандаа ажиллаж буй уул уурхайн компаниудын менежмент, зохион байгуулалт, хүний нөөц, худалдан авалтын бодлогуудыг нэгдсэн байдлаар явуулах боломжийг бүрдүүлэх юм.
2. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд ажиллуулах шийдвэр 2022 оны тавдугаар сард гарсантай холбоотой юм. Энэхүү шийдвэр гарснаар дээрх хоёр ТӨҮГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, бизнес төлөвлөлт, бүтэц, үр ашигт байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” ХХК зохион байгуулна.
3. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-г “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд ажиллуулж, металлургийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулалт, бусад асуудлыг шийдвэрлэн зохион байгуулахаар боллоо. Мөн тус компанид хэрэгжиж байсан Концессын гэрээг цуцалсны дараа хийгдсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.
4. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр зогсоож, “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэн өөрчлөн зохион байгуулна. Энэ нь төрийн өмчит компаниудын чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг шуурхай зохион байгуулахад ач холбогдолтой гэж үзэж байна. Тогтоол батлагдсанаар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд төлөвлөсөн 5,6 тэрбум төгрөгийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хэмнэнэ.
5. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Монголын төмөр зам” хэрэгжүүлнэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК үргэлжлүүлэн санхүүжүүлж, төмөр замын үйл ажиллагаа, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд “Монголын төмөр зам” ТӨХК мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
